Мориноос унаж бэртсэн таван хүүхдийн нэг нь машинд дайруулсан байжээ

7729_133ММСУХ-ноос санаачилж Засгийн  газрын  дэмжлэг, гишүүд, дарга нарын оролцоотойгоор  жил бүр зохион  байгуулдаг “халдашгүй”  тодотголтой  “Дүнжингарав” хаврын  бүсийн  уралдаан өнгөрсөн амралтын  өдрүүдэд дуулиан шуугиан, хэл амтай болж  өнгөрсөн  билээ.

Төв аймгийн нутаг Цагаан  хөтөлд  болсон энэ сүр дуулиантай уралдаан  замын  бартаа, хацар алгадах хүйтэн жаврыг үл хайхран моринд хорхойтой монголчууд “Дүнжингарав”-т цугладаг. Наадмын үеийн сонин хачин өнөөг хүртэл хуучраагүй. Гэхдээ уралдааны замд мориноос унаж бэртсэн хүүхдүүдийн талаар ярих хүн ховор юм. Уяачид нь жаяг ёсоороо түрүү магнайгаа мялаан, бооцоо мөнгөө өгч  авалцсан  ч зохион байгуулалт нь тааруу, дэг журамгүй  болсонт наадмыг  сонирхогчид  бүгд л  ам нэгтэй бухимдан  ярьж байна. Тэр ч  бүү  хэл  “Сурвалжлан  нийтэлж  мэдээлдэг эрх  бүхий телевизийнхнийг хүртэл хорьж цагдан, үзэж сонирхохоор ирсэн хүмүүсийг  үл  тоон хэл амаар  доромжилж байсан” гэх яриа ч  сонсогдох юм билээ. Уралдааны үеэр 10 орчим хүүхэд мориноос унаж, тав нь хүнд бэртэн ГССҮТ-д хүргэгдсэн юм байна. Гэтэл “Дүнжингарав” наадмыг зохион байгуулагчид нь тэнд очсон хэвлэлийнхнийг “Хүүхэд мориноос унасан талаар ямар ч мэдээлэл гаргаж болохгүй” хэмээн бараг л заналхийсэн сурагтай.
Мориноос унасан таван хүүхэд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж гурвынх нь бие сайжирч, эмнэлгээс гарсан байна. Бид энэ талаар сурвалжлахаар ГССҮТ-д очлоо. Биднийг очиход, нэг хүүхэд нь тархины хүнд  хагалгаанд ороод сэхээн амьдруулах тасагт шилжсэн байв. Хүүхдийн эцэг эхтэй уулзъя гэсэн боловч “Сэхээний тасаг учраас ямар ч боломжгүй” гээд эмч нар зөвшөөрсөнгүй.

Харин  Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт  хэвтэн эмчлүүлж байгаа Гэрэлтуяа охины эмчлэгч  эмч Д.Оюунжаргалтай уулзлаа.

-Унаач хүүхдүүдийн бэртэл хэр хүнд байна?
-Бэртэж  гэмтсэн нийт 10 хүүхэд байснаас  хүнд гэмтэлтэй таван нь   хэвтэж  эмчлүүлж байна. Тус тусдаа  хүнд  хөнгөнөөсөө  шалтгаалан бэртэл гэмтэл нь өөр учраас хүүхдүүд  өөр өөр тасагт хэвтсэн.
-Гэрэлтуяа охины биеийн байдал   ямар байна вэ?
-Гэрэлтуяа нь Төв аймгийн Баянчандмань  сумын охин, есөн настай. Биеийн байдал нь сайжирч байна. Энэ сарын 3-нд зүүн атгал ясны зөрүү ихтэй, хугаралттай ирсэн. Гуравдугаар  сарын  11-нд хагалгаанд орсон. Хагалгаа  амжилттай  болсон. Маргааш /өнөөдөр/ эмнэлгээс гаргаж сумынх нь эмнэлэгт нь  шилжүүлнэ.

А.ЧИНЦЭЦЭГ: МОРИНООС УНАСАН ХҮҮГИЙН БИЕ ТААРУУ, УХААНГҮЙ БАЙГАА

Тархины тасагт эмчлүүлж байсан хүүхдүүдийг хүлээн авч, эмчилж байсан Гэмтэл согог, мэдрэлийн мэс заслын  их  эмч А.Чинцэцэгээс зарим зүйлийг лавлалаа.
-Танай тасагт хэдэн унаач хүүхэд  эмчлүүлсэн бэ. Тэдний бие нь ямар байна?
-Нийтдээ  дөрвөн  хүүхэд  хүр­гэгдэн ирж   эмчлүүлснээс  Саруул-Эрдэнэ  хүү одоо сэхээн амьдруулах  тасагт  эмчлүүлж байгаа. Бусад нь  эмнэлгээс гарсан. Нямдорж гэж хүү хагалгаанд орсон. Хоёр нь хөнгөвтөр  эмчилгээ хийлгээд  гарсан. Сэхээнд байгаа хүүгийн  хувьд биеийн байдал маш муу, ухаангүй шахам, эмнэлгийн  оношоор “ухамсарт ухаан  бүдэг”  гэсэн  оноштой байгаа. Гуравдугаар  сарын  4-нд  ирж эмчлүүлж байна. Хагалгааны  үр дүнгээс  нь  шалтгаалж эмнэлгээс хэзээ  гарахыг шийднэ.
-Эмнэлгээс гарсан хүүхдүүдийн бие бүрэн сайжирч чадсан уу?
-Тэд манайхаас гараад аймгийнхаа эмнэлгийн гэмтэл мэдрэлийн тасагт шилжин эмчийн  хяналтад  орж байгаа.
-Эмчилгээнд хэчнээн төгрөгийн зардал гарсан бол?
-Мэдээж  шаардлагатай тохиолдолд л  хувь хүнээс зардал гардаг.  Манай эмнэлэг  эмчилгээний төлбөрийн 80-90 хувийг хариуцдаг.
-Унаач хүүхдүүд заавал  даатгалд хамрагдах ёстой байдаг л даа. Танайд эмч­лүүлсэн хүүхдүүд гэнэтийн  ослын   даатгалтай  байсан юм болов уу. Уралдааныг  зо­хион байгуулсан ММСУХ-ны Хэвлэл  мэдээллийн  албаны  дарга Я.Болдбаатар “Уралдааны хүүхдүүд  бүгд “Практикал” даатгалд  хам­рагдана” гэсэн байсан?
-Манайд одоогоор тийм мэдээлэл байхгүй. Даатгалын албаны  хүмүүс, зохион байгуу­лагч нар нь  л  энэ  талаар хэлэх байх даа.

МОРИНООС УНАЖ БЭРТСЭН ХҮҮХДҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХЭН ХАРИУЦАХ ВЭ

Эмнэлэгт ирсэн нэг хүүхэд нь  уралдаагүй ч гарааны үеэр ам авдаггүй морь унаснаасаа болж унаж бэртээд босч чадахгүй хэвтэж байгаад тэр хавийн  хүн, машины тоосонд дарагдсан байна. Бужигнасан шороон дундаас хүүхэд олж хараагүй жолооч хүүг дайрч хүндээр гэмтээснийг ГССҮТ-ийн эмч нар ярьж байна.
Наадам гэх  тодотголтой уяачдын бэл, унаач хүүхдүү дийн аз, эзийг сорьсон зугааны  баярыг дэмжин ивээн  тэтгэдэг гэх Засгийн газрын гишүүд ер нь  анзаарч  хардаг болов уу. Эгээ л “Зэрэг нэмэхийн  өмнө”  кинонд гардаг тал  еэвэнгийн түүх  шиг. Нэг талыг нь харсан хэнэггүйн  үлгэр үү.
Энэ  хариуцлагаггүй, зохион  байгуулалтгүй, дэг  журамгүй, ”хүний  үнэргүй”, дээдсийн хийрхэл, бялдуучлалыг илтгэсэн  энэ сүржин нэрт зугаанаас  болж эцэст нь хүүхдүүд л хохирч үлдэх юм. Томчуудыг зугаацуулахын тулд гэм зэмгүй   хүүхдийн эрхийг зөрчиж, амь насаар тоглож байна. Үүгээр зогсохгүй өвлийн тэсгим хүйтэнд хурдан морь унуулан замд гаргасныхаа төлөө атга чихэр, арав тавхан төгрөг л өгдөг нь харамсмаар. Хэний  ч өөдөөс  өөрийгөө  өмгөөлөөд ярьж  ч  чадахгүй, бяцхан хүүхдийн эрүүл мэндийг  хэн хариуцах  вэ.

Э.Золжаргал


URL:

Сэтгэгдэл бичих