С.Баяр ерөнхийлөгч болохын тулд эргэж ирэх үү

cfbbcb853685235ebigС.Баяр Америкаас эргэж ирэх нь. Тэгээд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх юм гэнэ.

 

Сонгуулийн бэлтгэл ажлаа аль хэдийнэ эхэлчихсэн. Хуучин өр ширээ сөхөж байгаад штабынхаа байрыг гаргуулж аваад хүмүүсээ ажиллуулаад эхэлчихэж хэмээн хэвлэлүүд бичих аж.

Нэгэн цагт Ерөнхий сайдын албан тушаалаа сайн дураараа хүлээлгэн өгч, өрөвчхөн нэгнийх нь ну¬лимсыг цийлэгнүүлсээр С.Баяр Монголын улс төрөөс “холдсон”. Ардын намын ганц лидер, Засгийн газрын ганц тэргүүн, бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн ганц хүн нь байсан хэрнээ тэр бүхнээ нэг л өдөр орхиод явчихсан. Зарим нь түүнийг цагийг нь олж жолоогоо татсан хэмээн магтаж байхад нөгөө хэсэг нь “Ийм их зүйлийг орхисныхоо төлөөсөнд юу авчихав” гэж хардаж байв.

С.Баяр таван төгөлдөршлийн тухай ярьдаг байлаа. Тэдгээр нь тухайн үедээ бол гэнэхэн ардуудад уярахаар сайхан төлөвлөгөө, сайн ч бодлого юм шиг харагдаж байв. Харин 2009 онд ажлаа хүлээлгэн өгснөөс нь хойш түүний таван төгөлдөршил юу болж хувирсныг дүгнэх эрх өнөөдөр монголчуудад бий.

Хишиг хуваарилалтын төгөлдөршил хэмээх ойлголт дунд нь “Эх орны хишиг гэдэг нь нэг удаад идэх загас өгөх биш, харин загас барих аргыг зааж өгнө” хэмээн тодотгож өгсөн байдаг. Гэтэл иргэдэд 1.5 сая төгрөг бэлнээр нь тарааж өгнө хэмээн амлаж, сонгуулийн шоу хийснийх нь балгийг Сү.Батболдын засаг үүрсэн юм. Тэгээд хэлсэндээ хүрч, амласнаа биелүүлдэг болох гэж хөрөнгө оруулалт нь хийгдэж эхлээгүй байгаа Тавантолгойгоор туг тахиж орхисон. Өнөөдөр газар дороо асар их баялагтай ордыг эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” компани хэзээ төлж барах нь тодорхойгүй асар их өртэй болчихоод байна.

С.Баярын үед байгуулагдсан Оюутолгойн гэрээг хар. Тооцоолж төлөвлөсөн хөрөнгө оруулалтаасаа хэд дахин давсан мөнгийг “Рио Тинто” оруулаад ирчихсэн. Байгаль орчны талаарх үнэлгээ нь хангалтгүй байна гэж үзсэн америкчууд “Дэлхийн банк”-наас Оюутолгойн төсөлд зээл олгох гэж байсныг нь болиулчихаж. Гэтэл өнөөдөр Оюутолгой орчим дахь байгаль орчны мэдээллийг харийнхан өгөхөөс татгалзаж байна. Байгуулсан гэрээ нь бөөн асуудал. “Энийг чинь ингэж засч болох юм байна” гээд салбар хариуцсан сайд нь гүйгээд очихоор нөгөөдүүл нь гэдийгээд суучихна. С.Баярын Засгийн газартай гэрээ байгуулсан “Айвенхоу Майнз” компани өнөөдөр сураггүй болсон. Тэд өөрсдийн хувьцаагаа “Рио Тинто”-д зарчихсан. Гэтэл монголчууд яагаад хаа байсан канадуудаар зуучлуулан байж ирээдүйн хөрөнгө оруулагчаа хайж олсны шалтгаан нь тодорхойгүй хэвээр хоцорсон юм. Тийм ч учраас С.Баярыг Оюутолгойн гэрээг байгуулсныхаа төлөөсөнд юу авав гэж хүртэл хардсан нь бий.

С.Баярын үед “Атрын III” аян гээчийг өрнүүлж байв. Газар тариаланг хөгжүүлж, гурилын хэрэгцээгээ дотроосоо хангана гэхээр нь “Хямд аятайхан гурил хэрэглэх нь” гэж саналаа. Гэвч гурилын үнэ хэвээрээ байна. Төрөөс өчнөөн татаас авсан хэдэн тариаланч нь тарьсан буудайгаа хурааж хадгалах агуулах олдохгүй, хураасан буудайгаар нь сайн чанартай гурил хийж болохгүй байгаа. Ингээд импортын гурилын зах зээл өмнөхөөсөө нэмэгдсэн үү гэхээс лав буурсангүй хэвээр үлдсэн бололтой.

Ер нь С.Баяр юу хийсэн юм бэ. Юу хийсэн болоод эргэж ирэх гээд байгаа юм бэ. Магадгүй түүнийг эргэн авчрах сонирхолтой улстөрчид Ардын намд байгаа болохоор ингэж байж болох юм. Гэтэл Ардын намын өнөөдрийн ялагдлын С.Баяртай холбогдож бичигддэг бий.

Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн Н.Энхбаяр Ц.Элбэгдоржийн оронд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болъё гэсэн. Гэвч тэр үед намын дарга байсан С.Баяр “Үгүй” хэмээн гэдийж, Д.Зоригтыг нөхөн сонгуульд өрсөлдүүлсэн юм. Хэрэв Н.Энхбаяр гишүүн болсон бол дараа нь УИХ-ын дарга болох байсан, тэгээд… Ер нь Ардын нам парламентын сонгуульд ингэж ялагдах байсан болов уу. Гэвч өнөөдөр энэ намд лидер байхгүй болсон. Үүн дээр нь тоглолт хийж, С.Баярыг гаргаад ирэх сонирхол Ардын намынхан дунд байсаар л байна.

Гүйцэтгэх засаглалыг тэргүүлэхээ больсны дараа С.Баяр УИХ-ын гишүүний ажлаа хийх болсон. Гэхдээ далайн цаадах орноос, хэдэн мянган километрийн цаанаас шүү. Ерөнхий сайдын албаа өгснөөс хойш тэрбээр Монголд бараг л үзэгдээгүй юм. Америк руу үе, үе явж, эгээ л тэндэхийн иргэн болчихоогүй. Одоо ч тэнд амьдарсаар байгаа. Америкт хаус худалдаж авсан л гэнэ, тэнд эхнэртэй болж гэнэ, хүүхэд нь төржээ гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснуудыг чимсээр байна.

Ямартай ч дөрвөн жилийн өмнөхөөс олон зүйл өөрчлөгджээ. Тэр үед ард түмэн С.Баяраас хүлээх хүлээлт нь өндөр байсан бол одоо тийм биш. С.Баяр ямар хүн гэдгийг, яаж ажилладгийг, ямар бодлого явуулж, алдаа, оноог нь яаж үүрдгийг, яаж хариуцдагийг бүгдийг нь мэддэг болсон. Тэгэхээр одоо С.Баяр хуучных шигээ зангарагтай байж чадах уу. Ерөнхийлөгчийн сонгууль түүний өрсөлдөх сунгаа мөн үү. Бас л эргэлзээтэй асуудал юм.

Т.Элиса

uls toriin toim


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих