Ардчилсан засаг ард түмнээ айлгав
Ардчилсан Засгийн үед амар тайван амьдарна гэсэн итгэл ард олонд байсан. Гэтэл энэ итгэлийг ор хоосон хүлээлт болгохыг Сүхбаатарын талбайд болсон уржигдрын жагсаал тодоос тод харуулав.
Орон сууцтай болох гэсэн бага, дунд орлоготой иргэд хашаа байшингаа зарах нь зарж, мөнгө зээлэх нь зээлж өмнөх Засгийн газрын үед санаачилсан “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-т хамрагдсан. Гэвч энэ нь сүүлдээ “Мянгуужингийн үлгэр” болсноор олон зуун хүн эд хөрөнгө болоод бие сэтгэлээрээ хохирч эхэлсэн юм. Тэд өөрсдөдөө тулгараад байгаа асуудлаа Засгийн газар болон бусад холбогдох байгууллагуудад хандаж хүсэлт, шаардах бичиг хүргүүлсэн ч тэд өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Иймээс “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн хохирогчид Сүхбаатарын талбайд гэр барин жагсаж, нойтон өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн.Гэтэл хаанаас ч юм бүү мэд хүчний байгууллагынхан гэнэт гарч ирэн барьсан гэрийг нь хүч хэрэглэн нурааж орхисон нь МАХН-ын Засгийн газрын үед болж байсан үйл явдлуудыг бичлэг ухраан үзэж байгаа мэт нүдэнд харагдав. Уг нь монголчууд амар тайван амьдрахыг хүсэж, ардчилсан засгийг сонгосон биш гэж үү. Гэтэл МАХН Засгийн газрын үед болж байсан дүр зураг дахин давтагдав. Давтагдах давтагдахдаа ардчилсан Ерөнхийлөгчтэй, ардчилсан Засагтай үед давтагдав.
Өмнө нь өөрсдийн үзэл бодол, эрх ашгаа хамгаалах гэсэн тариаланчид Э.Бат-Үүлээр удир-дуулан трактортай жагсаал хийж байсан. Тэр үед МАХН төрийн эрхийг дангаараа атгаж, та-риалангийн газрыг зөвхөн компанийн эздэд хувьчлах болсон. Үүнээс болж Төв, Сэлэнгэ аймгийн тариаланчид багахан хэмжээний газраа хувьчилж авахын тэмцсэн. Тухайн үед эрх ба-ригчид тракторчдыг нийслэл рүү оруулахгүй гэж 22-ын товчооны цаана хүчний байгууллагынхныг байршуулж, хүнд даацын машин механизмаар замыг нь хаасан. Гэвч тэд нийслэл рүү ороод ирсэн. Орж ирэхээс ч аргагүй. Өөрсдийнхөө төлөө тэмцэж байгаа хүмүүс шүү дээ. Харанхуй шөнөөр Сүхбаатарын талбайд орж ирсэн тариаланчдын тракторын эд ангийг салган хурааж, тэднийг золбин нохой хөөж байгаа мэт зодож, бүр хорьж байсан нь МАХН-ын эх баригчид, иргэд хоорондын анхны тэмцэл биш байлаа.
Мөн өнгөрсөн 2006 онд ахмадуудын эрх ашгийг хамгаалахаар тэмцэж явсан Ахмадуудын холбооны тэргүүн Г.Баасанг цагдан хорьж бөөн юм болж байсан. Энэ мэт эрхээ хамгаалахаар тэмцэж явсан олон хүнийг зодохыг нь зодож хорихыг нь хорьж байсан тэр “хар” он жилүүд МАХН-ын Засгийн үед, тэр дундаа Н.Энхбаярын хэмжээлшгүй эрхийг атгаж байхад болж байсныг хүн болгон мэднэ. Энэ ч үүднээсээ “иймэрхүү зүйл дахин битгий давтагдаасай” гэж бодсон учраас өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан намыг сонгосон. Гэвч хүмүүсийг итгэл хүлээлгэсэн засаг маань бага, дунд орлоготой иргэдэд хүчээ гаргалаа. Харин одоо “Иргэд бид чинь хэнд найдаж, хэнээр улс орноо удирдуулахаар сонгочихвоо” хэмээн халаглах хүн олон байна.
Арав гаруй жилийн өмнө трактортай жагсаал зохион байгуулж байсан тариаланчдыг зодохыг нь зодож, хорихыг нь хорьж байсан шалтгаан нь төрийн тусгай хамгаалалттай газар хүнд машин механизм байрлуулсан явдал байсан. Гэтэл зөв зүгээр байсан хүмүүсийг “Та нар орон сууцтай бол” гэж уриалж баахан хохироочихоод эцэс сүүлд нь “хохь чинь” гээд хаячихаар ямар ч хүн бухимдах нь тодорхой. Өт хүртэл хатгахаар атиралддаг. Иймээс тэд хатгахад нь зөвхөн л атиралдсан төдий. Гэтэл ардчилсан засаг гэмтэн, ялтантай харьцаж байгаа мэт хүч хэрэглэн арай хийн барьсан гэрийг нь хэдхэн хормын дотор талын нэг тараасан нь Ардчилсан намд итгэх хүмүүсийн бодол салхитай цуг хийсэн одов. Ер нь тэгээд бид чинь хэнд итгэж, хэнд найдаж ирээдүйгээ даатгах вэ.
Ж.Баттуул
URL: