Ганц өдөрт 12 хүүхэд “золиос” боллоо

huhed_suragchХалуун зүрхийг хагацлаар хөлдөөж, эх үр хоёрыг үхлээр заагласан аймшигт хэргүүд ар араасаа гарлаа. Хүний наймаа, зам тээврийн осол, эмч нарын хариуцлагагүй үйлдэл, хүнс­ний бүтээг­дэхүүний чанаргүй байдлаас үүдэж өнөө­гийн Монгол орон бяцхан үрсийн дурсамжаар дүүрч, үрээ булшилсан эцэг, эхчүүд амьдын тарчлаанд зовж байна. Гэсэн ч хууль, дүрмийг өсгийндөө тахалж, дэндүү хайрамжгүй зангаа засаж залруулдаггүйн улмаас хүний амьдралыг оромцоглодог “араатнууд” өдийг хүртэл буурахгүй байна. Үүний нэгээхэн жишээг ганцхан өдөрт гарсан авто замын ослын тоо гэрчилнэ. Тодруулбал, өнгөрсөн өдөр 26 хүн зам тээврийн ослын золиос болсны 12 нь алдрай бяцхан үрс байжээ. Осолд өртсөн хүүхдүүдийн 11 нь сургуулийн насны хүүхэд бол нэг нь сургуулийн өмнөх насны бяцхан жаал байв.

Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 13 дугаар сургуулийн зүүн хойд замд  амины “Toyota Crown” маркийн 88-83 УНА улсын дугаартай автомашины жо­л­ооч Н. Болор-Эрдэнэ нь  “Toyota Prius” 47-08 УНЦ улсын дугаартай Т.Төгсбилэг жолоочтой автомашинтай мөр­гөлд­сөн байна. Улмаар дотор нь сууж явсан 93 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Т.Тэргэл гэмтэл авчээ.

Мөн Чин­гэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Энх­тайва­ны өргөн чөлөө, Мөнгөн завъяа дэл­гүү­рийн баруун хойд замд “Kia Lotze”  29-51 УНЭ улсын дугаартай автомашины жолооч Ц.Батсүрэн нь явганаар зорчиж байсан тавхан настай Б.Гоомаралыг мөргөж гэмтээсэн байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Амгалангийн замд “Hyundai Porter” 96-39 УНЭ улсын дугаартай автомашины жолооч н.Батхуяг нь мөн маркийн 17-13 УНЧ улсын дугаартай Х.Төрбат жолоочтой авто­ма­шинтай мөргөлдөж, зорчигч 14 настай Б. Сарантуяа нарын хоёр хү­нийг гэмтээсэн хэрэг гарчээ. Харин бага насны хүүхэд осолд өртөж буй шалтгаан нөхцөлийг авч үзвэл,  Замын хөдөл­гөөнд оролцож буй жо­лооч нар  анхаарал бол­гоомж­­гүй хөдөлгөөнд оролц­дог,  Авто замд ойр байр­лал­­тай сургуулийн ор­чимд  хүүх­­дийн аюулгүй байдлыг хан­гаж тухайн сургуулийн багш  нар нийслэлийн боловсролын га­зар, Замын цагдаагийн газрын дар­гын хам­тар­сан 148/90 тоот тушаалын хэрэгжилтийг хангаж ажил­ладаггүй, хүүхдэд хамгаа­лах бүс зүүлгэдэггүй зэрэг олон ар­ван зөрчил илэрсэн байна.

Энэ тухай Замын цаг­даагийн газраас удаа дараа  анхааруулдаг ч осол хэрг­ийн хэмжээ буурахгүй  байгаа нь жолооч нарын хариуцлагагүй байдалтай шууд холбоотой юм. Түүнчлэн сүүлийн өдрүүдэд согтуугаар тээв­рийн хэ­рэгсэл барьж байгаа жолооч нарын тоо даруй өсчээ. Тухайлбал, өн­гөрөгч 12-13-нд шилжих шөнө зам тээврийн 130 орчим дуудлага ирж, 14 хүн бэртсэн байна. Азаар нас барсан хүн байхгүй ч эд материалын хохиролтой 25, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон журамлагдсан 54 тохиолдол гарсан байна.

Б.ШИРНЭН

Нийгмийн толь


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих