Алтан цээжтэй мөнгөн бөгстэй О.Магнай дарга аа, 30 хувийн хөнгөлөлт яасан бэ
- Секундийн төлбөрийг хоёр төгрөгөөр тооцвол үүрэн холбооныхон “сохорсон биш завшина” -
Гар утас гангараа байсан үе саяхан. “Siemens С25”, “Nokia 3310” маркийн гар утас 10 жилийн өмнө ёстой л од болж байлаа. Тухайн үед гар утас атгасан залуус ганган, чинээлэг гэдэгтээ оодорч байсан бол хэдхэн жилийн өмнөөс соёлын шокноос сэрж гар утсыг энгийн хэрэглээ болохыг ойлгож, халааснаас урсах мөнгөндөө анхаарах болсон. Эхэн үедээ үүрэн телефоныг үндэслэгч “Мобиком” бурхан мэт шүтэгдэж байсан бол одоо буруутан болж хувираад буй. Учир нь “Мобиком”- ын дараа үүрэн телефоны гурван ч компани шил шилээ даран мэндэлсэн. Эдгээрээс анхдагч гэдэг утгаараа “Мобиком” сая гаруй хариу хэрэглэгчтэй хэмээн сайрхаж, тэр хэмжээгээрээ ярианы төлбөр нь үнэ өндөртэй. Үүнээс болж утсанд мөнгө их зарлаа гэх яриа дэгдэж, үүрэн холбооны компани мөнгө иддэг гэх ойлголтыг “олуулаа” олж мэдсэн юм. Тухайлбал, бид нэг цаг цахилгаан хэрэглэснийхээ төлөө 70 төгрөг төлж байхад, нэг минут утсаар яриад 70-100 төгрөг төлж байна шүү дээ.
Яг энэ асуудлаар өнгөрсөн оны эхэн үеэс ШӨХТГ-т ярианы эхний минутыг бүхэлд нь бус, секундээр тооцох талаар нэлээдгүй гомдол, санал ирсэн аж. Үүнийг тус газрын шинэхэн дарга О.Магнай шалгаад “Секундэд шилжүүлж тооцсоноор иргэд одоогийнхоос 30 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой” хэмээн мэдэгдсэн. Үүнийг үүрэн телефоны удирдлагууд ч цааргалах зүйлгүй хүлээн зөвшөөрч, ШӨХТГ-ын ярианы төлбөрийг секундээр тооцдог болох шаардлагыг дэмжиж, удахгүй хэрэгжүүлэхээ хэлж байсан. Уг ажил энэ сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан боловч “Секундын үнийг нарийвчлан тогтоогоогүй байна” гэх үндэслэлээр түр хойшлуулаад байгаа. Тодруулбал, өнөөх монополь “Мобиком” нэг секундын ярианы төлбөрийг хоёр төгрөгөөр тооцох тухай саналыг Харилцаа холбооны зохицуулах газар /ХХЗГ/-т хүргүүлээд байгаа аж. Харин “Жи мобайл”, “Скайтел” зэрэг үүрэн телефоны операторууд нэг секундэд 0.8-0.9 төгрөг байх боломжтой гэж үзэж байгаа гэнэ. Үүнийг харвал одоо шаардаж буй нэг минутын тарифаа 60 секундэд хуваасан тооцоо бололтой. Энэ жишгээр “Мобиком”-ын төлбөрийг хувааж үзвэл 1.6 төгрөг байх юм. Мэдээж эдний ярианы төлбөр минутад 100 төгрөг байгаа учраас ийм өндөр гарч байгаа хэрэг. “Мобиком” алийн болгон монополь байж иргэдийнхээ халаасыг сэгсрэх гэсэн юм бол. Бусадтайгаа нэгдэж төлбөрөө хямдруулах боломж байгаа л харагдах юм. Үүнийг нөгөө сая гаруй хэрэглэгч чинь хүсч л байгаа даа. Хэрвээ одоо тэдний санал болгосон секундэд хоёр төгрөгийн үнээр яриад эхэлбэл минутад 120 төгрөг төлөхөөр болж хэрэглэгчид хохирох нь. Ингэвэл хэргийн эзнээр О.Магнай тодрох нь дамжиггүй.
Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр буух нь лавтай. ШӨХТГ-ын даргаас үүнийг тодруулах гэхэд хилийн чанад уруу томилолт аваад талийсан гэнэ. Тэрбээр эхэндээ иргэдэд хүртээлтэй зөв зүйл сэдэж, санаачилж байна хэмээн сахиустай лам лугаа хүндлэгдэж байв. Нөгөө үлгэрт гардаг “Алтан цээжтэй, мөнгөн бөгстэй хаан” шиг л шүтэгдсэн. Харин сүүлийн үед түүний хэлсэн ярьсан бүхэн нь шоу болж, олны итгэлийг алдлаа. Дотоодын сүү, жүүсийг хольцтой хэмээн хатуухан шүүмжилж, хаяг шошгоо өөрчлөхийг шаардаж байсан нь ч ажил хэрэг болсонгүй. Архины үйлдвэрүүдэд хариуцлага тооцно хэмээн ярьдаг ч хэдхэн сая төгрөгийн торгууль ногдуулсан сураг сонстоод л намжсан. Торгуулиа барагдуулсан үгүйг ч бүү мэд. Харин түүний нэг бодит хийсэн ажил гэвэл 8-9 кабелийн телевиз, сайтын амыг хаасан явдал. Түүнээс өөр нүдэнд харагдаж, гарт баригдах ажил үгүй. Шатахууны үнийг хазаарласан тухай мэдэгдэж, цээжээ дэлдэж байсан. Гэтэл удаа дараа үнэ нэмэгдэж байхад ус балгасан мэт дуугүй л байна. Түүнчлэн ярианы төлбөрийг секундэд шилжүүлснээр хэдэн төгрөг болох ёстойг ХХЗГ-аас тодруулахад “Манайх үнэ тогтоодог газар биш. Зөвхөн хяналт тавих үүрэгтэй” гэх. Тэгэхээр үнэ тогтоох эрх бүхий газар байхгүй, үүрэн телефоны операторууд өөрсдөө дур мэдэн секундын төлбөрийг тогтоосон хэрэг. Иймээс дураараа тогтоосон үнэ буюу нэг секундын ярианы төлбөрийг хоёр төгрөгөөр тогтоовол үүрэн холбооны компаниуд “сохорсон биш завшив” гэгч болох нь.
Нэг минут нь 70 төгрөгөөр ярьдаг байсныг секундийн алхамд шилжүүлснээр 120 төгрөг зарцуулна гэдгийг бага ангийн хүүхэд ч бодчихно. Харин секундын алхам хамгийн ашиг муутайгаар туслаа гэхэд нэг секундэд байж болох хамгийн өндөр өртөг нь 1.16 төгрөг байх тооцоо гарч байна. Тиймээс бид “монжуулах” вий гэх хар хэн бүхэнд төрж байгаа. Гэхдээ иймэрхүү хэрэглэгчдээ басамжилсан, хэн ч хууртахааргүй үнийн саналыг үүрэн холбооны компаниуд батлахгүй биз ээ. Гэхдээ секундын алхамд шилжсэнээр өндөр өртөг тусахаар бол хэрэглэгч энэ алхамд нэгдэхгүй байх боломжтой гэж О.Магнай дарга айлдсан. Иймд хэрэглэгчдэд хөнгөлөлттэй үнэ батлагдаж байж уг алхам үр дүнгээ өгөх юм. Ер нь өнөөгийн үнийн дарамтын эхлэлийг “Мобиком” тарьсан. Харин 10 жилийн дараа нэгэн шинэ GSM системийн компани гарч ирсэн нь “Юнител”. Эднийхийг мөн л будлиантай хэмээн харддаг. Учир нь 1989 онд хоёр дахь операторыг тодруулах тендерт “Цахилгаан холбоо” компани ялбал өөрийн сүлжээгээр дамжуулан хямд ярих бололцоотой байсан гэдэг. Гэтэл юу ч юм нөлөөлж “ногоон” оператор төрсөн. “Юнител” гарч ирснээр “Мобиком”-ын зах зээл хумигдаж, хэрэглэгчдээ алдахгүйн тулд “Монцгорууд нь Мобиком хэрэглэнэ” хэмээн сурталчилгаагаар бөмбөгдөж байсан сан. Түүнчлэн гар утасны цэсэнд угаасаа байдаг дугаар харах, дуудлага хязгаарлах, залгасан дугаарын дуудлагыг дамжуулах зэрэг үйлчилгээг автоматаар хааж, тус тусад нь үнэ тогтоож эхэлсэн нь мөн л хэрэглэгчдийг шулах арга байв. Энэ арга бусад операторуудад ч халдварлаж өнөө хүртэл хэрэглэгчдийн халааснаас гарах учиргүй мөнгийг хурааж нөгөө л сүртэй орон сууц, автомашины хонжворын сурталчилгаа, төлбөрт өгч байгаа. Ямартай ч иргэд О.Магнай даргын санаачилсан ажил хэр бодит байхыг хүлээж, харьцангуй хямд ярьж, ярьсан хугацаандаа тохирсон үйлчилгээний хөлс төлөх боломж бүрдэх байх гэсэн найдвар тавьсаар.
URL: