Яриаг секундээр тооцох нь ашиггүй байж болзошгүй

yriaaaagГар утас байхад “гартаа ертөнцийг атгадаг” байлаа. Тиймээс гар утас атгасан залуус ертөнцийг алгын чинээ урвуулж, ганган бас чинээлэг гэдэгтээ оодорч байсан юм. Удалгүй соёлын “шок”-ноос сэрсэн монголчууд гар утсыг энгийн хэрэглээ гэж ойлгох болсон.

 

Харин өдгөө энэхүү сэтгэлгээ нь гар утас гэх ухагдахууныг давж, иргэд халааснаас урсах мөнгөнд хараа хяналт тогтоож байна. Тиймээс утсанд бус үүрэн холбооны компанид анхаарал хандуулах болжээ. Учир нь, утсанд мөнгө зарлаа гэх яриа дэгдэж, үүрэн холбооны компани  мөнгө иддэг гэх ойлголтыг “олуулаа” олж авсан юм.

Энэ юунаас үүдэлтэй вэ гэвэл, хэт өндөр үнээр харилцдаг гэдгээ ойлгосон хэрэглэгчид “хаан” гэдгээ ухаарч эхэлснээс улбаатай юм. Харин сүүлийн өдрүүдэд, ярианы тарифийг бүхлээр бус, секундээр тооцох тухай ярьж буй.Уг ажил энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ гэж байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлоод буй. Энэ нь үнийн зөрүүтэй саналтай холбоотой байж болзошгүй гэнэ.

Тодруулбал, нэр бүхий  компани “Нэг секундын ярианы төлбөрийг хоёр төгрөгөөр тооцох тухай” саналыг Харилцаа холбооны зохицуулах газар (ХХЗГ)-т хүргүүлжээ. Хэдийгээр нэр бүхий гэж байгаа ч Шударга өрсөл­дөөн хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-ын мэдэгдэж буйгаар “Мобиком” компани хэрэглэгчийнхээ тоогоор давуу эрхтэй тогтоогдсон учраас үнийн саналыг монополь байдлаар мэдүүлэх боломжтой аж.

 

Түүнчлэн үнэ, тарифын асуудлыг ХХЗГ тогтоодог учраас секундын “тогтолцоог” санаачилсан ШӨХТГ эл хэрэгт улаан цайм “хошуугаа дүрэх” боломжгүй байдалд оржээ. Харин бид үүрэн холбооны компаниуд нэг секундын яриаг хэдэн төгрөг болгох санал хүргүүлсэн талаар тодруулахаар ХХЗГ-г зорьсон ч “дээрээс яриа битгий өг гэсэн” хэмээн уцаарлангуй аясаар хариу өгсөн.

Хэрвээ нэг секундын ярианы төлбөр хоёр төгрөгөөр тогтоогдвол үүрэн холбооны компаниуд сохорсон биш завшив гэгч болно. Нэг минутын яриаг дунджаар 70 төгрөг байсан гэвэл, секундын алхамд шилжсэнээр эл хугацаанд ярихад 120 төгрөг зарцуулна гэдгийг бага ангийн хүүхэд ч бодчихож чадна. Харин секун­тын алхам бидэнд хамгийн ашиг муу­тай­гаар туслаа гэхэд нэг секундэд байж бо­лох хамгийн өндөр өртөг нь 1.16 төгрөг байх учиртай юм.

 

Тиймээс бид “монжуулчих” вий гэх хар хэн бү­хэнд төрж байна. Гэхдээ иймэрхүү хэ­рэг­л­эгчдээ басамжилсан, тэнэг хүн ч хууртахааргүй үнийн саналыг ал­баны байгууллага батлахгүй биз ээ. Мөн секундын алхамд шилжмэгц бүх хэрэглэгч хамрагдаж чадахгүй, өөрийн хүслээр энэ алхамыг сонгоно гэх яриа гарсан нь үнэн аж. Тэгвэл энэ бүх асуудлын үндсэн суурь нь өнөөх Мо­но­поль байдал гэвэл буруудахгүй биз.

Учрыг өгүүлбэл, зах зээлийн мэдлэг тааруу байх үед буюу 1990 оны дундуур хөрөнгө оруулалт нэрээр монголд “Мобиком” үүрээ зассан байдаг. Иргэд улс төр гэж хараахан ойлгож амжаагүй байхад улс төрчдийн “тархийг угааж” хол давуу сэтгэж байв. Тиймээс өөрс­дө­дөө хамгийн ашигтай өнцгөөс гэрээ хийж, ирээдүйн монополь эрхээ баталгажуулсан байдаг.

 

Тодруулбал, Монгол улсын нутаг дэвсгэр дээр “Мобиком”-той адил буюу  “GSM”  системийн компани 10 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахгүй байх, манай компани ярианы үнэ тарифаа “өөрийн хүслээр” тогтооно зэрэг давуу эрх эдэлж чадсан юм. Тиймээс өнөөгийн үнийн дарамтыг эхлэлийг “Мобиком” цутгаж орхисон байдаг.

 

Харин 10 жилийн дараа “GSM” системийн компани гарч ирсэн нь “Юнител” компани юм. Эл компанийг бас л “будлиантай” хэмээн хардах нь бий. Учир нь 1989 онд хоёр дахь операторыг тодруулах тендерт “Цахилгаан холбоо” компани ялж, өөрийн сүлжээгээр дамжуулан хямд ярих бололцоотой байсан гэдэг. Гэтэл мөн л улс төрийн нөлөөнөөс болж “ногоон” оператор мэндэлсэн юм.

 

Харин “Юнител” гарч ирснээр “Мобиком”-ын зах зээл хурдацтай татарч, хэрэглэгчдээ алдахгүйн тулд “реклам”-аар бөмбөгдөж, биднийг “хаан” байж болох бүх л өнцгийг харуулж байсан юм. Түүнчлэн гар утасны цэсэнд суулгасан байдаг дугаар харах, дуудлага хязгаарлах, сонгосон дугаарын дуудлагыг хяз­гаарлах, дуудлага дамжуулах зэрэг үйлчилгээг автоматаар хааж, тус тусд нь үнэ тариф бодож эхэлсэн нь бас л биднийг шулах аргын нэг байсан. Одоо ч энэ аргаа хэрэглэж таны халааснаас гарах учиргүй мөнгийг хурааж байгаад ганган реклам, байр, машин бидний мөнгөөр бинийг хуурч байна.

Б.Ширнэн

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих