Ус “уйлж” байна
Ус юунаас ч хэрэгтэй.
Усыг юугаар орлуулах вэ?
Уснаас уучлал гуйгтун!
Оросын эрдэмтэн Пасынский, АНУ-ын эрдэмтэн Миллер нарын өөр газар хийсэн туршилтын ажлын дүн ус амьд эсийг бий болгоход юугаар ч орлуулж үл болох орчин, амьдралыг жинхэнэ тэтгэн бойжуулагч болохыг нотолсон байдаг тухай хэвлэлд нийтэлсэн байдаг.
Хүний биеийн 2/3 хувь уснаас бүрэлдэн тогтдог учир хоолгүй 40 хоног амьд явах чадвартай атлаа усгүйгээр дөрөв хоног бараг амьд байж чаддаггүй. Амьд организм биеийнхээ шингэний 10 хувийг алдахад зовиуртай байдалд шилждэг. Дэлхийн нийт усны 2.5 хувийг цэнгэг ус эзлээд зогсохгүйн дээр авч ашиглахад хялбар бус мөсөн гол, хөрсний ус, чийг зэргийг хасвал хүн төрөлхтөн бид дэлхийн усны нийт нөөцийн 0.003 хувьтай тэнцэх цэнгэг уснаас ундаалахад хүрч байгаа нь айдас төрүүлнэм.
ДЭЛХИЙН ХҮН АМЫН 30 ХУВЬ УСААР ГАЧИГДАЖ БАЙНА
1980 оны эхээр гаргаж байсан Ус ашиглалт, хамгаалалтын улсын албаны тайлангийн нэгтгэлээс үзэхэд нэг тонн ноос угааж боловсруулахад 132 шоо метр, нэг тонн өнгөт металлыг хүдрээс ялган авахад 106 шоо метр, 1000 кВт цахилгаан энерги үйлдвэрлэхэд 51 шоо метр, 1000 м2 шир элдэж боловсруулахад 83 шоо метр ус шаардагдаж байсан тоо гарч байна. Манай эрдэмтдийн судалгаагаар малын биеийн чийглэг чанар хангагдаагүйгээс ноосны гарц 10.0 хувь, сүүнийх 30-35 хувь, амьдын жин 25.0 хүртэл хувиар буурдгийг тогтоожээ.
Дэлхийн хүн амын 16.9 хувь нь өлсгөлөн, хагас өлсгөлөн байгаа тул хүнсний хангамжийг сайжруулахын тул хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 60-аас багагүй хувиар нэмэгдүүлэхэд хүргэж байна. Гэтэл нийт тариалах талбайн 17.0 хувь нь усалгаатай атал нийт ургацын 40.0 хувийг өгч байна. Олонх орны байдлаас харахад усны нөөцийн 90-ээс илүү хувийг хөдөө аж ахуйд зарцуулсан тоо баримт бий. Нэгэн дээвэр дор бор өдөр, хоногийг эвтэй найртай, зөрчил тэмцэлтэй өнгөрүүлж байгаа хүн төрөлхтний 30 орчим хувь нь усаар гачигдаж хугацаанаас өмнө ертөнцийн мөнх бусыг үзэж байгаа үхлийн шалтгааны 80 орчим хувь нь бохир уснаас үүдсэн халдварт өвчин болж байна. 1992 онд Рио-Де-Жанейро хотноо болсон “Усны арван хоног”-ийн мэдээллээс үзэхэд дэлхийн нийт хүн амын дөнгөн данган 33 хүрэхтэй үгүйтэй хувь стандартад тохирсон ундны цэвэр усаар хангагдсан дүн гарчээ.
ЭРҮҮЛИЙГ ХҮСВЭЛ УСЫГ ДЭЭДЭЛ
1990 оныг 1955 онтой харьцуулахад нэг хүнд ногдох цэнгэг ус Энэтхэг улсад 54 хувиар буурч, 2025 он гэхэд энэ бууралт 69 хувьд дөхөх хандлагатай байна. Ийм дүр зураг эдийн засгийн хөгжлөөрөө бусдыгаа давамгайлж байгаа Хятад оронд ч ажиглагдах боллоо. Афганистаны нэг хүнд ногдох ус одоо байгаагаас 2025 оны түвшинд 70 орчим хувиар багасч зарим нутаг, бүст нэг хүнд хоногт 900 грамм ундны ус хуваарилагдахад хүрлээ. Уур амьсгалын харьцангуй таатай нөхцөлтэй, хөгжингүй, бат бэх, тогтвортой эдийн засагтай, жилд 40.0 тэрбум шоо метр ус хэрэглэдэг Герман орон энэхүү хэрэглээнийхээ 63 хувийг дулааны цахилгаан станцын хэрэгцээнд, 25 хувийг аж үйлдвэрт, 12 хувийг нийгмийн бусад зориулалтаар зарцуулж байна. Энэ оронд өдөрт нэг хүн дунджаар 135 литр ус хэрэглэдгээс 30 хувийг ариун цэврийн өрөөний ус зайлуулгад, 12 хувийг хувцас, 30 хувийг усанд ороход, зургаан хувийг сав суулга угаахад, зургаан хувийг хувийн ариун цэвэр сахихад, зургаан хувийг автомашин угаахад, дөрвөн хувийг унд, хоол бэлтгэхэд, зургаан хувийг бусад зориулалтаар ашиглаж байгаа мэдээтэй байна. Экологичид, эдийн засагчид энэ мэдээг сонсоод “Бид чинь ундныхаа усанд умбаж, шумбаж байна уу” гэж халаглан алмайрсан удаатай.
1998 онд гаргасан олон улсын байгууллагын судалгаа нийт хүн амын 92 хувь усыг хамгийн бага хэмжээгээр, гурван хувьд бүрэн хүрэлцэх хэмжээгээр нийлүүлж таван хувьд нь ус хүрэлцэхгүй байгаа гэсэн дүгнэлтэд хүрсэн бол 2050 оны түвшинд хамгийн бага хэмжээгээр ус хэрэглэгчдийн тоо 58 хувь буурч, бүрэн хүрэлцэх хэмжээгээрээ ус хэрэглэгчдийн тоо 18 хувь хүртэл, усаар гачигдагсдын тоо 24 хувь хүртэл өсөх хандлагатай байгаа юм. Нэг талаас усны нөөцийн нэг хүнд ногдох хэмжээний хомсдол, нөгөө талаас хяналтгүй салан палан хэрэглээ нь ухаан саруул хүн бүхний сэтгэл санааг ихэд хирдхийлгэх боллоо. Африкийн оронд эмэгтэйчүүд 20 литрийн багтаамжтай хавчигтай (торх) усыг толгой дээрээ авч одох нь хэвийн үзэгдэл байхад онгоцоор нэг зорчигчийг 20 кг ачаа авч явахыг зөвшөөрч байгаа. Ийм хүнд хөдөлмөр байнга эрхэлж байгаа, ядарсан эхээс төрсөн үр, бие бялдрын чийрэгжилт муутай, эрүүл саруул бус багачуудын оюун санааны хөгжил сул, тэрчлэн тэр газар насанд хүрээгүй хүмүүс хар багаасаа биеийн хөдөлмөр эрхэлдэг нь нууц биш боллоо. Дэлхийн банк хаягдал усны 95 хувь нь гол болон усны бусад эх үүсвэрт орж зөвхөн таван хувь нь л цэвэрлэгдэж байдгийг тэр тусмаа Буэнос Айрес хотод хаягдал усны зөвхөн хоёр хувь л цэвэрлэгддэг гэдгийг тайлбарлаж байна. Токио, Бомбей, Шанхай, Даккар, Манила, Банкгог, Сөүл зэрэг 1950-иад оны Лондон, Нью-Йорктой адилтгаж болох олон хотууд бий болжээ. Гэтэл ийм томоохон хотуудын хүн амын тал хувь нь гудамж, ус дамжуулах хоолой болон сувагжуулалтгүй нөхцөлд амьдарч байна.
Энэ хэмжээ зарим газар тухайлбал, АддисАбебад 79 хувь, Луандад 70 хувь, Калькуттад 67 хувьд хүрээд байна. НҮБ-ын тооцоогоор 2010 онд 3,1 тэрбум хүн, 2030 онд дэлхийн хүн амын тэн хагас нь хотод амьдрах болж байна. Нөгөөтэйгүүр, хөдөөд байгалийн эрсдэл ихтэй, усны хангалт муугаас шалтгаалан хот руу ихээхэн нүүдэллэх төлөвтэй болжээ. Ус дамжуулах хоолойн 1 мм голчтой нүх сүвээр сард 15000 литр ус алдагдсанаас буурай хөгжилтэй, хөгжил султай орнуудын олон хот ундны усныхаа 30 орчим хувийг үр ашиггүй алдахад хүрдэг. Усан цахилгаан станцууд 1996 он байдлаар голлох байгалийн энергийн 2,6 хувь буюу дэлхийн нийт үйлдвэрлэлийн 19 хувийг үйлдвэрлэн гаргаж байв. Энерги үйлдвэрлэлийн хувьд 2015 оны түвшинд наанадаж 20,2 тэрбум тонн нэгж чулуун нүүрс шаардлагатай байгаа учраас ихээхэн хэмжээний нефть, байгалийн хий хэрэгтэй болж байна. Гэтэл ийм хэрэгцээг хангахын тулд ус цэвэрлэх, цэнгэг ус үйлдвэрлэхэд шилжүүлсэн нэгжээр нэг тэрбум тонн нэгж чулуун нүүрс хэрэгтэй болох тооцоотой юм.
УС ХЭМНЭВЭЛ ДУЛААН, ЭНЕРГИЙН ТҮҮХИЙ ЭД ХЭМНЭХ БОЛОМЖТОЙ
Олонхи оронд усыг үнэгүй эсхүл тусламж хэлбэрээр түгээдэг нь ухаалаг биет баримтлалттай зөрчилдөж байна. Гэхдээ зарим газар тодорхой хувиар төлбөр өсч байна. Тухайлбал, усны жинхэнэ бодит үнийн тухайд, Пакистаны тариачин 13 хувийг, Калифорнийн фермер хоёр хувийг төлж байна. Гэтэл Германд нэг тонн ус хэрэглэсэн, ашигласанд 2,2 ам.доллар төлж байгаа мэдээ бий. Хөдөө аж ахуйд “ногоон хувьсгал” хийх, аж үйлдвэрт ус их шаарддаг технологийн хандлага дэлхийн өнцөг булан бүрт байгаагийн дээр ус гэдэг “ховор бүтээгдэхүүн”-ийг хуваарилах, ашиглалтад тавих төрийн хяналтыг өндөржүүлэхэд хүргэж байна. Гэтэл усыг төлбөртэй болгосон нөхцөлд хүн бүр санхүүгийн ачааллыг даахгүй нь тодорхой байна. Гэвч төрийн зохицуулалттайгаар усыг үнэтэй болгохоос өөр арга замгүй болж “Зэлтэрийн гацаа”- нд орох төлөвтэй. Ус хэдий олон хүний амьдрал, хөгжлийг дэмжих сайн талуудтай “ховор бүтээгдэхүүн” боловч бас савнаасаа халиад ирэхээр аюул эрсдэл дагуулж асар их хэмжээний материаллаг хохирол учруулж байгаль эхийн хишиг болох ургамал, ан амьтад, экологи орчинг эвдэн сүйтгэж байдгийг тэмдэглэхгүй өнгөрч болохгүй юм.
Иймээс ч олон орныг эдийн засгийн сульдаанд хүргэдэг гашуун сургамж түүхэнд бишгүй олон бий. Хүчтэй үер, цасны нурангаас шалтгаалан гол, усны давхар аюул нөмөрдөг тал бий. Хятад улсын Байгаль, орчныг хамгаалах алба 1996 онд голын усны түвшин 78 хувь дээшилж эрэг, хашлагаа халин хот усанд автахад ундны усны бүх эх үүсвэр хэрэгцээ хангахгүй болдгийг тогтоожээ. Энэ бохирдол зарим үед арилахгүйгээс гадна нэн ялангуяа гол, мөрний дагуу байрласан олон мянган үйлдвэр, аж ахуйн газар хаалгаа барьснаар нийгэмд ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх нэг шалтгаан ч болдог. Үүнийг дагалдан нийгмийн чанартай олон асуудал шил шилээ даран бий болж төр, засгийн зохицуулалтыг хүндрүүлээд зогсохгүй үй олон иргэдийн амьдрал, аж ахуйд сүйрэл авчирдаг. Үүнээс ч илүү гай гамшиг бий болгодог гэдгийг үгүйсгэх аргагүй юм. Мерилен дахь NASA төвийн эрдэмтэд дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт 88 томоохон ус хадгалуурт суулт гарахад дэлхийн эргэлтийн өнцгийн хурд нэмэгдэх, тодруулбал 40 жилийн өмнөхөөс өдөр бүр секундын найман саяны нэг эгшингээр хурдасдгийг тогтоожээ. Энэ нь улмаар дэлхийн бөмбөрцгийн тэнхлэгт нөлөөлөхийг үгүйсгэхгүй байгаа юм. Зарим талаар өндөр далан барих арга өргөн нэвтэрсэн ч тэр нь экологи-газарзүйн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй гэх баттай нотолгоо алга байна. Дэлхий даяар усны хор хөнөөлөөс хамгаалах, усны аливаа барилга, байгууламж барих ажилд илүү иж бүрнээр хандахыг чухалжилж байгааг гадаадын хэвлэлүүдэд тэмдэглэн үлдээжээ.
УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙН ҮҮСЭХ НӨХЦӨЛ БИЙ БОЛЖЭЭ
Нефтиэс чухал, алтнаас үнэтэй дэлхийн зах зээлд нефть, алтны адил арилждаггүй, дамын наймааны объект болдоггүй ч хүн төрөлхтний хэрэглээний хамгийн чухал түүхий эд нь ус юм. Одоо, дэлхийд улс орнуудыг дамнан урсдаг 214 гол, мөрөн байдгаас 155 нь хоёр улсын, бусад нь гурваас 12 улсын нутгаар урсдаг. Цэвэр усны хүрэлцээ муу, аль эсвэл илүүдэл нь улс хоорондын зөрчилдөөн, мөргөлдөөн, үл ойлголцлын анхдагч үндэс болж байна. Үүнийг Сараево, Сомали болон Нил мөрний дагуу оршдог Эфиопи, Судан, Египет бусад Ойрхи Дорнодын орнууд, Балба, Энэтхэг, Бангладеш, Тайланд, Камбож, Вьетнам, Ботстван, Намиб зэрэг орнуудад болсон хэрэг явдлууд тодоос тод гэрчилж байгаа юм. Зарим жишээг тодруулбал, Иорданд байгаа усанд хяналт тавих үүднээс Израйль улс Голанийн өндөрлөгийг эзэлж авсан. Холбооны Бүгд Найрамдах Герман улсын гадаад яамны сайд асан Кинкель “Ус улам улам стратегийн бүтээгдэхүүн болж байна. XXI зуунд хэн хамгийн их итгэлийг усанд өгч байна тэр улс төр, аж ахуйн болон нийгмийн илүү давуу талтай. Ус нефтиэс ч чухал” гэж илтгэлээ олон удаа эхэлсэн байдаг. 1991 онд Египетийн Ерөнхий сайд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Бутрас Галид “Ойрхи Дорнод дахь дараагийн дайн улс төрийн шалтгаанаас бус усны нөөцөөс болж гарна” гэж мэдэгдэж байжээ. Эдгээр хүмүүсийн түүхэнд тэмдэглэн үлдээсэн үгс оргүй бишээ. Өнөө хүртэл олон оронд “Усны эх үүсвэр эзэмшигч нь улс төр, нийгмийн шийдвэрлэгч байдаг тогтолцоо” байсаар байгааг үгүйсгэж болохгүй юм. Устай холбогдсон тоо, баримтаас түүвэрлэн жишээ татахад дээрх дүгнэлт үүдэд хүрч байна. Усны өмнөөс ухвар миний бие уншигч танд өчил өргөн баримуй. Унаган байгалиа сэргээж тордох, усны нулимсыг хатаан арчих нь эгнэгт хүмүүний ёсон, эх оронч үзэл санааны эхлэл бөлгөө. Усыг эв эеэ олж зохистой үр дүнтэй ашиглах нь энх тайвнаар зэрэгцэн оршихын тулгуур, зөрчилдөөн, тэмцэл, үл ойлголцлын нурмыг бөхөөгч, аюулын галыг найдвартай унтраагч манаач юм.
Ус намайг чандлан дээдэлвээс
Уярч, ургуулж, ундаалж
Ус намайг гарзанд орхивоос
Уурлаж, хонзогнож хохироож ч чадна
“Монгол-Ус” ТӨҮГ
Т.Норовжав
URL: