Шорон барихад мөнгө олддог атлаа ”Төрөх эмнэлэгт” хөрөнгө хүрэхгүй байна гэжүү, ерөнхий сайдаа

5ea015b60c761c92originalМонгол Улс шинэ хүүхдээ угтах газаргүй байж шорон нэмж барина гэнэ үү. Ийм нэгэн хачирхмаар мэдээллийг ШШГЕГ-ын албаны эх сурвалж нотолж “Хорих газраа хааш нь шилжүүлэхээ хараахан тогтоогүй байгаа” гэсэн байх юм. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 407 дугаар анги буюу эмэгтэйчүүдийн хорих ангийг өөр тийш нь шилжүүлээд, тус ангийн байрлалд олон улсын стандартад нийцсэн шинэ хорих байр барихаар төлөвлөжээ. Ингэхийн тулд дээрх ангийг түр нүүлгэх газраа сонгож чадахгүй байгаа юм байна. Нөгөө “Монголын үрс маш олон болтугай” гэдэг билэг дэмбэрэл төгс ерөөл хаачив. Хүн амаа өсгөх төрийн бодлого хаачив. “Эрүүл монгол хүн” гэсэн зорилт хаачив. Хүүхэд гаргавал “Алдарт эх”-ээр өргөмжлөөд, мөнгө өгөөд, халамжлаад байя гэсэн амлалт хаачив. Монгол бол залуусын орон. Төрөх насныхан улам бүр нэмэгдсээр. Гэтэл тэднийг эсэн мэнд амаржуулж, яс бүтэн, амь салгах эмнэлэг дутагдаад олон жилийн нүүр үзлээ. Төрөх эмнэлгүүдийг дагасан хэл ам ч тасрахаа байлаа. Эмч, сувилагч дутагдалтай л гэнэ. Хэвтэх ор хүрэлцэхгүй байна л гэнэ. Ямар сайндаа зогсоогоор нь байлгалтай нь биш, эсвэл шалан дээр хэвтүүлэлтэй нь биш гээд нэг нарийхан орон дээр хоёр ээжийг хүүхэдтэй нь дөрвүүлэнг нь хонуулах вэ дээ. Эцсийн дүнд нь хоёр яс салах гэж хэдэн цагаар, хэдэн өдрөөр өвдөж шаналсан эх амсхийх зуураа нялх үрээ хөхөөрөө дарж алсан хэрэг II төрөх эмнэлэгт гарав. Эхчүүд хүүхдээ алах гэж арван сар тээдэггүй. Эмч хүн ч мэдээж хүний орчлонд дөнгөж мэндэлж буй нярайг хорвоогоос буцаах гэж эх барихаар гараа тосдоггүй. Нярайн амийг алдсан эмч нар ч бухимдаж, ямар их ачаалалтай, ямар төвөгтэй тогтолцоотой, яасан хүнд нөхцөлд байгааг минь ойлгохгүй байна хэмээн гомдоллох. Тэгэхээр энд огт өөр нөхцөл үүссэн нь тодорхой байгаа биз. Орчин нөхцөлийн аргагүй байдал гол шалтгаан болчихож. Мэдээж шүү дээ. Аль дээр Ардын хувьсгалын үед Монгол Улс хүн амаа сая хүрээгүй байх үеэс л өсгөх зорилт тавьсан. Түүнээс хойш социализмын бүтээн байгуулалт хэмээн шуурахдаа төрөх эмнэлгүүдийг барьсаан барьсан. Нэгэнт нэр дурдсанаар нь II эмнэлгийн түүхийг сөхье. Тус төрөх эмнэлгийг 1959 онд барьжээ. Өдгөө 54 жилийн дараа насжилт нь дуусалгүй яахав. Тус төрөх эмнэлэг стандартын шаардлага хангахаа больсныг Мэргэжлийн хяналтын газраас тогтоож, 2010 онд Засгийн газраас шинэ төрөх эмнэлэг барих шийдвэр гарч, 2011 оны төсөвт мөнгийг нь суулгаж өгчээ. Даанч энэ асуудал өнөөг хүртэл ажил хэрэг болсонгүй. Шалтгаан нь тус эмнэлгийн барилгаас бусад нь хувийн өмч болчихсонд байж, эргэн тойронд нь сөөм ч газар үлдээгээгүй төдийгүй барилгын доорхи газар нь хүртэл шүү. Ингэснээр жилд 6000-гаад эх амаржуулах хүчин чадалтай уг эмнэлэг стандартын шаардлага хангасан барилгатай болоод зогсохгүй 180 төрөх ороор хүчин чадлаа нэмэх боломжгүйд хүрчээ. Он цагийн уртад элэгдэж хуучирсан төрөх эмнэлгүүдээ шинэчилж, эрүүл ахуйн наад захын шаардлага хангуулаагүйгээс хүйн халдвараас өгсүүлээд ачааллаа даахгүйгээс үүдсэн түмэн асуудал ундарсаар. Удахгүй гурван саяд хүрэх хүн амтай Монгол Улсад сум дундын эмнэлэг болон аймгуудын төвийн эмнэлгүүдийн төрөх тасгуудаас гадна нийслэлд гурван эмнэлэг, дээр нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэйгөө нийлээд л болоо. Сум дундын болон аймгийн эмнэлгүүд нь жаахан хүндрэлтэй төрөх магадлалтайг нь нийслэл рүүгээ илгээдэг гэж байгаа. Угаасаа улсынхаа хүн амын тал хувь нь цугласан энэ их хотын урсгалд тэд бас багагүй нэмэр болно. Энэ оны эхний хоёр сард л гэхэд Монгол Улсад 12387 эх амаржсан нь өмнөх оны мөн үеийнхээс 808 эхээр буюу 7.0 хувь, төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлтөөр) 12452 болж, 821 хүүхдээр буюу 7.1 хувиар өсчээ. Ийнхүү төрөлт сар, улирлаар нэмэгдээд л байна. Тэр бүхнийг тосон угтах эмнэлэг хаана байна вэ? Гэтэл хорих газар нь улсын хэмжээгээр 25, ял эдэлж байгаа хүн нь нийтдээ 8000 ор¬чим гэж байгаа. Төрөхийнхөө хажууд хамаагүй цөөхөн эдгээр хүмүүст зориулж хорих газруудыг томруулж, шинэчилж, орчин үеийн шаардлагад нийцүүлэхээр зорьсоор байх уу. Хүний эрхийг зөрчиж, эд хөрөнгө хулгайлж, бусдын амь нас, эрүүл мэндэд нь халдсан этгээдүүд ажилтай, ажилгүй тэжээлгэсээр. Харин улс орны минь ирээдүй болсон нялхас хуучирч бохирдсон нөхцөлд, умайсан халтар өрөөнд багтаж ядан чихэлдсээр. Энэ арай л шударга бус санагдахгүй байна гэжүү. Нэгдүгээр төрөх эмнэлгийг уул уурхайн компани ивээн тэтгэж байж өргөтгөснөөс бусдаар эх, үрсийн төлөө хэн юу хийв? Төрийн албан хаагчдын эмнэлэг гэж барилга сүндэрлэлээ. Ойрын үед эрүүл мэндийн салбарт гараагүй томоохон бүтээн байгуулалт хэмээн их л сайхнаар мөрөөдөн хүлээв. Төрөх эмнэлэг биш ч гэлээ иргэдийнхээ эрүүл энхийн манаанд гарах нь дээ гэж баясаж байтал эрхэм сайдын нүд унаж албан өрөө болгохоор үзэж тарав. Төрийн эрхэм түшээд маань хоригдолдоо, албан тасалгаандаа, олбог суудалдаа Монголын ирээдүйгээс илүү санаа тавиад байгааг юу гэж ойлгох вэ?

Ч.БАЙГАЛЬ

 


URL:

Сэтгэгдэл бичих