Үнэнийг олборлох нь

527-1363581143pictureМонголын эдийн засагт уул уурхай ихээхэн нөлөөлж байгаа өнөө үед бид уул уурхай гэж чухам юу болох, бодит амьдрал дээр ямар үр нөлөөтэй зэргийг ойлгох нь чухал юм.

 

Бид аливаа зүйлийн эхлэл болох энэхүү ойлголтоо авч амжаагүй байснаас болоод ч тэр үү гадаадын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, томоохон уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг улс орны хувьд ач холбогдол бүхий ажлууд дээр алдах, онох зүйл байсан.

 

Энэхүү нийтлэлээрээ та бүхэндээ уул уурхайн бүүм буюу үсрэнгүй хөгжлийн талаарх гол фактууд, уул уурхайн компаниуд нийгэмд хэрхэн харагдаж, яригдахыг хүсдэг, уул уурхайн компани болон салбарынхан юуны талаар ярих дургүй, марко эдийн засгийн асуудлууд, уул уурхайн салбарын олон нийтийн ойлголт, чухам хэн нь энэ уул уурхайн салбараас хождог, ашиг хонжоотой байдаг талаар цуврал байдлаар танилцуулахыг хичээх болно.

 Уул уурхайн салбарын гол фактууд

Дэлхийн улс орнууд Монгол Улсад байгаа байгалийн нөөцийг өдрөөс өдөрт өндөр үнээр худалдаж авах хүсэлтэй, эргэлттэй болж байна. Түүхийн эдийн үнэ нь Монголын байгалийн нөөцийн үнэлэмж болон түүнийг олборлож байгаа этгээдийн олсон ашиг орлогоос ихээхэн хамаардаг.

 

Байгалийн нөөцийн үнэлэмжийг тогтоохдоо түүхийн эдийн үнээс түүнийг олборлоход зарцуулагдах өртөгийг хасдаг байна. Аливаа улс орон өөрийн байгалийн нөөцийн үнэлэмжийг сайтар тооцож гаргасан байх ба Австрали улс гэхэд 2004 оноос 2010 оны хооронд тухайн улсын нийт байгалийн нөөцийн үнэлэмж нь 240 тэрбум ам.доллараас 1500 тэрбум ам.доллар болж өссөн аж.

 

Бид эндээс түүхийн эдийн үнэ, байгалийн нөөцийн үнэлэмж жилээс жилд өсөн нэмэгдсээр байгааг анхаарах хэрэгтэй. Хэрэв Монгол Улс байгалийн нөөцөө бүрэн сайн тооцож тогтоож чадаагүй, эсвэл улс орондоо, ард иргэддээ үр өгөөжтэйгээр олборлож хүртээж чадахгүй байгаа бол газар дор орхичих нь зүйтэй юм.

 

Папуа шинэ Гвинейгийн Рио Тинтогийн олборлож байсан орд гэж амьд жишээ байна. Рио Тинто нь тэр үед Шинэ Гвинейд өнөөдөр Монгол улсад ажиллаж байгаа шигээ ажиллаж улмаар нутгийн уугуул иргэд гомдоллож тэр нь иргэний дайн болж дууссан ч өнөөдөр 23 жилийн дараа энэ орддодоо дахин өндөр үнэлэмжтэй болсон байна.

 

Энэхүү гашуун туршлагаас бид юу сурч авах ёстой вэ гэхээр, нэгдүгээрт тухайн улсын төр засаг нь нутгийн уугуул иргэд буюу орон нутгийн иргэдтэйгээ ойр дотно ажиллагаагүйгээс, тэдний хоорондын холбоо тасарснаас, хоёрдугаарт, уг уурхайг ажиллуулж байгаа компани нь олон улсын болон тухайн улсын хууль дүрэм, стандарт хэм хэмжээг баримталж ажиллаагүйгээс ийм эмгэнэлтэй явдал болдог.

 

Тэгэхээр, энэ гашуун туршлагаа санаад Рио Тнито ч хичээмээр байна, Монголын төр засаг ч хичээх хэрэгтэй санагдах юм. Хэдийгээр уул уурхайн сарбарын өсөлт үсрэнгүй их байх ч уул уурхайн салбарт ажиллаж байгаа хөдөлмөрчдийн тоо ерөнхийдөө их бага байдаг.

 

Жишээ нь, Оюутолгой үйлдвэрлэлийн үе шатандаа зөвхөн 3000 гаруйхан ажилтантай байна гэж байгаа. Энэ нь Монголын нийт хүн амын нэг хүрэхгүй хувь юм. Үнэндээ дэлхийн аль ч оронд уул уурхайн салбар нь хамгийн бага ажлын байрыг бий болгодог салбартаа тооцогддог.

 

Жишээ нь, Австрали улсад 2011 оны байдлаар уул уурхайн салбар нь нийт хүн амынх нь ердөө 1.9 хувьд нь л ажлын байр бий болгож байсан. Энэ нь 11 сая хөдөлмөрийн насны хүнээс 217.100 нь л уул уурхайн салбарт ажилласан гэсэн үг. Уул уурхайн салбар гол экспортлогч болдог нь нууц биш юм.

 

Хэдий тийм боловч уул уурхайн экспортын бүтээгдэхүүн хэт ихсэх нь эдийн засгийн бусад салбарт байнгын дарамт шахалт өгч байдаг. Түүнчлэн, байгалийн нөөц дахь дэлхийн эрэлт хэрэгцээ их байснаас улбаалан валютын ханш өсч улмаар Монголын эдийн засгийн бусад салбарын өрсөлдөхүйц байдалд сөргөөр нөлөөлж эхэлдэг байна.

 

Монгол Улс зөвхөн зэс, нүүрсийг их хэмжээгээр нь экспортлож гадагшаа гаргаж байгаа юм биш ээ. Бид маш их ашиг орлогыг бас их хэмжээгээр нь экспортлож гаргаж байгаа гэсэн үг. Монголын уул уурхайн ашиг орлогын хэдэн хувийг гадныхан өмчилж байгааг олж тогтооход амархан.

 

Монголд уул уурхай эрхэлж байгаа компаниудын хэд нь гадаадын хөрөнгө оруулалттай гэсэн тодотголтой байдаг билээ. Зарим нь бүр хэдий монгол компани гэх ч толгой компани нь хэн, хаана байх, хувь нийлүүлэгчид нь хэн болох гээд олон салаа замаар монголын уул уурхайн ашиг орлогыг бид гадагшаа экспортлож байгаа гэсэн үг.

 

Энэ ангилалд Оюутолгой компани ч багтана. Учир нь Оюутолгой нь өөрсдийгөө “Дэлхийн түвшний уул уурхайн монгол компани” гэж сурталчлах боловч менежмент нь гадаадынхан (Хувь нийлүүлэгчдийн гэрээнд зааснаар Рио Тинто болон Айвенхоу майнз лимитед ба эдгээр нь Англи болон Канад улсын компаниуд), хувь нийлүүлэгчид нь 66 хувь нь гадаадынхан гээд бодохоор зөвхөн Оюу Толгой ордын ашиг орлогын 66 хувийг бид гадагшаа экспортлож байгаа юм.

 

Бусад компаниудын хувьд монол гэх тодотголтой гадны компаниуд монголд албан ёсны оффисоо нээгээд л ганц орчуулагч, жолооч ажилд авснаар “Монгол компани” гэж өөрсдийгөө рекламдах нь хэнийг хуурах гээд байгаа гэлтэй.

 

Монголд Рио Тинто Оюу Толгой компанийн 66 хувийг эзэмшиж бараг 100 хувь өөрийн хяналт дор ажиллуулж байхад зарим оронд энэ нь хуулиараа нарийн зохицуулагдсан байдаг. Жишээ нь, Австрали улсад гадаадын хувь эзэмшигчид нь тухайн

компанийн менежментийн 15 хувь хүрэхгүй хувьд хяналтаа тогтоодог хуультай байна. Рио Тинто нь 2009 оны байдлаар Австрали улсад уул уурхайн компаниудын гадаад, Австрали эзэмшлийг, менежменттэй нь ангилан гаргасан байх ба өнөөдөр энэ судалгаагаа монголын нөхцөлд хийсэн ч байж болох.

 

Гэхдээ Рио Тинтогийн монголд хийсэн үнэтэй судалгаанууд нь хэний мөнгөөр хэнд зориулсан, хэнд хэрэгтэй судалгаа хийсэн бэ гэдэг бас судалж үзүүштэй зүйлүүдийн нэг юм. Жишээ нь Рио Тинто компани 2012 онд хэдэн сая ам.доллараар АПКО гэр Америкийн ПР компанийг хөлсөлж нарийвчилсан судалгаа хийлгүүлснээс харахад тэрхүү судалгааг монгол компани хийх бүрэн боломжтой.

 

Тэр нь хэнд ч хэрэггүй судалгаа болох нь харагдаж байсан. Хамгийн гол нь тэр хэдэн сая ам.долларыг монголын тал төлж байгаа юу эсвэл хөрөнгө оруулагч гэх тал өөрөө төлж байгаа юм гэдэг бас л асуулт, Учир нь бүх юм компанийн нууц буюу бидэнд ил тод биш байна гэж үзэх хүмүүс их байна.

 

Байгалийн нөөцийн үнийн үсрэнгүй өсөлт болон ажилчиддаа өгч байгаа бага цалингийн зөрүүнээс уул уурхайн компаниуд их ашиг олдог гэж Австралийн судалгааны хүрээлэнгээс тогтоожээ. Гэхдээ бид монголын хилийн цаана очиж хуваагдаж байга ногдол ашиг нь хилийн дотор хувиарлагдаж зарцуулагдаж байгаа ашгаас монголчуудад ямар ч үр өгөөжгүй гэдгийг эргэн харах ёстой.

 

Эцэст нь дүгнээд хэлэхэд онолын хүрээнд манай байгалийн нөөц Монголчуудын өмч боловч уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтын хэм хэмжээ их байх тусмаа үр шим хүртэгч нар нь офшор буюу хилийн цаана байна гэсэн үг юм. Гадаадын хувь эзэмшилтэй гэдэг нь Монголын нутаг дэвсгэр дээр амьдардаггүй гадаад эзэд өсөн нэмэгдэж буй түүхий эдийн гэнэтийн ашгийг хүртээд сууж байгаа гэж ойлгож болно.

 

Тэгэхээр олон улсын жишгээс харахад, Монголчууд бид уул уурхайн салбараасаа улс эх орондоо, ард түмэндээ ашигтай, үр өгөөжтэй байх хоёр л арга зам байна. Тэдгээр нь байгалийн нөөц ашигласны төлбөр болох роялтийг нэмэгдүүлэх эсвэл дэлхийн түвшинд үнэ өсөхөд бий болдог гэнэтийн ашгийн татвараа авах эсвэл хоёуланг нь авах сонголт юм.

 

Гэтэл манайд 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулагч гэх талтай Хөрөнгө Оруулалтын Гэрээ (ХОГ) байгуулахаасаа өмнөхөн энэ гэнэтийн ашгийн татвараа тэглээд роялтигаа тавхан хувиар тогтоож өгсөн нь алсуураа Монгол Улс, манай ард түмэнд очих үр өгөөж маш бага гэж ойлгогдохоор байна.
С.Гантуяагийн тэмцэл

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих