Шар усны үер хаалга тогшиж эхэллээ

Энэ жилийн хувьд Монгол нутгийн маань 12 аймгийн 133 суманд зудын гамшиг нүүрлэж, багагүй хэмжээний хохирол амссан. Харин одоо бол урин дулаан цаг ирж, цас мөс эрчимтэй хайлж, гол мөрөн үерлэж, шар усны үер хаалга тогшиж эхэллээ.

Баруун аймгууд түүний дотор Завхан, Увс, Хөвсгөл зэрэг томоохон нуур, цөөрмүүдтэй болон уулархаг газраар шар усны аюул болж болзошгүй байгаа талаар Улсын онцгой байдлын газар, Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ард иргэдэд анхааруулж эхэллээ. Түүгээр ч барахгүй иргэдийг мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг сэрэмжлүүлж эхлэв.

Хамгийн аймшигтай нь зарим газраар цасны зузаан 30 сантиметрт хүрсэн тул үер усны аюул учирч болзошгүйг анхааруулж байгаа нь энэ юм. Ингэж анхааруулсаар байхад хэнэг ч үгүй гуу жалга бараадан амьдарч байгаа иргэд үер усны гамшигт нэрвэгдэн орох оронгүй үлдэхээс гадна ойр дотныхоо хүмүүсийг алдах нь ч энүүхэнд. Улаанбаатар хотод энэ үзэгдэл жилийн жилд давтагддаг. Орон нутгаас ирж, хотод суурьших гэсэн нэгэн газар олдохгүйн улмаас гуу жалганд гэрээ барьж, зөвшөөрөлгүй газар буулаа гэсэн албан тушаалтныг ад үзнэ.

Тэр ч бүү хэл хашаанаасаа гадагш талбайг минийх биш гэж үздэг нөхдүүд ч цөөнгүй бий. Тиймээс өвөлжингөө асгасан үнс нурам, угаадас нь гэсч, далангийн нүх сүвийг бөглөж өнөөх хэнэггүй нөхдүүдийг урсгахад бэлэн болчихож. Уг нь нийслэлийн Засаг даргын “Шар усны болон хур борооны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” албан даалгаврын хүрээнд нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах үерийн хамгаалалтын барилга байгууламж, ус цуглардаг гуу жалга, гол, горхи булаг, шандны эрэг дагуух хогийг цэвэрлэх ажил өнөөдөр эрчимтэй хийгдэж байх ёстой.

Мөн хүний амь бие эрсдэх өндөр магадлал бүхий голын хэсэгт эрэг дагуу анхааруулах самбар, тэмдэгжүүлэлт хийж, хуучныг сэргээн байршуулах нь ч хэрэгтэй. Гэхдээ энэ бүхнийг тухайн сум дүүргийн удирдлагууд чиглүүлж, их цэвэрлэгээг зохион байгуулах ёстой ч энэ бүхэн ажил хэрэг болохгүй байна. Ямартаа л албаны эх сурвалж хүртэл аргаа барж суух вэ дээ. Хий дэмий сэрэмжлүүлэг хүргэхээс цаашгүй суусаар байтал энэ жил бас хэчнээн айл усанд урсч, хэдэн хүний амь үрэгдэх нь тодорхойгүй байна.

Тиймээс энэ бүхнийг эртнээс сануулж, хөдөлмөрийн чадвартай гэртээ ажилгүй суугаа бүх иргэдийг ажилтай болгож, үерийн хамгаалалтын далан сувгийн бат бэх байдлыг дээшлүүлэх, сэргээн босгох ажлыг идэвхтэй хийх хэрэгтэй байна. Мөн энэ ажилд улсаас хөрөнгө гаргаж, ажил сайн хийсэн хүмүүсийг урамшуулдаг тогтолцоог бий болгон, эртхэн эрчимтэйхэн шиг ажиллах хэрэгтэй байна. Хороо бүрийг шалгаж, гуу жалганд амьдарч байгаа хүмүүсээ нүүлгэн шилжүүлэхгүй бол энэ жил бас л хүний аминд хүрч мэдэхээр байгааг албаныхан дуулгаж байна билээ.

Нүүхгүй байгаа бол иргэнийх нь эрхэнд халдаад ч хамаагүй албадан нүүлгэвэл эргээд амьд үлдсэнийхээ дараа баярлах нь мэдээж. Ямар ч байсан одооноос эхлэн шар усны аюулаас дор бүрнээ урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байж, хамгаалалтын арга хэмжээ авах, усны төвшин нэмэгдсэн үед гол, мөрний усанд малаа бэлчээхгүй, ус гатлахгүй байх зэргийг анхаарахаас гадна шар усны аюул нүүрлэсэн тохиолдолд сандарч тэвдэлгүй аюултай орчноос хүүхэд, өндөр настнуудыг зөөж гаргаж, тусламж иртэл хүлээх хэрэгтэйг дахин дахин сануулж байна.

Ээ дээ монголчууд минь эгэл боргил түмний хэнэггүй зан гаргаж байж их усны аюулд эрсдчих вий дээ, болгоомжлоорой.

Э.Туул


URL:

Сэтгэгдэл бичих