Монголчууд “Роснефть”-ийн нүүдлээс айхгүй

1_1363139523ОХУ-ын “Роснефть” Монголд нийлүүлэх шатахууны нийлүүлэл­тээ 25 хувиар багасгажээ. Ингэснээр “Роснефть”-ийн орлого буурахгүй гэж үзэж байгаа юм байна. Харин Монголд энэ нь хэр тусах бол. Нэг зах зээлээс хамааралтай манай улсын хувьд өмнө нь ОХУ хилийн үнээ нэмэх, эсвэл “Роснефть” ямар нэгэн өөр нүүдэл хийхэд л шатахууны үнэ савладаг байсан гэхэд хилсдэхгүй. Үнэ савлахыг дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ч өсчихдөг. Шинэ оны өмнөхөн “Роснефть”-ийнхэн бензин, шатахууныхаа үнийг нэмэгдүүлж байсан. Аз болоход Монголбанк Засгийн газар­тай хамтраад шатахууны үнийн хөтөлбөр хэрэгжүүлээд эхэл­чих­сэн байсан учраас шатахууны жижиглэнгийн үнэд томоохон өөрчлөлт гараагүй билээ. Оны өмнө зарим төрлийн автобензиний үнэ литр тутамдаа 50 төгрөгөөр нэ-мэгдсэнийг эс тооцвол шүү дээ. Тус компани өнгөрсөн онд манай улсад 1.4 сая тонн нефтийн бүтээгдэхүүнийг нэг тэрбум ам.дол­лараар нийлүүлж байжээ. Харин энэ жил 1.068 сая тонн нефтийн бүтээгдэхүүн ний­лүүлэхээр тооцоолж байгаа аж. Энэ хэмжээний бүтээгдэхүүнийг Рос-неф­тийнхэн манай улсад 1.1 тэрбум ам.доллараар арилжих төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Нефть бүтээгдэхүүний үнэ өссөн учраас Роснефть ийнхүү өмнөхөөсөө бага хэмжээний шатахууныг илүү өндөр үнээр манайд нийлүүлж байгаа юм байна.

Манай улсын хувьд ОХУ-аас нефть бүтээгдэхүүний хувьд 90 гаруй хувийн хараат байдалд буй. Урд хөрш болон БНСУ зэрэг улсаас евро стандартын шатахуун худалдан авахаар болсон ч төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, манай улс одоо ч гэсэн ОХУ-аас нефть бүтээгдэхүүний  хувьд хараат хэвээр байна. Гэхдээ сүүлийн хэдэн сард үнэд тийм ч том өөрчлөлт ороогүй. Өөрөөр хэлбэл, манай улс нэгэнт хамгаалалттай болчихсон. Хойд хөршид нефть бүтээгдэхүүний салбарын бодлого өөрчлөгдөхөд манайх “дагаж намирдаг” байсан цаг өнгөрсөн гэсэн үг. ОХУ-ын хувьд нефть бүтээгдэхүүнтэй хол­боотой асуудал аль 2011 оноос эхлэлтэй. Тэр үед ОХУ дотооддоо нефть бүтээгдэхүүний хомсдолд орж, гадаад улсууд руу экс-портлохоо зогсоохоо мэдэгдсэн. Гэхдээ үүнд Монгол Улс багтаагүй гэдгийг тус улс албан ёсоор мэдэгдэж байсан ч манайд үнэ өссөн. Хожим нь энэ үнийн өсөлт үндэслэлгүй байсан нь тогтоогдож, импортлогчид 17 тэрбум төгрөгийн торгууль хүлээгээд байгаа. Энэхүү торгуультай холбоотой асуудал одоо ч дуусаагүй байна.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн ачаар нефть бүтээгдэхүүний үнэ тогтвортой байж, бензин, шатахууны нөөц нэмэгдсэн гэдгийг Засгийн газраас мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, ОХУ манайд нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээг багасгалаа гээд манай улсад ямар нэгэн байдлаар нөлөөлж, импортлогчид хомсдолд орохгүй нь. Ийм нөх­цөлд шатахуун импортлогчид “Роснефть”-ийн мэдэгдлийг даган үнээ өсгөхгүй л болов уу. Өмнөх торгуулийнх нь асуудал дуусаагүй байхад шүү дээ. Нөгөөтэйгүүр шүүхийн шийдвэрийн дагуу импортлогчдын тор­гуулийг төлүүлэхийн тулд дансыг нь хаагаад багагүй хугацаа өнгөрч байна. Түүнчлэн оны өмнөхөн бен­зин, шатахууныхаа үнийг тогтвортой байлгана гэж хэлээд Монгол­банкнаас олон тэрбум төгрөгийн зээл авсан импортлогчид энэ удаад хэлснээсээ зөрөхгүй гэж найдаж болох юм. Хэрвээ хэлснээсээ зөр­вөл хууль, дүрэм чанга, хатуу болсон гэдэг нь одоо харагдаж байгаа. Тэгэхээр шинэчлэлийн Зас-гийн газар үнэ тогтворжуулах хөтөл­бөрөөр дамжуулан даварсан импортлогчдыг дарж чадсан гэж ойлгож болох нь.

Дашрамд дурьдахд, ОХУ өөрсдөө шинэчлэл хийж, евростандарт руу шилжихээр бэлтгэж буй. Үүнтэй холбоотойгоор нефть бүтээгдэхүүний экспортоо тодор­хой хэмжээнд хязгаарлаж эхэлсэн. Өнгөрсөн оны сүүлчээр хилийн үнэ болон экспортын татвар нь нэмэгдсэн. Түүнчлэн “Роснефть” бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэг­дүүлсэн зэргээс үүнийг харж болох юм.  Хэрвээ ийм хөтөлбөр бай­гаагүйсэн бол өнгөрсөн хугацаанд нефть бүтээгдэхүүний үнэ хэдэн ч удаа, хэчнээн ч төгрөгөөр өсөх байсан юм. Манайхан ОХУ неф­тийн үнээ нэмэх, хилийн татвараа өөрчлөх болгонд “хойд хөршийн башир арга” гэж хардах нь бий. Дээр дурьдсанчлан хэрвээ энэ удаагийн “Роснефть”-ийн нүүдэл хойд хөр­шийн муу санаа байлаа гэж тооцвол, монголчууд муу санаанаас айхааргүй болжээ.

 

Л.Энхдэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих