“Эрдэнэс мгл” даахгүй нохой булуу хураана гэгч болох вий

1_1363569606Засгийн газрын ээлжит хурал­даа­наас төрийн өмчийн “Эр­дэнэс МГЛ” компанид “Бага­нуур”, “Шивээ-Овоо”, “Эрдэнэт” үйлд­вэрийн хувьцааг шилжүүлэх шийдвэр гаргалаа. Дээрх ком­паниуд нь стратегийн ач холбогдол бүхий ордод лиценз эзэмшин үйл ажиллагаа явуулж буй учраас төрийн мэдлийн хувьцааг одооноос “Эрдэнэс МГЛ” компани хариуцан авч байгаа хэрэг. Эзэмшсэн хувиараа хариуцлага хүлээж, дээрх ордуудыг түшиглэн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлыг “Эр­дэнэс МГЛ” хариу­цахаар боллоо. “Эрдэнэт” үйлд­вэрийн 51, “Шивээ-Овоо”-ийн 90, “Багануур”-ын 75 хувь нь төрийн өмчид бай­даг.

 

Өөрөөр хэлбэл, эдгээр ком­паниудад төр давуу эрхтэй. Төрийн давуу эрхийг “Эрдэнэс МГЛ” компани хэрэгжүүлэх нь. Харин ийм чадавхи “Эрдэнэс МГЛ”-д байгаа болов уу. Бас бодох л асуудал. Засгийн газрын шийдвэрийн дагуу “Эрдэнэс МГЛ” дээрх компаниудын төрийн эзэмшлийг өөрийн мэдэлд шилжүүлэхээс гадна Цагаан сувар­гын зэс, молибден, Төмөртэйн овоо-ны цайр, Нарийн сухайтын нүүрс, Бороогийн алт, Бүрэнхааны фосфоритын ордуудад үнэлгээ, ТЭЗҮ-ийг судлах ажилтай болсон. Нэг ёсондоо “Эрдэнэс МГЛ”-ийн нуруунд хэт их ачаалал гэнэт орж ирж байна. Тиймээс “Даахгүй нохой булуу хураана” гэдэг шиг л зүйл болох гээд байгаа юм. Үүний хар гайгаар үйл ажиллагаа нь хэвийн явж байсан төрийн өмчийн компаниуд хүндрэлд орох вий гэж болгоомжлох.

“Эрдэнэс МГЛ” компанийн одоогийн хариуцаж буй “Эр­дэнэс Та­ван­толгой”, “Эрдэнэс Оюу­толгой” компаниуд ямархуу бай­далтай бай­на вэ. “Эрдэнэс Тавантолгой” сан­хүүгийн хүндрэлд орж, юу юу­гүй дампуурахдаа тулсан нь саях­ны түүх. Одоо ч тус компани үйл ажиллагаагаа бүрэн сэргээж чадаагүй, төрөөс дэмжлэг, мөнгө гуйж байна. “Эрдэнэс Оюутолгой” ХХК бас л “асуудалтай”. Оюу­тол­гой төсөлд монголчуудыг төлөөлж, монголчуудын эрх ашгийг хам­гаалах ёстой компани. Гэтэл “Оюу­толгой” ХХК-д монголчуудын эрх ашиг, оролцоо одоо болтол бүрэн хангагдаж чадаагүй л байна. Хувь нийлүүлэгчдийн хурал гэгчийг сар шинийн баярын өмнө хуралдуулж эхэлсэн. “Эрдэнэс Оюутолгой” юу хийж чаддаг гэдгээ одоо л харуу­лах нь гэж хүлээж байсан. Ха­рин сар шинийн баярын өмнө бол­сон Хувь нийлүүлэгчдийн зур­гаа­дугаар хурлын талаар зөвхөн Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж билээ. “Эрдэнэс Оюутолгой” энэ хуралд чухам ямар үүрэгтэй оролцсон нь мэдэгдээгүй. Засгийн газрын хийсэн шоу байж болно. Гэвч нөгөө талаас үүнийг “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн чадавхийг харуулсан нэг үзүүлэлт гэхэд хилсдэхгүй. Товчхондоо, “Эрдэнэс МГЛ” компанийн хариуцаж буй хоёр ч охин компани нь өнөөг хүртэл хангалттай сайн ажиллаж чадахгүй байна. Үйл ажиллагаанаас гадна эд­гээр компаниудад компанийн сайн засаглал хэрэгжиж байна уу, удирдлагууд нь улс төрөөс ангид байж чадаж байна уу гэх зэргээр асуудлуудыг тоочоод байвал дуу­сахгүй. Энэ бүх асуудлыг толгой компанийн хувьд “Эрдэнэс МГЛ” хариуцах л ёстой. Үүнийгээ ший­дэж чадаагүй байхад дахиад хэд хэдэн стратегийн орд газруудын хувь эзэмшлийг “Эрдэнэс МГЛ”-д шилжүүлсэнд л асуудал байгаа юм.

Монголын ард түмэнд бай­галийн баялгаас ижил, тэгш хувь хүртээх, стратегийн орд газруудад төрийг төлөөлөх зорилгоор “Эр­дэнэс МГЛ” компанийг бай­гуулж байсан. Гэвч энэ компани өнгөрсөн хугацаанд чухам ямар үйл ажиллагаа явуулсан нь тодорхойгүй. Эгээ л ганц нэг удаа Засгийн газрын тогтоол, шийдвэр дээр нэр нь дурьдагдахаас хэтэрч байгаагүй болов уу. Сүүлд “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Оюутолгой”-г байгуулсны дараа иргэд “Эрдэнэс МГЛ” ком­панийн талаар арай л дээр мэдээлэлтэй болсон. Гэхдээ “Эр­дэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Оюу­тол­гой” компаниудын толгой ком­пани гэхээс цааш хэтрэхгүй. Нэг ёсондоо “Эрдэнэс МГЛ”-ийн талаархи мэдээлэл, мэдлэг дэн­дүү дутмаг, энэ компани олон ний­тэд хаалттай байна. Цаашдаа энэ ком­пани стратегийн 15 ордод төрийн эзэмшлийг төлөөлнө. Эдгээр ордоос Монголын ард түмэнд хувьцаа эзэмшүүлэх үүргийг хүлээнэ. Өөрөөр хэлбэл, Монголын хам­гийн том хувьцаат компани болох учиртай. Харин хувьцаат компани болохын тулд үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх гэдэг хамгийн том шалгуур болдог. “Эрдэнэс МГЛ” энэ шалгуурыг одоогоор лав биелүүлж чадахгүй байна. Түүнчлэн төрийн гэх нэртэй болгонд авлигал, хээл хахууль, шахааны бизнес цэцэглэдэг “бичигдээгүй хууль” бий. “Эрдэнэс МГЛ” компани энэ бичигдээгүй хуулиас ангид байж чадах уу. Хэрвээ олон нийтэд нээлттэй, ил тод болчихвол шахааны бизнес, авлига, хээл хахуулиас хол байх нөх­цөл нь аяндаа бүрдэх учиртай. Ил, тод байж чадахгүй байгаа учраас хардлага бий болоод байгаа юм.

“Эрдэнэс МГЛ”-д төрийн мэд­лийн хувьцаануудыг шилжүүлсэн шийдвэрийг эсэргүүцэх шалтгаан алга. Тэртээ тэргүй монголчууд стратегийн орд газруудаасаа хувь, хишиг хүртэнэ. Энэхүү хувь, хиш­гээ “Эрдэнэс МГЛ” компаниар дам­жуулан авна. Тийм учраас цаг хугацааны хувьд “Эрдэнэс МГЛ”-д стратегийн орд газруудад төрийг төлөөлөх хувьцаа тэртээ тэргүй л очно. Чухам тэр цаг хугацаа нь болсон уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Эхлээд “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Оюутолгой”-доо ямар ч асуудалгүй болгочихоод, дараагийн алхмаа хийхэд болохгүй гэх газаргүй. Нөгөөтэйгүүр “Эрдэнэс МГЛ” ком­паниа санхүү, хүний нөөц, удирд­лага, засаглалын хувьд хам­гийн шилдэг байх ёстой. Шилдэг нь байж төдийлөн чадахгүй байгаа гэдгийг дээр дурьдсан.

Бямба гарагийн Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс МГЛ”-д маш их хүч, эрх мэдэл төвлөрөхөөр боллоо. Тэгэхээр “Эрдэнэс МГЛ” маш их эрх мэдэлтэй, гэхдээ ил тод бус. Түүнчлэн маш их хүч, хөрөнгөтэй, гэвч хөрөнгийг зөв захиран зарцуулах чадавхигүй л юм шиг харагдаад байна. Мэдээж гаднаас нь харахад шүү дээ. Дотроо энэ компани хэр чадвар, чадавхитайг мэдэхгүй юм. Ямартай ч “Эрдэнэс МГЛ”-ийн үйл ажиллагаа даахгүй нохой булуу хураахын үлгэр битгий болоосой гэж хүсэх байна.

 

Л.Энхдэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих