Колаг өдөрт 10-20 литрээр нь уувал, гоё оо

1_1363139305АНУ-ын Нью Йорк мужид Кока коланаас татгалзах уриалга гаргасан гэнэ. Дэлхийн дөрвөн тэрбум хүн өдөр бүр хэрэглэж байгаа ундаанаас татгалзаад ер нь хаа холдох вэ дээ. Шал утгагүй юм. Харин ч дэлхий даяа­раа хэрэглэдэг, амт чанар сай­тай, амтлаг ундааны хэ-рэг­лээг дэмжих ёстой байтал эсрэгээрээ татгалзах уриалга гаргаад. Одоо халуун зун болж байна, кока кола хам­гийн эрэлттэй ундаа болно. Манай Монголд бол кола шиг их борлуулалттай ундаа ховор. Төр засгаас бор­луу­лалтыг нь дэмжих ч арай юу юм. Гэхдээ л ямар ч бай­сан кола битгий уу гэж ард түмэндээ хэлэхгүй. Нэг талаас чөлөөт зах зээлийг дэмждэг, ардчилсан улс гэд­гээ нотолж байгаа биз дээ. Харин мөнөөх эрх чөлөөний орон гэдгээрээ гайхуулагч Америкт колаг хориглоно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Америкийн эрх чөлөө гэдэг нь энэ байх нь. За тэр холын америк ч яах вэ. Ямартай ч “тэнэг” л улс байна. Монголчууд маань харин болж бай­на шүү. Монголчууд гэрээсээ гараад, үүднийхээ ямар ч дэлгүүрт ороод Кока кола худалдан авч чадна. Хаанаас ч аваад уучихаж болно. Ийм эрх чөлөөтэй байх нь л чухал шүү дээ. Сайхан л байна. Зуны халуун өдөр хүйтэн кола уугаад л амны цангаа хэчнээн сайхан тайлагддаг билээ. Угаасаа хүн бүр л үүнийг мэдэж байгаа. Хүн бүр хэлдэггүй л болохоос биш бүгдээрээ л кока коланд дуртай. Хүн бүр л уудаг. Ер нь өдөрт 10, 20 литрээр нь кола уумаар байна.  Гоё шүү дээ. Халуун зун, цэл хүйтэн кола янзтай биз. Мөнөөх хүйтнээр нь уувал бүр янзтай гэдэг шиг. Тэгэхээр кока кола үйлдвэрлэж байгаа “ЭмСиЭс”-ийнхэн үйлдвэрлэлээ улам нэмэгдүүлэх хэрэгтэй байх. Дээрээс нь төр засгаас бага зэрэг дэмжээд өгөхөд ер нь яагаад болохгүй гэж. Тэртээ тэргүй монголчуудаас гадна дэлхийн дөрвөн тэрбум хүн кока колаг ямар нэгэн хэмжээгээр хэрэглэж л байна. Тийм байхад америкчууд коланаас татгалзах уриалга гаргаж байдаг бас их сонин улс юм даа. Коланаас татгалзаж л байдаг.

 

Л.Энхдэлгэр


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих