“Мобиком” хэрэглэгчээ залилсан хэргээр шалгуулах бололтой
Сугалаа, азтан, хонжвор, байр, машин, бэлэг бас давхар бонус. Энэ бол үүрэн телефоны оператор компаниудын “брэнд” үг. Харин эл үгсийг амны уншлага болтол нь хэрэгжүүлж чадна гэдэг асар их маркетинг юм. Тодруулбал, тархи угаах ажилдаа гаршсан нэгний хийж чаддаг зүйл. Тиймээс “Худал үгийг мянга давтвал үнэн болдог” гэх жишээг өргөн нэвтрүүлгийн ашигтай цагаар цацагддаг реклам, сурталчилгаа амьдрал дээр бодитой мэт харагдуулдаг юм. Үндсэндээ олны анхаарлыг татаж чадсан кино, нэвтрүүлэг мэдээ, материал нь бүхэлдээ реклам татах үүднээс хийгддэг гэхэд хилсдэхгүй. Тиймээс өөрийн бараа материалаа сурталчилах нь орлого өсгөх хамгийн шилдэг арга байсаар иржээ.
Харин монголд хамгийн ихээр реклам, сурталчилгаа цацдаг байгууллагын тоонд үүрэн телефоны үндэсний операторууд багтана. Магадгүй тэдэнд реклам гэх үг жулдаж ч мэднэ. Учир нь тэд хүний сэтгэлийг уяж чадах хосгүй сайхан кино бүтээдэг болсон. Магадгүй, дэлхийн шилдэг рекламд өрсөлдөөд ялвал гайхах зүйлгүй биз. Гэвч реклам, амьдрал хоёр алд дэлмийн зөрүүтэй байна. Тиймээс юун түрүүнд тархи угаах ажиллагаанд тэд хичнээн төгрөг зарцуулдагыг бодож үзье.
Улс даяар эфирээ цацаж “HD” буюу өндөр нягтаршилаар дүрс дамжуулдаг хэд хэдэн суваг байна. Эдгээр сувгууд техник технологоор тэргүүлж байгаа учраас багагүй мөнгө зарцуулж бүтээсэн рекламыг чанартай хүргэх шаардлага хангадаг. Харин тэд нэвтрүүлгийхээ оргил цаг буюу оройн 18.00-с үдшийн 23.00 хүртэлх хугацаанд нэг секундын рекламыг 3-4, 6-10 мянгын хооронд үнэлж, 10 минутын шууд нэвтрүүлгээ нэг сая гаруй төгрөгт багтаадаг. Мөн реклам, нэврүүлгийн шторкийг 10 гаруй сая төгрөгөөр үнэлэдэг. Харин FM, радио харьцангуй хямдхан ч нэг секундээ дунджаар гурван мянган төгрөгөөр тогтоож, эх бэлтгэл, жүжигчин унших зэрэгт үнээ өсгөдөг. Харин энэ бүгд нэг л удаагийн рекламны үнэ. Тэгэхээр үндэсний үүрэн телефоны групп, корпорациуд олон давтамжаар, олны танил хүмүүсээр, өргөн баг бүрэлдэхүүнээр реклам бэлддэг гэхээр хэрэглэгч биднийг татах гээд сэтгэлээ ихэд чилээдэг бололтой. Мэдээж өндөр өртөгөөр бүтсэн реклам үүнээсээ илүү ашиг авчрах учиртай. Тиймээс тэд “саяыг зарж тэрбумыг” олоод буй юм. Харин бид хэнгэрэг хаграм хэдэн үгийг насаараа шахуу сонссоор ирлээ. Тэр нь хүрэлцэхгүйн гайхамшиг буюу “дансаа цэнэглэнэ үү” гэх утгатай үгс юм.
Харин эл үгсийг хамгийн их сонсдог хэрэглэгчид “Мобиком”-ынхон. Илбэ үзүүлэхэд нарийн ухаанаас өөр зүйл хэрэггүй гэдгийг мэддэг ч үзэх бүртээ ид шид хэмээн боддог хижээл насны хүн “Моби”-гийн хэрэглэгчдийг төлөөлнө. Монгол Улсын хүн ам 3 сая хүрэхгүй байхад “Мобиком” 1.2 сая дахь хэрэглэгчээ өлгийдөн авсан нь яах аргагүй “мансууруулах бодис”-ийн үйлчлэл гэлтэй. Өөрөөр хэлбэл, үнэ өндөр, өртөг ихтэй, хуучинсаг үзэлтэй хэмээн адлагддаг “Мобиком” үүнийг залжинаар ашиглаж чадсан нь хүний хөөрүү зангаар наадах байв. Тэр нь “Нэр төрийн баталгаа” гэх хий хөөрөгдүүлсэн үг байв. Улмаар азын дугаар, ижил төстэй дугаар, хэрэглэсэн жилийн урамшуулал зэргээр дугаарынхаа үнийг хөөрөгдөж, “99******” серийн дугаарыг “од” болгож, олны сэтгэлийг ховсдож чадсан байдаг. Мөн олон жилийн турш монопол эрх эдэлж, улмаар одоо ч гэсэн байр сууриа хадгалаж байгаа тус компани урьдчилсан гэхээс илүүтэй дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчиддээ илүүтэй анхаардаг. Энэ нь уван цуван нэгж авдаг, утасных нь хугацаа дуусдаг хэрэглэгч нарын хүрээг хумхих гэсэн хойчийн бодлого байж болно. Гэхдээ “дараа төлөгчийг” дан ганц “Мобиком” гэлтгүй бусад үүрэн телефоны оператор компаниуд ч сэтгэлдээ тээдгийг үгүйсгэхгүй. Үүнийг хэдэн жилийн өмнө мэндэлсэн багц гэх үйлчилгээнээс харж болно. Энэхүү багц нь хэрэглээгээ өөрөө сонгох боломжийг бүрдүүлж байгаа гэх ч нийгмийн давхарга бүрт зориулсан гэдэг нь шууд ажиглагдана. Улмаар иргэдийг дараа төлбөртийн алхам руу түлхэх, дасгах нэг бодлого байж болох юм. Угаасаа урьдчилсан төлбөрт байх нь үйлдвэрлэлийн зардлыг өндөрсгөх хамгийн том шалтгаан болж өгдөг. Тиймээс дараа нь төлөх боломжгүй иргэдийг танах ажиллагаа эхэлсэн ч байж магадгүй. Тиймээс элдэв янзын судалгаа явуулж, дугаараа солилгүй дараа төлбөрт болъёо зэргээр тархи толгой угаадаг ч байж мэднэ.
Харин дараа төлбөртийн хэрэглэгчид хамгийн их “зовиур” эдэлдэг талаар хэдхэн хоногийн өмнө нэгэн баримт дэлгэгдэв. Тэр нь хэрэглэснээсээ ихийг төлдөг байсан, зохиомол дугаарын жагсаалт гэнэ. Тодруулбал, Мобикомын дараа төлбөрт дугаар эзэмшигч иргэн дэлгэрэнгүй биллээ шалгахад, “Мобиком” корпораци 99000030, 603, 510, 599 зэрэг тусгай дугааруудаа ашиглан иргэний төлбөрийг нэмэгдүүлж байжээ. Түүнчлэн тэрбээр олон улсын мессэж роуминг үйлчилгээг хоёр сард 15 удаа ашигласан билл авсан байна. Гэтэл тэрбээр үүний есийг нь ашиглаагүй гэдгээ мэдэж байгаа аж. Үүний улмаас тэрбээр “Мобиком” корпорацийг Харилцаа холбооны зохицуулах хороонд шалгуулах хүсэлт гаргасан байна. Түүнчлэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт мөн хүсэлт хүргүүлжээ. Тэгэхээр ойрын хугацаанд “Мобиком” корпораци шалгуулах бололтой.
Б.ШИРНЭН
URL: