Х.Тэмүүжинг яах вэ, Ерөнхий сайд аа

TeeeХууль зүйн сайд Х.Тэмүүжин хавтаст хэргүүдтэй нэг бүрчлэн танилцаж, толгой өндийх завгүй суудаг болжээ. Тухайн хэргийн талаар сайтар мэдээлэлтэй байж, өнөөх шинэчлэлийн талаарх яриагаа “амьдруулах” учраас ийнхүү ихэд хөдөлмөрлөх болсон бололтой юм. Анх долдугаар сарын 1-ний хэргийн талаарх мэдээллийг нийтэд ил болгож, сумны хонгио үзүүлж байсныг нь олон түмэн мартаагүй биз. Ямартаа л “хонгио” Тэмүүжин гэх хочийг тухайн үеийн пар­ламентын гишүүд мань хүнд оноож билээ.

Хавтас хэргүүдтэй танил­цах эрх Хууль зүйн сайдад бай­даггүй талаар экс сайд Ц.Ням­дорж мэдэгдэж байсан удаатай. Тэр ч бүү хэл, МИАТ-ийн хэрэг сөхөгдөх үед хэр­гийг “нуун дарагдуулсан” ялд унах шахсан хатуу самар “Цаг­даагийн байгууллагад ирж байгаа бичиг болгон надад танил­цуулагддаггүй. Ер нь шалгагдаж байгаа асуудал хувь хүнтэй холбогдоод ирэхээр Хууль зүйн сайд тод­руулах боломжгүй. Хэрэв энэ талаар яриад эхэлбэл улс төрийн зорилготой болоод явчихна. Хоёрдугаарт, мөр­дөн байцаах хэрэг бүртгэх аж­лын нууц задарна” хэмээн тодотгож байлаа. Тэгвэл Х.Тэмүүжин сайдын удаа дараа­гийн үйлдлүүд чухам юуг илэрхийлэх болов. Хэрэг бүрийг улстөржүүлж, ах намыг намнаж эхлэв үү эсвэл шинэч­лэлийнхээ хүрээнд мөрдөн бай­­цаалтын нууц гэгчийг үгүй болгохыг зорив уу. Юутай ч салбарын сайдын “хэрэг дэлгэх” ажиллагаа хуулийн сал­барынх­ныг цочролд оруу­лаад байна.

Цаашлаад МИАТ-ын хэр­гийг нийтэд ил зарлахаас өөр арга байгаагүй гэж тайлбарласан сайд маань өнгөрөгч арванхоёрдугаар сард Хонг Конг явж их хэмжээний мөнгө чухам хаашаа орсныг тодруулахаар явсан тухайгаа өгүүлжээ.

Хонг Конг манайтай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй учраас хэлэх боломжгүй гэсэн аж. Тэгвэл “Авлигатай тэмцэх конвенц”-ийн дагуу зөвхөн сувгийг нь заагаад өгчих, бид өөрсдөө олъё гэсээр өдгөө зургаан сая ам.долларын  учрыг олжээ. Түүнчлэн МИАТ-ийн болон бу­сад том хэрэгт үзлэг шалгалт хийхэд цагдаад байгаа бүх мэдээлэл гэрээс нь гарч ирсэн. Манай цагдаа тэгэхээр гэмт хэргийг мөрдөн шалгах биш, харин ч гэмт хэрэгтнүүдэд мэ­дээл­эл өгсөөр ирсэн гэдгийг Х.Тэмүүжин сайд хэлсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт л гэхэд шинэчлэлийн Засгийн газар, тэр дундаа Хууль зүйн яам өнгөрсөн хугацаанд ямар ажил амжуулсан талаарх мэдээллийг өгөх “үүрэг” хүлээсэн салбарын сайд хэд хэдэн хэргийн талаар мэдээлэл “дэлгэж”, мөрдөн байцаалтын нууцад “халдав”. Тухайлбал, МИАТ-ийн хэргээр саатуулан шалгагдаж байгаа эрхмүүд гэрчүүдийг утсаар дарамталсан гэнэ. Сайдын хэлж байгаагаар саатуулагдаж буй эрхмүүд биедээ гар утастай байсан төдийгүй үргэлж гадагшаа холбогдож байжээ. Энэ тухай мэдэж, гар утсыг нь хураан авч шалгахад тухайн хэрэгтэй холбоотой хүмүүс рүү үргэлж холбогдож байсан аж. Хамгийн гол нь хорихоос ирэх дарамтаас болж зарим хүн мэдүүлгээсээ буцаж эхэлсэн гэж байгаа. Мэдээж, салбарын сайд хэргийг санаатайгаар дэлгэсэнгүй. Гагцхүү шинэчлэлийнхээ хүрээнд хийж байгаа ажлыг жишээгээр тайлбарлах гэ­сэн өчүүхэн оролдлого байсныг тодотгох нь зүйтэй биз. Гэхдээ сайдын мэдээллээс хууль зүйн салбар дахь шинэчлэл гэ­хээ­сээ илүүтэй дуулиант хэргүүдийн та­лаарх шинэ мэдээллийг сэтгүүлчид “ол­зол­сон” юм. Тодруулбал, Хууль зүйн сайд интер­польд захидал илгээсэн. Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьяан нь ин­тер­­по­лоор эрэн сурвалжлагдаж байгаа Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, Б.Тулга нарын эрэн сур­валжлах ажиллагааг зог­соох хүсэлтийг илгээснээс болж АТГ-т шал­гаг­даж буй дэд сайдынхаа хэргийн та­лаарх мэ­дээллийг “уудаллав”. АТГ дэд сай­дын хэргийг шалгаж дууссан бөгөөд удах­гүй прокурорт шилжүүлэхээр болсон. Мөн дэд сайдынхаа албан тушаалаа урвуу­лан ашигласан үйлд­лийн талаар Ин­тер­­­полд захидал илгээж хүлцэл өчсөн гэнэ.

Цагдааг шахаад эхлэхээр том том хэргүүд манайд эхнээсээ илэрч байна. МИАТ, Татварын ерөнхий газрын дарга нарын хэргүүдийг та бүхэн сонссон байх. Энэ бол зөвхөн эхлэл гэдгийг нь тодотгохоо ч мартсангүй. Ямартаа л цагдаагийн дарга нар хэрхэн хөрөнгөждөг талаарх мэдээллийг хүртэл “дэлгэх” билээ. Х.Тэмүүжин “Цагдаагийн дарга нар хөрөнгөжөөд байдаг. Тэднийг зайлуулаад эхэлсэн, зарим нь бүр Америкт ирчихсэн, Х.Тэмүүжингээс яаж Хууль зүйн яамаа салгаж авах вэ гээд хурал хийгээд явж байна гэнэ. Америкт ирж хуралдталаа тийм чинээлэг болсон байна шүү дээ” хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. Тэднээс өшөөгөө авах гэсэн үү, эсвэл сурсан зангаараа асуудалд хандсан уу АНУ-д элэг нэгтнүүдтэйгээ уулзахдаа хүртэл “хэрэг дэлгэж” сонирхуулсан гэж байгаа.

Сайдаар ахлуулсан гишүүд АНУ-д айлчлал хийж, тус улсын Вашингтон, Нью-Йорк хотуудад ажиллаж, Мөрдөх алба, Холбооны мөрдөх товчооны үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэрээ тус улсад ажиллаж, амьдарч буй монголчуудтай уулзжээ. Ингэхдээ дээрх хэргүүдийн талаарх “хавтаст хэргийг” сөхөж, бараг л уншиж өгсөн талаарх хамт явсан нөхөд нь ам алдсан юм. Мөн сайд маань Эрдэнэт үйлдвэрийг шалгах хүсэлт их ирж байгаа ч боловсон хүчний нөөц дутмаг тул бололцоогүй гэх мэдээллээр элэг нэгтнүүдийнхээ сонорыг мялаажээ. Гадна, дотныхон сонсвол элэг нь хөшиж, бүр тохуурхмаар мэдээллийг хийсэн тэрбээр мөрдөн байцаалтын нууц гэх ойлголтыг уландаа гишгэжээ. Энэ дүгнэлтийг тус улсад суугаа элэг нэгт­нүүд нь ч хийсэн бололтой. Тан­химд суусан зарим нэг нь “Х.Тэмүүжин сайд ямар мэдэг­дэл хий­чихэв ээ” хэмээн уулга алдсан аж.

Улсынхаа аюулгүй байдал, хууль дүрмээ уландаа гишгэсэн Хууль зүйн сайдын энэ үйлдэлд Н.Алтанхуяг сайд аа хариу өгөхгүй бол горьгүй дог шүү. Х.Тэмүүжин сайд ажлынхаа арга барилыг нэг л олохгүй  байх   шиг. Эсвэл өөрийгөө Улсын Ерөнхий прокурор гэж эндүүрч явна уу, хөөрхий. Юутай ч сайдад ажил үүргийг нь сайтар ойлгуулахгүй бол энэ мэтээр хавтаст хэргүүдийг ээлж дараалан уншиж өгөх бололтой. Эсвэл энэ бүхнийг шинэчлэл гэж ойлгоод дуугүй байх уу, Н.Алтанхуяг сайд аа.

Л.НИНЖСЭМЖИД

\Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих