Ган замын “гацаа” буюу нүүрсний үнэгүйдэл

shoroon_zam_nuurs-middleӨнгөрсөн хоёр сард манай улсын гадаад худалдааны тэнцлийн алдагдал 26 хувиар өссөн. Хилийн чанадад гаргаж байгаа бүтээгдэхүүний орлого багасчээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр бид өмнөх хоёр сард экспортын орлогоос өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр дахин бага ашиг олсон байна. 2012 оны нэг, хоёрдугаар сард гадныханд зарсан уул уурхайн бүтээгдэхүүнээсээ бид 400 гаруй сая ам.долларын орлого олсон бол энэ удаад 210 саяыг л цуглуулжээ. Үүнд нүүрсний үнэ голлон нөлөөлснийг өнгөрсөн сарын статистик онцолж байгаа юм.

Хил дээрх нүүрсний үнэ өнгөрсөн оноос хойш буурч байгааг судлаачид хэлж байна. Олон улсын зах зээлд нэг тонн нь 100 ам.доллараар борлуулагдаж байсан монгол нүүрс өнгөрсөн хоёр сард 70-60 ам.доллар болж үнэгүйдсэн байна. Нэг хэсэг нүүрсний экспорт гадаад худалдааны орлогыг бүрд үүлж байсан бол одоо нүүрсэнд найдах цаг дууссаныг статистик үзүү- лэлт бидэнд сануулж байгаа нь энэ.

Сарын эцсээр гадаад худалдааны үзүүлэлт тааруу гарч хэргийн эзнээр нь нүүрс тодорч байгааг эдийн засагчид төмөр замтай холбон тайлбарлаж буй. Олборлосон нүүрсээ гадныханд хүргэх замгүй монголчууд урд, хойд хөршөө царайчилж бүтээгдэхүүнээ зөөж байгаа ч энэ нь ашгаа өгөхгүй байгаагийн нэг илрэл гадаад худалдааны алдагдал. Уул уурхайн ордоос хилийн боомтыг чиглэсэн төмөр замтай байж Монголын нүүрс тусаа өгнө гэдгийг төрийн төвшинд хүртэл ярьж байгаа.

Гэвч үе үеийн Засгийн газар энэ асуудлыг шийдэж чадахгүй явсаар экспортын орлогыг навс унагалаа. Тавантолгойн чиглэлд төмөр зам барих төсөл гэхэд хоёр Засгийн газрын нүүр үзэв. Энэ хавар эхлүүлэх бүтээн байгуулалтын дөрвөн төслийг “Чингис” бондоос санхүүжүүлэхээр болсон. Эдгээр ажил дунд Тавантолгойгоос урагш, хойш, зүүн тийш 1800 км төмөр зам тавих төсөл яваа.

Шинээр тавих төмөр замд хөрөнгө оруулагч олон байгаа. Зам тээврийн сайд А.Гансүх шинээр тавих төмөр замд хөрөнгө оруулах талаар 16 компани саналаа ирүүлснийг өчигдөр твиттэр хуудсандаа тэмдэглэжээ. Харин төсөл ажил болж, ажил нь амьдрал болтол монгол нүүрс дэлхийн зах зээлд дахин хэдэн ам.доллараар уруудах бол.

Э.Өнөр

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих