Ардын нам Ерөнхийлөгчийн сонгуульд орох эрхээ хасуулж мэдэх нь

1_1363569811Ардын намын сайтыг олон нийтийн дунд улс төрийн судалгаа явуулсан гэдэг үндэслэлээр Харилцаа холбооны зохицуулах хорооноос хаах шийдвэрийг гаргасан. Учир нь тус намынхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ ард түмнээр сонгуулна гэдэг үндэслэлээр олон нийтээс санал асуулга авах журмаар Ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнөхөн санаа бодлыг нь өөрсдөдөө хандуулаад байсан гэж үзсэн юм.

Үнэхээр ч Ардын намынхан ард түмний анхаарлыг өөрсдийн нэр дэвшигчид рүү хандуулах хүсэлтэй байгаагаа Ерөнхийлөгчийн сонгуулийн сураг ажиг гарч эхлэх цагаас л мэдэгдсэн.  Тухайлбал, тэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ ард түмнээрээ сонгуулахаар тохиролцсон гэдгээ мэдэгдэж, ард түмний сонголт бүхнийг шийднэ гэдгээ танилцуулсан. Энэ бүхнээс нь болж хэвлэл мэдээллийн байгууллагынхан ч тэдэнд багагүй анхаарлаа хандуулаад амжсан. Энэ бүхний дараа Ардын намынхан “Эв нэгдлийг илэрхийлэгчийг ард нийтээрээ сонгоё” гэсэн утга бүхий мессежийг олон нийтэд хүргэх болоод байгаа юм.  Энэ бүхэн нь Ардын намынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаа хийх нарийн арга боловсруулсны нэг илрэл байж болох талтай. Өнөөдөр парламентад суудалтай бусад нам нэр дэвшигчээ ч тодруулаагүй байхад Ардын намынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаа эхэлчихлээ гэхэд болно. Яг л одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой барьцсан гэх үү дээ. Тэдний бодож, бодож боловсруулсан сонгуулийн тактик нь энэ. Нэр дэвшигчээ тодруулаагүй байсан ч сонгогчдын анхаарлыг нам руугаа татах хамгийн ашигтай хувилбар энэ яах аргагүй мөн байсан.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг зөрчихгүй гэдгийг ч тэд нарийн тооцоолсон байж таарна. Гэхдээ энэ бүхэн нь эхнээсээ буруудаад эхэлж байх шиг ээ. Сайтыг нь хаачихлаа. Одоо сурталчилгаа хийсэн гэдэг үндэслэлээр нэр дэвшигчийг нь тодроо ч үгүй байхад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхийг нь хасаад хаячих вий дээ.

Хэрэв тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд МАХН, МҮАН-тай эвсэх дээрээ тултал шалдаа буусан тэдний хүсэл талаар болох нь тодорхой. Улмаар цаашлаад УИХ-ын 2016 оны сонгуульд ч дахин ялагдал хүлээх нь тодорхой болох биз. Тиймээс Ардын намынхан асуудалд уулгамч байдлаар хандахгүй байх нь хамгийн зөв алхам. Хэрэв ард түмнээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулна гэсэн нэрийн дор энэ мэт байдлаар ард түмнийг өөртөө татах үйлдлийг гааруулах юм бол юмыг яаж мэдэх вэ. Сайтыг нь хаасан шигээ Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг нь нэр дэвших эрхгүй болгочихож чадах л байх. Ардын намынхан арай ч үүнийг хүсээгүй байлгүй дээ.

Энэ тохиолдолд өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг үг байдгийг санахад илүүдэхгүй биз ээ. “Мэхт мэхэндээ” гэгч болох вий дээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиас

28 дугаар зүйл. Сонгуулийн өмнөх ухуулга, сурталчилгаа

1.Нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигч энэ хуулийн 23 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт заасны дагуу бүртгүүлж, үнэмлэх авсан өдрөөс эхлүүлнэ.

 

Р.Сарангоо


URL:

Сэтгэгдэл бичих