Дөрвөн ихэр хурга эзнээ баярлуулж, ижил сүргээ олшруулжээ

hurga-4-middleБаянхонгор аймгийн Галуут сум таван эрдэнэт мал сүргийнхээ тоогоор аймагтаа толгой цохидог сумдын нэг. Тус суманд цагийн хатууг баатарлаг хөдөлмөрөөрөө даван туулдаг ажилсаг, хөдөлмөрч малчин олон.

Өнгөрсөн өвлийн цагийн хатууг ажиралгүй даван туулж их цасан хайлмагтах урин хавартай золгосон нь бахдууштай. Өнөө жилийн дэлгэр сайхан зуны долоон сарын дунд үеэс түүхэн хөгжлийнхөө 90 жилийн ойг өргөн дэлгэр, саруул сайхан тэмдэглэхээр эрвийх дэрвийхээрээ бэлтгэлээ базааж буй энэ үед сумын хэмжээгээрээ эрдэнэт мал сүрэг нь ихэр олон төллөж эзнээ баярлуулж, ижил сүргээ олшруулж байгаа нь энэ сумынхны бас нэг бахархал гэлтэй. Саяхан тус сумын Сүмбэрийн II багийн нутаг Сүүжийн хөх гангад хаваржиж буй малчин Д.Чимэдбальдар, Н.Түвшинжаргал нарын хотонд дөрвөн ихэр хурга гарч төлийн дуунд түрлэг нэмжээ. Энэ хот айлын /ээж, хүү хоёр/ хамар цагаан халзан хониноос гурван охин, нэг эр хурга гарсан нь тэр. Энэхүү халзан хонь нь сүүлийн таван жил дараалан гурван ихэр төллөсөн бол энэ хавар дөрвөн ихэр төрүүлжээ.

Нутгийнхан эзэндээ ээлтэй, ижил сүрэгтээ тоо нэмсэн буянт мал гэдэг аж. Энэ хонь сүүлийн жилүүдэд 19 төл гаргажээ. Ийнхүү ижил сүргээ олшруулж, эзэн малчныхаа магнайг тэнийлгэн баярлуулсан нь энэ юм. Энэ хот айлын мал сүрэг ихэрийн удамтай. Хув халзан хонь нь гэхэд гурван ихэрийг хоёр удаа, зургаан хонь хоёр, 12 ямаа мөн ихэрлэсэн байна. Одоо гурван ихэрээр төллөдөг хоёр ч хонь төллөөгүй байгаа гэнэ. Эдгээр хонины хээл нь хүнд, гэдэс нь том байгаа, магадгүй таван ихэр ч байж мэднэ хэмээн тус сумын мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Ц.Батбаяр утсаар мэдээллээ.

Тус суманд цас ханзарч малын жил муу байна, сумын хэмжээгээр мал олноор ихэрлэж байгаа хэдий ч төллөсөн малын жилбэ муу байна. Гэсэн хэдий ч нэмэгдэл тэжээлээр эх малыг нь тэжээж гарсан төлийг эсэн мэнд бойжуулж байгаа аж. Цэн тогоруу зунд нь чуулж, цэцгэс алагладаг алагхан Галуутай нутагт төлийн дуутай хамт хаврын түрлэг айлчилжээ.

Нийгмийн толь

П.Санаадагва (Баянхонгор)


URL:

Сэтгэгдэл бичих