Америкийн тэмдэглэл 10
@SaruulerdeneM
Сэдвээ сольсон нь
Хүү их сургуулийнхаа амралтаар гэртээ орж ирүүтээ л надтай Бавари Мюнхен багийн тоглолт ярьж гарав. Шинэ дасгалжуулагч Пепийн тухай, гэмтэл нь эдгэж буй Робьений тухай ам чөлөөгүй бурж байтал ээж нь гэнэт уурлан, “Та хоёр цайгаа ч ууж амжаагүй байж огт хаа хамаагүй юм яриад эхлэх юм даа, гэрт дандаа л нэг ийм юм ярьж байх юм, наад ярианыхаа сэдвийг солиоч” хэмээн лүндэгнэлээ.
Хүү “За ээж ээ” хэмээн дуулгавартай зөвшөөрснөө “Бүх оддын тоглолтоос өмнө Гранжер ирж магадгүй гэнэ ээ, аав аа” хэмээн сагсан бөмбөг сонирхуулж эхлэв. Ээж ч мэдээж ахин тас загнаад өрөөнөөс гарч одов. Илд хүү “Харин ч би Бундеслига ярьж байгаад сэдвээ соль гэхээр нь Премьер лиг рүү орох гэснээ болиод, бүр олигтойхон сольчихъё гээд сагс ярьж байхад чинь загнаад байгаа юм даа” хэмээн аавдаа гомдоллож билээ.
Америк-Монгол бага сургуулийн хүүхдийн ялгаа
Тээр жил, дунд хүүг 1-р ангид байхад зохиолч Аюур, Өлзий хоёр анд маань манайд нэг өвөлжсөн юм. Тэгэхэд би машин барьдаггүй, манайх сургуулийн автобус явдаг бүсээс гадуур байсан тул өглөөдөө Аюур машин бариад, би хажууд нь суун хүүгээ сургуульд нь хүргэж өгдөг байв. Машинаа тавьчхаад хоёулаа Далайг дундаа хөтлөөд л буу халан явсаар сургууль руу нь оруулчхаад буцдаг байлаа.
Тэгсэн нэг орой хүү ээрч муурч байснаа “Би ааваар дахиж хүргүүлмээргүй байна” хэмээн санаа алдан хэлдэг юм байна. “Яасан бэ?” хэмээн ихэд гайхан асуувал “Манай ангийн хүүхдүүд аав чинь гомо юм уу? гээд байна” гэдэг юм даа. Зургаа, долоотой бяцхан жаалуудын бодож байгааг. Аюур бид хоёрын ажиггүй алхаж явааг…
Өлзий үүнийг сонсоод нүд нь орой дээрээ гарч “Пээ, энэ америк хүүхдүүд чинь ямар айхтар байдаг юм бэ? Манайд хэрвээ айлын хоёр аав хүүхэд хүргэж өгвөл ангийн ихэнх хүүхэд юу ч бодохгүй, за хамгийн сүрхий, юм боддог хүүхэд л гэхэд сайндаа эдний аав архидаж дээ л гэж бодох байх” гэж билээ.
Ээжийн тухай ээжийн дуу
Наран мандмал уудам нутагтаа
Настай ээжий минь жарган байгаа…
Энэ дууны үгийг миний ээж зохиосон юм. Ээжийн тухай дуунд монголчууд дуртай. Ээжийнхээ зохиосон дуунд үрс нь бүр дуртай. Тэгвэл ээжийн тухай ээжийн бичсэн дуу гэхээр надад бол дэндүү сайхан санагддаг. Тэгээд ч ээж аавын тухай голдуу бичээд байгаа шиг, “ядарсан зүдэрсэн, дээлээ даахгүй, үсээ самнаагүй, Ганданд ч аваачиж чадаагүй” гэх биш Саран мандмал саруулхан нутагтаа Сайхан ээжий минь жарган байгаа…” гэсэн өөдрөг сайхан дуу болохоор харь нутагт суугаа надад илүү дотно байдаг даа.
Тэгж орчуулж бас болох л юм
Том хүү орос сургуульд оров. Ээж нь эцэг эхийн хуралд явах дургүй, учир нь орос хэлэндээ жаахан тиймэрхүү гэж байгаа. Нэг удаа би чухал ажилтай болоод яалт ч үгүй ээж, хүү хоёр хуралд явж таарав. Гэр лүүгээ явж байхдаа хүү гэнэт “ээж сая ингэхэд багш юу юу ярьчихав аа?” хэмээн асуужээ. Сүүлд ээжийнх нь ярьснаар “Багш нь цвет цвет гээд л удаан яриад байсан болохоор жаахан бодож байгаад Юу, миний хүү, багш нь маргааш ирэхдээ өнгийн харандаа авчраарай гэж байна” гэжээ. Хүү “За за” гээд л хэсэг явснаа нэг юм хэлмээр санагдаад байгаа бололтой хэсэг хулмалзсанаа “Ээж ээ, сая багш маргааш хүүхэд бүр нэг нэг цэцэг авчир гэсэн юм биш үү?” хэмээв.
Ээж жаахан барьц алдсанаа “Яахав, тэгж бас орчуулж болох л юм, үгийн олон утга гэж юм байдаг юм” хэмээн хэлний багшийн аргаа хэрэглэн, амь гарсан байна.
Түрээд нэг, түрүүлээд нэг буруудсан нь
Дуундаа муу хүн гэж байх. Яруу найрагч, сэтгүүлзүйч Ж. Батбаатар яах аргагүй тэдний нэг. Дууны дугараа хүрээд ирэхээр шүлгээ уншчихна. Зүгээр л эхэлчих, бид түрчихнэ гэхээр тун дургүй. Сайндаа ч биш, мань эр дуу эхлэн, олноор түрүүлж нэг, бас өөрөө дуу буруу түрж бас нэг алдсан түүхтэй юм л даа. Дуугаар шахаад байхаар нь ганц мэддэг “Улаан туг”-аа эхэлсэн чинь хүмүүс “Магнаг үсэгтэй туг”-ийг түрж нэг баларсан бол нэг баяр дээр улс “Үйл үйлээ дагадаг нь” гээд дуулахаар нь боломжийн санагдаад “Үнээ тугалаа дагадаг аа” гэж нэг түрээд бас буруудсан нөхөр. Тэрнээс хойш бид “Зүгээр шүлгээ уншчих аа” л гэдэг болсон доо.
Монгол хэлээр сайн ярьж байна гэж магтуулсан минь
Тээр жил Их засаг сургуулийн нэг багш охин Вашингтон хотноо ирснийг би онгоцны буудлаас тосож авсан юм. Хот орох замдаа сонин сайхан хуучлан явтал гэнэт нөгөө охин “Та ингэхэд АНУ-д ирээд хэдэн жил болж байгаа юм бэ?” гэж асууж байна. “Найман жил” гэлээ. Тэгсэн “Хөөх, та найман жил болсон гэхэд монголоор ямар мундаг ярьдаг юм бэ?” гэж байна шүү. Би бүр гайхаж орхив. Янз бүрээр магтуулж л байлаа, гэхдээ “монгол хэлээр сайн ярьж байна” гэдэг чинь одоо баярлах магтаал мөн сөн үү?
Хэсэг дуугүй явснаа “Би чинь монгол хүн шүү дээ” гээдэхлээ. Өнөө охин “Үгүй ээ, үгүй. Би таныг монгол хэлээрээ ямар ч аялгагүй, чөлөөтэй сайн ярьж байна л гэж хэлэх гээд…” хэмээн засах гэсэн биш бүр дордуулж орхив.
“Ах нь монгол хэл судлаач хүн л дээ, яахлаараа монгол хэлээрээ аялгатай ярьдаг билээ?” гэсэн намайг гомдоочхов уу гэж сандран “Үгүй ээ, ингэсэн юм аа, ах аа. Монгол зурагтаар гадаадад ганц жил болж байгаа, бас заримдаа хоёр жил болоод ирсэн гээд л хүмүүс ярилцлага өгч байгааг би хэд хэд харсан юм. Үгээ сайн олж чадахгүй, зарим нь байсан гадаад улсынхаа аялгатай болчихсон байдаг. Тэгээд л хүн ер нь гадаадад нэг хоёр жил болчихвол монгол хэлээ мартаж эхэлдэг, аялгатай ярьдаг болчихдог юм байна гэж боддог болсон юм. Тэгсэн чинь таныг найман жил болсон гэсэн мөртлөө зүв зүгээр яриад байхаар чинь гайхаад” гэж билээ.
Ээ дээ, гадаадад сурч байгаа залуус минь, элдэв зурагт радиод яриа өгөхдөө хэлээ хазалгүй шиг, үгээ олж ядалгүй шиг, зүгээр л энгийн даруу монгол хэлээрээ ярьж заншаарай даа. Эс тэгвэл монгол хэлний багш миний бие хүртэл “монголоор цэвэр ярьж байна” гэж магтуулахдаа тулах нь байна шүү.
Хэлмэрчийн овсгоо
Төрийн Департаментийн хэлмэрч бэлдэх сургалтад монгол хэлний хичээл зааж байхдаа Европын холбооны парламентийн грек хэлний хэлмэрч эмэгтэйгээс нэг алдартай хөгжилтэй түүх сонсож билээ. Олон улсын орчуулагч, хэлмэрчдийн дунд их яригддаг явдал юм билээ. Нэг улсын Ерөнхийлөгч гадаадад айлчилж байгаад олон нийтэд зөвхөн өөрийнх нь хэлээр л маш инээдтэй сонстох, орчуулгаар бол огт утгагүй онигоо яриад, өөрөө маасайн инээжээ. Ингээд хөөрхий хэлмэрч л тун эвгүй байдалд оров. Онигоог нь яг тэр чигээр нь орчуулбал мэдээж хэн ч инээхгүй. Энэ тохиолдолд ерөнхийлөгч өөрөө мөн хөөрхийлөлтэй болно оо доо. Тэгээд орчуулсан нь:
“Сая манай Ерөнхийлөгч сайхан онигоо ярилаа. Та бүхэн ойлгосон гэж бодоод нирхийтэл нэг инээчихгүй юу?”
Танхим дүүрэн инээдэм болж, онигоо ярьсан ерөнхийлөгч сэтгэл хангалуун, хүмүүсийн нүдэнд ч инээмсэглэл тод, эвтэйхэн өнгөрсөн юм гэнэ лээ.
Ерөнхийлөгчийн сонгууль ба Киноны нэр
2008 онд АНУ анх удаагаа хар арьст Ерөнхийлөгчийг сонгосон нь зөвхөн энэ улсын төдийгүй дэлхийн түүхэнд чухал үйл явдал болон тэмдэглэгдсэн билээ. Яг тэр жил бас кино урлагийн түүхэнд хамгийн их орлого олсон кино мэндэлсэн нь ямар нэртэй байсныг мэдэх үү? Dark Knight гэж байгаа юм. Сайхан таарч байгаа биз. Гэтэл үүгээр зогссонгүй, 2012 онд Обама ахин өрсөлдөж, ахиад л яллаа. Яг тэр жил АНУ-ыг хамгийн их шуугиулсан кино нь нөгөөдхийн үргэлжлэл Dark Knight Rises болж таардаг юм даа. Өнөө айхтар “хар рыцарь” буцаад ирсэн нь тэр.
URL: