Ч.Сайханбилэг: Хил, гаалийн ажилд хийх шинэчлэл Замын-Үүдэд үр дүн өгнө

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Дорноговь аймагт хийсэн ажлын айлчлалын хүрээнд шийдвэрлэсэн асуудлуудын талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээс тодрууллаа.

 

- Бүтээн байгуулалтад шаардагдах бараа, түүхий эд орж ирэх Замын-Үүд боомтод түгжрэл үүсгэхгүйн тулд Шинэчлэлийн Засгийн газар багагүй анхаарал тавьж байна гэж анзаарагдлаа. Засгийн газрын тэргүүн энэ удаагийн айлчлалаараа үүнтэй холбоотой ямар асуудлууд шийдвэрлэв?

- Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хилийн боомтын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж болон миний бие Замын-Үүдэд өмнө өдөр нь очиж, нэн даруй шийдвэрлэх шаардлагатай гурван асуудлыг хариуцаж ажиллалаа. Тодруулбал, хилийн боомт, эдийн засгийн чөлөөт бүс, Замын-Үүдийн боомт дээрх нийгэм эдийн засгийн асуудлыг шийдэх гэсэн үндсэн гурван багц асуудлын хүрээнд уулзалтууд хийж, газар дээр нь үзэж танилцлаа. Замын-Үүд хэдий сум ч гэсэн хилийн боомт, улсын үүд хаалга гэдэг утгаараа их онцлогтой. Энд хамгийн хүнд сурталгүй үйлчилгээ үзүүлж, иргэд бизнес эрхлэгчдэд төвөг чирэгдэл учруулахгүйгээр шуурхай зорчуулдаг орчинг зайлшгүй бүрдүүлэх ёстой.

 

- Хил гааль дээр үүсдэг ачааллыг бууруулж, ажлыг нь сайжруулахаар авсан арга хэмжээний талаар дэлгэрүүлэн тайлбарлахгүй юу?

- Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг саяхан УИХ-аар баталж, экспорт импортын 10 бичиг баримтыг 4 болгож бууруулсан. Одоо Хилийн боомтын тухай хууль УИХ дээр хэлэлцэгдэж байгаа. Хуулийн шинэ орчинд хилийн боомт яаж ажиллахыг зохицуулах шаардлагатай. Гадаад худалдаатай холбоотой энэ чухал салбарт хүнд суртлыг бууруулахаар Шинэчлэлийн Засгийн газар багц арга хэмжээ авч эхэлсэн. Газар дээр нь очиж үзэхэд ажлын явц олон чиглэлээр ахицтай байгаа нь харагдлаа. Хүнд суртал, шат дамжлагыг бууруулахын тулд Замын-Үүд дэх хилийн боомтын “нэг цэгийн үйлчилгээ”-г “нэг цонхны үйлчилгээ” болгож өөрчлөх холбогдох зохицуулалтууд хийлээ.

Дараагийн нэг чухал асуудал бол хилийн нэвтрэх чадварыг нэмэх тухай юм. Зорчигч болон ачааг нэг хэсгээр хамт нэвтрүүлэн ачаалал үүсгэдэг, ачааг шалгахдаа зөвхөн нэг төрлийн бараа таньдаг рентгенээр гаргадаг зэрэг доголдол энд олон байна. Зам тавигдаагүй учраас олон төрлийн материал таньж чаддаг рентгенээ ашиглаж чадахгүй байна. Тиймээс 4 дүгээр сарын 1-ний дотор багтаан хоёр дахь рентгенийг ажиллуулж эхлэх боломжийг судаллаа. Тэр хэсгийн талбайд зохион байгуулалт хийж замаа чөлөөлбөл хоёр дахь рентгенээ ашиглах бүрэн боломжтой байна. Ингэснээр хяналт шалгалт чанаржаад зогсохгүй ачааны автомашины урсгал хоёр дахин буурна. Энэ ажлын хүрээнд мөн Хятадын талаас наашаа барьсан 1 км замыг 2,3 км болгож уртасган холбох зохион байгуулалтын болон хөрөнгө мөнгөний асуудлыг шийдлээ.

- “Гаальтай машин”-ыг цэгцлэх талаар Засгийн газрын тэргүүн багагүй анхаарал хандуулж, энэ ажлыг танд хариуцуулсан. Ойрын хугацаанд ямар ажлууд хийх вэ?

- Энэ асуудлыг цэгцлэх үүргийг Ерөнхий сайд өгсөн. Үүний дагуу ажлын хэсэг гаргаж, эрх зүйн болоод технологийн орчин, бусад зохицуулалт хийж энэ сөрөг үзэгдлийг алга болгоё гэж тогтлоо. “Гаальтай машин” гэдэг нь дугаар дараалалд хилээр оролгүй хурдан гардаг, хяналт шалгалт бараг хийгддэггүй, хамгийн бага татвар төлдөг машин юм байна. Энэ гажиг тогтолцоо нь ганц гаалийн байгууллагын буруу биш, бүх байгууллага оролцсон том систем болжээ. Иймээс аль нэг байгууллага дээр шийдсэнээр цэгцрэхээргүй ужиг асуудал гэсэн үг. Эхний ээлжинд хууль эрх зүйн зохицуулалт хийж, нэг төрлийн тогтсон татвар төлдөг, хуулийн дагуу цэвэр үйлчилгээний ажил эрхэлдэг тогтолцоо руу орох хэрэгтэй. Мөн гаалийн үйлчилгээ явуулж буй хэсэг бүтэн камержуулалттай, сайн хяналттай болох ёстой. Энэ хяналтыг ГЕГ-ын удирдлага буюу төв, мэргэжлийн хяналт, хотын захиргаа, хилийн хяналт гээд бүгд зэрэг харж чаддаг байх ёстой. Ингэж харилцан хариуцлага хүлээдэг тогтолцоонд шилжүүлэх, татварын тогтолцоог өөрчлөх гээд олон талаас нь шийдвэрлэхэд хараа хяналтгүй нэвтэрдэг “гаальтай машин” устана гэж үзэж байгаа.

 

- “Гаальтай машин” гэдэгтэй хил гаалийн байгууллагын удирдлагууд холбоотой учраас шийдэж чаддаггүй гэж иргэд хэлж байна. Тэднийг хянаж, хариуцлага хүлээлгэж чадах болов уу?

- Удирдлагуудтай хариуцлага тооцох зохицуулалтыг эхлээд хууль журамдаа оруулж, түүнийг зөрчсөн этгээд албан тушаал, нам, байгууллага харгалзахгүй хариуцлага хүлээгээд эхэлбэл энэ асуудал үгүй болно гэдгийг бүх байгууллагын удирдлага хүлээн зөвшөөрсөн. Энэ асуудлыг таслан зогсоохын тулд шат шатны удирдлагууд хариуцлага хүлээж ажиллахыг бид мөн үүрэг болгосон. Нөгөөтэйгүүр, ийм гажиг байдлыг халах бололцоог мэдээллийн технологи, хяналтын шинэ систем, нэг цонхны үйлчилгээ гэх мэтээр хангаж өгнө. Бас ийм зөрчлийн талаарх иргэдийн мэдээлэл, мэдүүлэг ач холбогдол ихтэй. Шинэ хуулиа сурталчлах, иргэддээ мэдээлэл өгөх талаар Засгийн газраас шат дараалсан ажил явуулах шаардлагатай гэж мэргэжлийн хүмүүс хэллээ. Дээрх зохицуулалтуудыг хийхэд тодорхой үр дүнд хүрч, олон жил ярьсан “гаальтай машин”-ы асуудлаас гарч чадна гэдэгт итгэлтэй байна.

 

- Хилийн хяналт цаашид хэр чанаржих бол? Энэ талаар ойрын хугацаанд ямар алхмууд хийх вэ?

- Хилийн боомтын тухай шинэ хуулийн дагуу гадаадын иргэн харъяатын асуудал эрхэлсэн байгууллага, хилийн шалган нэвтрүүлэх алба хоёр нэгдэж, мэргэжлийн хяналт, гаалийн байгууллага хэвээрээ үлдэнэ. Мэргэжлийн хяналтын салбарт удахгүй том шинэчлэл хийгдэхийг та бүхэн сонссон байх. Хяналт шалгалтын ерөнхий нэг том хууль, мэргэжлийн хяналтын байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагаанд реформ хийх 107 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан багц хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьж байна. 4 дүгээр сарын 5-нд УИХ-ын хаврын чуулган эхлэнгүүт хэлэлцэнэ байх. Шинэ хууль батлагдвал “Мэргэжлийн хяналтын байгууллага” гэсэн нэр томъёо байхгүй болж, 30% сургалт сурталчилгаа, 70% урьдчилсан сэргийлэх үйл ажиллагаатай хяналтын байгууллага болно. Мэргэжлийн хяналтын байгууллага цоо шинэ бүтэц, зарчмаар ажиллаж эхлэхтэй холбогдуулан удирдах ажилтнууд нь бидэнтэй хамт Замын-Үүдэд ажиллалаа. Гаальтай хэрхэн уялдаатай ажиллах, ямар лаборатори тоног төхөөрөмжтэй байх, хэрхэн зохион байгуулбал хилээр орж байгаа хүмүүст чирэгдэл учруулахгүйгээр хяналт шалгалтаа  явуулах боломжтойг газар дээр нь судаллаа.

 

-  Эдийн засгийн чөлөөт бүстэй холбоотой ямар шийдвэрүүд гарсан бэ?

- Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлэхэд манай Засгийн газар ихээхэн анхаарч байна. Хэдэн жил үргэлжилж буй энэ бүсэд хашаанаас өөр барьсан юмгүй гэж шүүмжлэгддэг байсан бол одоо суурь дэд бүтцүүд тавигдаад, ажил нэлээд урагшилжээ. Энэ жил гэхэд 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдсэн. Замын-Үүдийн хөгжлийн том төлөвлөгөө гаргасан байгаа, энэ дагуу хийх ажлуудыг хугацаатай, хариуцлагатай байлгахаар үүрэг чиглэл өгч, тогтож ярилцлаа. Удахгүй энэ сум томоохон зангилаа төв болон хөгжих бүрэн бололцоо харагдаж байна. Иргэд ч, төрийн төлөөлөл ч энэ чиглэлээр цаашид ажиллах эрч хүч авсан уулзалтууд хийлээ.

 

- Эх орны зүүн өмнөд бүсийн цаашдын хөгжлийг та хэрхэн төсөөлж байна вэ?

- Аймгийн төвүүдийг хот болгохоор Шинэчлэлийн Засгийн газар томоохон төлөвлөлт хийж байна. Ирэх жилүүдэд аймгуудад багагүй хэмжээний хөрөнгө оруулалтууд хийнэ. Хамгийн сүүлд холбогдох бүх байгууллагынхан Сүхбаатар аймагт цугларч аймгийн төвөө хэрхэн хот болгон хөгжүүлэх талаар нухацтай ярилцсан. Ерөнхий сайд энэ удаа Дорноговь аймагт ажиллахдаа аймгуудын дулааны цахилгаан станцыг яаравчлан барих, аймгуудыг цементээр хангах том үйлдвэрүүд босгох гэх мэт бүтээн байгуулалтыг дэмжих асуудлуудыг шийдвэрлэлээ. Мөн аймгуудын битүү зах, орон сууцанд нэлээд хөрөнгө оруулалт хийнэ. Орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийг шинэ тоног төхөөрөмжтэй болгоход Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгөөс зарцуулж байна. Энэ оноос аймгуудад хуваарилагддаг төсвийн хэмжээ 3-4 дахин нэмэгдсэн, үүний зэрэгцээ жижиг дунд үйлдвэрлэлийн зээл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлд зарцуулах төсөв, сум хөгжүүлэх сан, аймаг хөгжүүлэх сан гээд хөрөнгө мөнгөний эх үүсвэр олон бий боллоо. Зөв бодлого зорилгод чиглэсэн бүтээлч хөрөнгө оруулалт хэрхэн хийх вэ гэдэг одоо хамгийн чухал. Ийм ч учраас төсвийн мөнгөө юунд зарцуулах талаар иргэдийнхээ саналд үндэслэн аймгуудын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь шийдвэр гаргаж ажилладаг тогтолцоо руу шилжиж байна. Орон нутгийнхан илүү хариуцлагатай ажиллах цаг ирснийг эцэст нь сануулъя.


URL:

Сэтгэгдэл бичих