Цалингаараа сард хэдэн литр бензин авч чадах вэ?
Казахстаны “Казпотребнадзор” олон нийтийн байгууллагаас “Рейтинг.kz” судалгааны агентлагтай хамтран дэлхийн улс орны иргэд цалингаараа хэдий хэмжээний АИ-95 бензин худалдан авч чадах талаар судалгаа явуулжээ. Судалгаанд улс орнууд дахь бензиний үнийг http://www.mytravelcost.com/petrol-prices/ цахим хуудаснаас, цалингийн хэмжээг Бүх дэлхийн хөдөлмөрийн байгууллагын баримтнаас авч ашигласан байна. Манайд өргөн хэрэглэгддэг АИ 92 бензиний талаар судалгаа явуулах гэсэн боловч АИ 92 бензинийг хэрэглэдэг орон цөөхөн байлаа гэж “Казпотребнадзор” мэдээлжээ.
Нийт 65 орныг хамарсан энэхүү судалгаанд Катар улс тэргүүн байр эзэлсэн байна. Катарын дундаж амьдралтай иргэн сарын цалингаараа 6500 литр бензин худалдан авч чадах аж. Гэхдээ энэ оронд литр бензин маш хямд буюу 0.26 ам.доллар байдаг нь чансаанд тэргүүлэхэд нөлөөлсөн байна. Катарт сарын дундаж цалин 1700 доллар. Хэдийгээр литр бензин 0.91 ам.доллар байдаг ч Америкийн Нэгдсэн Улс хоёрдугаар байрт шалгарсан байна. Америкчууд цалингаараа 3586 литр бензин худалдан авах чадвартай. Гуравдугаар байрт 0.28 ам.долларын хямд бензинтэй Бахрейн орон (3275 литр) оржээ.
Тэдний дараа Люксембург (2310 л), Канад (1960 л) улсууд орсон байна. Люксембургт литр бензин 1,77 долларын үнэтэй ч энэ орон сарын дундаж цалингийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг тул иргэд нь түлш, шатахуун авахдаа зовдоггүй аж. Өөрийн нефть боловсруулах үйлдвэртэй Норвеги оронд (1572 л) литр бензин 2.34 долларын үнэтэй ч наймдугаар байрт шалгарчээ. ОХУ-ын иргэд цалингаараа 1168 литр бензин авч чадахаараа 24-т, Хятад (681 л) 43-т жагсжээ.
Сүүлийн 10-т Колумб (368 л), Армен (329 л), Таиланд (306 л), Кыргызстан (295 л), Сири (284 л), Монгол (282 л), Молдов (272 л), Пакистан (236 л), Энэтхэг (232 л), Филиппин (201 л), Тажикстан (168 л) байна. Хамгийн сүүлд орсон Тажикистан улсад дундаж цалин 227 ам.доллар, литр бензиний үнэ 1.35 доллар байна.
URL: