Б.Цогтгэрэл:О.Магнай дарга хэлэлцүүлэг санал асуулга зэргийнхээ ялгааг мэдэхээр боловсролтой хүн байх
МАН-ын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлээс МАН- ын албан ёсны сайтыг хаасантай холбогдуулан зарим зүйлийг тодрууллаа.
-МАН-ын албан ёсны сайтыг ямар үндэслэлээр хаасан юм бол?
- Эрх баригчид МАН-аас айж байна. МАН ирэх сонгуульд ялах нь тодорхой байна. Ийм учраас улс төрийн зорилгоор МАН-ын сайтаар явуулж буй “Эв нэгдлийн элчийг Ард түмнээрээ тодруулъя” хэлэлцүүлгийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм билээ. Уг нь хуулийн үндэслэл дотор нь “Хэлэлцүүлэг явуулбал хууль зөрчсөн гэж үзнэ” гэдэг зүйл байхгүй.
-Та бүхэн хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа юм байна. Үүнийгээ хэрхэн илэрхийлэх вэ?
-Бид эсэргүүцэл илэрхийлнэ. Ингэхдээ Улсын ахлах байцаагч болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын О.Магнайд “Хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуул” гэдэг шаардлага хүргүүлж байна. Бид хууль зөрчөөгүй.
Нэгдүгээрт, хуульд “Хэлэлцүүлэг явуулж, ард түмнээс санал асуулга авч болохгүй” гэдэг зүйл байхгүй. МАН-ын гол үнэт зүйл ард түмэн. Тиймээс бид ард түмнийхээ дуу хоолойг сонсч, санал санаачлагыг нь авч байсан.
Хоёрдугаарт, ард нийтийн дунд явуулж буй хэлэлцүүлэг дотор хувь хүний Бат, Долгор, Дорж гэдэг ямар нэг нэр байхгүй. Тийм учраас улс төрийн чанар чансаа тогтоогоод байгаа ямар ч үйл явдал байхгүй.
ШӨХТГ-ынхнаас би асуусан юм “Хэн энэ талaap ямар гомдол гаргасан юм бэ?” гэхэд хэн ч ямар ч гомдол санал гаргаагүй ээ гэсэн. Иймд төрийн албыг завхруулж хэт улс төржиж байгаа энэ үйлдлээ О.Магнай даргатай энэ байгууллагынхан нэн даруй зогсоох ёстой.
О.Магнайг би сайн танина. Хэлэлцүүлэг санал асуулга, шалгаруулалт зэргийн нарийн учир холбогдол ялгааг сайн мэдэх хэмжээний боловсролтой залуу гэж боддог.
-Хэрэв та бүхний шаардлагыг хүлээн авахгүй бол цаашид ямар арга хэмжээ авах вэ?
-Болохгүй бол жагсана, цуглана, өлсгөлөн зарлана. Яаж ч болно. Эрх баригчид арай дэндэж байна. Хүссэн болгоноо хаадаг, боодог боллоо. Тэдэнд хийх ажил их байгаа. Жишээ нь, Оюутолгойн Монгол ажилчид Хятад ажилтнуудаас бага цалин авч байна. Энэ шударга явдал уу? Автомашин хэрэглэгчид жилийн 365 хоногоор тооцож улсад татвараа төлж байна.
Гэтэл хотын даргын шийдвэрээр жилд 52 хоног машинаа унахгүй байгаа. Татвараас энэ мөнгийг хасч тооцох хэрэгтэй. Тавантолгойн Баруун Цанхид Хишиг Арвин Индастрил компани хэзээ ямар шалгуураар тендерт шалгараад хөрс хуулаад эхлэв. Яагаад зүүн талд нь олон улсын тендер зарлаад бөөн сүр дуулиан болсон юм бэ.
Уул уурхайн салбарт байгаа энэ бүх асуудлууд руу О.Магнай орох ёстой байтал одоог хүртэл таг чиг суусаар нийтийн тээврийн жолооч нар, нэг намын сайт зэрэгтэй ноцолдоод л өдөр хоногийг аргацааж байна. Тийм учраас бид ШӨХТГ-т хийх ажлыг нь бас зааж зөвлөж өгөх болоод л байна даа.
Х.Хүслэн
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: