О.Цолмон МАХН-ын удирдлагууд Н.Энхбаяраас нүүр буруулсныг нотоллоо

1_1363659279“Шударга ёсны төлөө тэмцэхийн тулд эр зориг хэрэгтэй. Шударга байхын тулд хүнлэг энэрэнгүй байх хэрэгтэй. Гэтэл эр зориг нь уран үгээр лоозогнож пиарддагаар солигдсон мэт. Энэрэнгүй хүнлэг байх нь хамтарч яваад хэлмэгдсэн даргынхаа эрүүл мэнд, амь насанд тоомжиргүй хандан өөрөөсөө ямар нэгэн шалтгаанаар зайлуулах оролдлогоор солигдсон мэт харагдахаар байна шүү” гэж бичсэнээрээ хатагтай О.Цолмон МАХН-ын удирдлагууд Н.Энхбаяраас нүүр буруулсныг нотлох шиг боллоо. Учир нь сонгуулийн өмнөхөн МАХН-ыг сонгосон улстөрчид өөрсдийн эрх ашгийн төлөө МАХН-ыг ашигласан бололтой. Н.Энхбаярыг хүнд хэцүү цагт нь өрөвдөж, цаашид түшиж тулан үнэнч байна гээд л хэдэн жил нөхөрлөсөн Ардын намаа орхисон Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар өнөөдөр албан тушаалын эзэд болсон. Тэд өрөвч сэтгэлээ урдаа барьсны үр дүнд Шадар сайд, Сангийн сайд, Эдийн засаг хөгжлийн дэд сайд хийж явна. Албан тушаал ажил ярихаар идэвхтэй, хариуцлагатай болж, амь насны тухай ярихаар зугтаж, хойш суухгүй байхыг Н.Энхбаярын эхнэр О.Цолмон сануулжээ. Н.Энхбаярын эрүүл мэндийн асуудал, биеийн байдлынх нь талаар хүмүүс сэтгэл хөдлөн ярихаас өөрийг хийхгүй байгаа нь түүний ийн сануулсантай холбоотой байж мэднэ.

Д.Тэрбишдагвын юу ярьж байсныг санаж байгаа байх. Тэрбээр Н.Энхбаярын бор оймсыг гозолзуулан авч явснаас хойш Ардын намыг орхихоо мэдэгдсэн. Тэгэхдээ бодсоны эцэст шүү. Яагаад гэвэл өөрт нь МАХН, Ардын намын аль нь хамгийн хэрэгтэй болохыг бодсон нь тэр. МАХН-ын дэд дарга болмогцоо Н.Энхбаярын эрүүл мэндийн асуудлыг хурцаар тавьж, анхаарах ёстой гэж байсан. Гэтэл одоо Шадар сайд болчихоод Н.Энхбаярыг өмгөөлж байгааг нь харсангүй. Албан тушаалд амаа таглуулж, эрх баригчидтай сайн харилцаатай байхыг илүүд үзэв үү. Ч.Улаан, О.Чулуунбат ч мөн адил. Н.Энхбаяр гэлтгүй, МАХН-ын асуудал хөндөгдөж байхад дуугарахгүй байгаа. О.Цолмон тэдэнтэй уулзахаар амыг нь дагуулж шогшроод утсаа тавингуут нь мартдаг тийм л хүмүүс МАХН-ыг сонгожээ. Нөхрийнхөө амь насыг анхаарч, туслаач хэмээн гуйж яваа эх хүнийг улстөрчид яаж ойлгохов. Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ч.Улаан нар МАХН-ыг зорих тэр үед Ардын намд угаасаа байж чадахаа болиод байсан юм.  Гэвч МАХН-ынхан хүчтэй улстөрчид ирж байна, тэд Н.Энхбаярын итгэлт хүмүүс гэх нүдээр харж байлаа. Харамсалтай нь энэ бүгдийн цаана улс төр байсныг Н.Энхбаяр, О.Цолмон мэдэхгүй өнгөрнө гэж баймааргүй юм. Магадгүй тэдэнд итгэхийг хүссэн ч байж болох. Гэвч тэд юу ч хэлэхгүй, дуугарахгүй байгаа нь Ардчилсан намтай засагт хамтарсан, албан тушаал хуваасантай нь холбоотой биз. Харин О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Н.Удвал нар хааяа нэг ярилцлага өгч, шударга ёс, улс төрийн хэлмэгдүүлэлтийг байхгүй болгох хэрэгтэй гэж ярьж байгаа. Н.Удвалын тухайд Эрүүл мэндийн сайд болсон нь түүнд том хариуцлага ногдуулсан. Харин тэрбээр үүргээ биелүүлж, хорих ангид байсан даргаа Клиникийн хоёрдугаар эмнэлэгт шилжүүлсэн. Энэ нь түүний даргадаа барьж буй том “бэлэг” болов уу. Үүнээс өөрөөр түүнд тусалсан хүн алга. Ярихаас өөрийг хийж чадахгүй байгаа нь тэднийг Н.Энхбаяраас нүүр буруулсныг харуулж байна. Эхнэр О.Цолмон нь ч ил захидал, үйл хөдлөлөөрөө ойлгуулахыг хичээж байна. Жил хүрэхгүй хугацааны өмнө Н.Энхбаяртай үүрд цуг байна гэх нь холгүй байсан улстөрчид өнөөдөр түүн рүү нуруугаа харуулах нь тэр. Албан тушаалын хүчээр тэр шүү. Хэрэв тэд эрх мэдэлгүй байсан бол түүний төлөө хэрхэн тэмцэх байсан бол. Их л сонин дүр зураг харагдах байх даа. Бүх юм энэ хэвээрээ байхгүйтэй адил Н.Энхбаяр ч одоогийнх шигээ байхгүй нь лавтай. Тэр үед энэ дарга нар юу ярьж, юу хийх бол доо.

 

 

 

Ц.Энхцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих