“РОСНЕФТЬ” шатахууныхаа нийлүүлэлтийг багасгаж үнээ нэмэхээр болов
ОХУ-ын газрын тос, байгалийн хийн тэргүүлэгч компанийн нэг, төрийн өмчит “Роснефть”-ийн захирлуудын зөвлөл саяхан хуралдаж энэ онд Монгол Улсад нийлүүлэх шатахууныхаа нийлүүлэлтийг багасгах шийдвэр баталжээ. Хэдийгээр Монголын тал “Роснефть”-ийг шатахууныхаа нийлүүлэлт болон үнэд ямар нэгэн сөрөг өөрчлөлт оруулахгүй, харин ч үнээ бууруулж, нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ гэж найдаж буйгаа уулзах тоолондоо илэрхийлж байсан ч тус компанийн захирлуудын зөвлөл 25 хувь бууруулж НӨАТ ороогүйгээр 1.1 тэрбум ам.долларын үнэ бүхий 1.068 сая тонн шатахуун нийлүүлэх гэрээ баталжээ.
Тус компани өнгөрөгч онд Монгол Улсад 1.421 сая тонн шатахуун нийлүүлсэн бөгөөд дээрх хасалт нь үүнээс 25 хувиар буурсан үзүүлэлт юм. Нөгөөтэйгүүр Монгол Улс өнгөрөгч онд 1.421 сая тонн шатахууныг нэг тэрбум ам.доллараар худалдаж авсан. Харин энэ онд 1.068 сая тонн шатахууныг 1.1 тэрбум ам.доллараар худалдаж авах нь. Өөрөөр хэлбэл, “Роснефть” нийлүүлтээ багасгаж, үнээ нэмлээ. Уг нь тус компани өнгөрөгч онд Монгол Улсыг оролцуулаад Ази тив дэх шатахууныхаа нийлүүлэлтийг 8.5 сая тонноор нэмэгдүүлж 57.3 сая тоннд хүргэж 228 тэрбум рубль буюу 7.4 тэрбум ам.долларын орлого олсон. Тэгвэл энэ сарын 4-нд нэмэх бус бууруулах шийдвэр баталсан “Роснефть”-ийн захирлуудын зөвлөл энэ тухайгаа Монгол Улсад албан ёсоор мэдэгдээгүй байна.
Тиймээс ОХУ-ын хэвлэл мэдээллийн бараг бүх л хэрэгслээр гарч буй энэ мэдээллийг манай талаас учир мэдэх хүн үндэслэлгүй, үнэн бол мэдэгдэх ёстой гэв. Газрын тосны олборлолт, худалдаагаараа дэлхийд толгой цохидог “Роснефть” компанийн хувьд Монгол Улсад нийлүүлж буй шатахууны хэмжээг “дусал”- тай зүйрлэхэд хилсдэхгүй. Мөн үнэ, нийлүүлэлт нь байнга өөрчлөгдөж туйлын тогтворгүй байна. Тиймээс Монгол Улс “Роснефть”- ээс шатахуун импортлохоо бууруулж эхэлжээ. Гэсэн хэдий ч энэ хоосон орон зайг мөн л ОХУ-ын төрийн өмчит “Газпром” компаниас хангаж байна. Манай улс дотоодын шатахууны хэрэгцээнийхээ 90 гаруй хувийг ОХУ-аас авдаг. Гэхдээ “Газпром” “Роснефть”-ээс Засгийн газрын эзлэх хувь бага. “Газпром”-ын 50.01, “Роснефть”-ийн 75 хувийг тус улсын Засгийн газар мэддэг. Энэ компани дахь улсын мэдлийн хувьцааг дэлхийн жишигтэй харьцуулбал хэтэрхий өндөр байна. Монгол Улсад нийлүүлдэг шатахууныхаа үнэ болон нийлүүлэлтийг тогтвортой барьж байсан “Юкос” компани эзэн Михаил Ходорковскийгоо шоронд хоригдсоны дараа “Роснефть”-ийн өмч болсон. Ингэснээр “Роснефть” тэргүүлэгч компани болсон бөгөөд Монгол Улсын шатахууны гол нийлүүлэгч болов. Түүнээс хойш 5-6 жилийн дараа 2010 онд манай “Чингис хаан” олон улсын нисэх буудалд шатахуун нийлүүлэх цогцолбороо нээсэн.
Үүнийг манай тал ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээ нэмэгдэх нь гэж хүлээж байв. Харин өнгөрөгч оноос хийн станц барих асуудлыг сонирхож эхэлсэн манай талд Монгол Улсад хийн 100 станц барих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн Кремлийн удирдлагууд төмөр зам барих төсөлд оролцох хүсэлтээ илэрхийлсэн. Гэсэн ч энэ хоёр хүсэлтэд манай талаас дорвитой хариу өгөөгүй. Энэ нь магадгүй шатахууны нийлүүлэлтээ багасгахад нөлөөлсөн байх талтай. Зарим эдийн засагч Кремлийн удирдлагууд улсын компанид шахалт үзүүлж Монголд нийлүүлж буй шатахууны үнийг нэмснээс тус улсын зүүн нутагт шатахууны үнэ өсч байгааг тогтоожээ. Мэдээж ганцхан Монголын хил дээр татвараа нэмэх нь зохимжгүй. Тиймээс бүс нутаг даяар нэмжээ. Ер нь Монгол Улсад нийлүүлэх шатахууны хэмжээ болон үнийг үе үе өөрчилдөг “Роснефть” компанийг хувьчлах тухай асуудал ихэд яригдаж байна. Бүр тус компани үндэслэлгүйгээр үнэ нэмсэн хэргээр таван тэрбум рублийн өрөнд унаж байсан. “Роснефть”- ээс хөрш Монголыг бодвол ОХУ-тай харьцангуй зайтай орнууд болон Хятад хямд үнээр шатахуун импортолохыг хүсчээ. Юутай ч, дэлхийн зарим оронд энэ “шингэн хар алт” цэвэр уснаас хямд байгаа бол зарим улсад нь хүний аминаас ч үнэтэй байна. Хямд ч бай үнэтэй ч бай шатахуун хэрэглэдэг орнуудын дунд энэ бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах бодлогыг баримтлахыг илүүд үзэж байна. Хавар болж тариалалт эхлэх үеэр хамгийн их хэрэгтэй зүйл бол манайд ч тэр бусад оронд ч тэр шатахуун. Нөгөө талаас энэ онд нийлүүлэх шатахууныхаа хэмжээг багасгах болсноо энэ үеэс өөр цагт дуулгаж баймаар. Эцэст нь хэлэхэд “Роснефть” бол Оросын л газрын тос.
URL: