“Халзан бүргэтэй”-н ашиглалтын “лиценз”-ийг цуцлуулах уу, эсвэл

527-1363062380indexӨмнөх цувралуудад Мянгад сумын нутаг дахь “Халзан бүргэтэй”-н газрын ховор элементийн орд газрын лицензийн зөвшөөрөл, хайгуул, ашиглалтын үйл ажиллагаатай холбоотой гол асуудлуудаар хөндөж нийтэлсэн билээ. Үүнээс улбаалан ашигт малтмалын эрх зүйн орчны талаар мөн хэд хэдэн зөрчилтэй зүйл ажиглагдсаныг уншигчдад дахин толилуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэгд одоо мөрдөж байгаа ашигт малтмалын хуульд зааснаар бол  үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг стратегийн ач холбогдолой ордод хамааруулах ёстой.

 

Тэгвэл УИХ-аар хэлэлцүүлэхээр боловсруулаад байгаа шинэ хуулийн төслийн 8.1-д дээрх агуулгыг шинээр томьёолон, “Стратегийн ач холбогдолтой эрдсийн баялагт ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхит ашигт малтмал, газрын ховор элементийг хамааруулна” хэмээн тусгажээ.

“Халзан бүргэтэй” болон “Лугийн гол”, “Мушгиа худаг” зэрэг Монгол орны томоохон нөөц бүхий газрын ховор элементийн ордуудын тухайд одоо мөрдөгдөж байгаа болон хэлэлцүүлэхээр зэхсэн хуулиудын алиных нь ч заалтыг авч үзсэн ялгаагүй стратегийн ордод хамрагдах бүрэн боломжтой юм. Хуучин хуулийн заалтын тухайд “цуврал 1”-д тодорхой тайлбарласан.

 

Шинэ хуулийн төсөлд болохоор “…газрын ховор элемент” гээд оруулчихсан байгаа болохоор элдэв тайлбар шаардлагагүй. Гэтэл Халзан бүргэтэйн ордыг стратегийн ордын жагсаалтад оруулах нь бүү хэл, хууль  зөрчиж  олгогдсон  ашиглалтын лицензийг хэрхэх тухай юу ч мэдэгдэхгүй байна.

Үүнээс гадна шинээр боловс-руулсан хуулийн төслийн 9.1-д “Энэ зүйлд заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэдэгт Монгол Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын нэг дүгээр хавсралтад заасан нэр бүхий 15 ордыг хамааруулна”, 9.3 -д стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордын жагсаалтад аливаа ордыг нэмж бүртгэхгүй бөгөөд Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ энэ хуулийн 9.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтаас гаргаж болно” хэмээсэн нь өмнөх заалтаа үгүйсгэсэн төдийгүй учир нь ойлгогдохгүй заалт болжээ.

Яагаад гэвэл Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан, стратегийн 15 ордыг багтаасан жагсаалтад Монгол орны газрын  ховор  элементийн  нөөц бүхий ордуудаас нэг нь ч ороогүй. Тийм болохоор  хуулийн  төслийн 8.1-д зааснаар тэдгээрийг зайлшгүй нэмж оруулах ёстой. Гэтэл хуулийн төслийн 9.3 дахь заалтаар үүнийг хориглочихсон байна.

“Жагсаалтад аливаа ордыг нэмж бүртгэхгүй” гэсний үндэслэл нь юу вэ гэдгийг эрхэм хууль санаачлагчдаас асуумаар санагдана.

Үүнтэй холбоотой бас нэг зүйлийг сөхөхөд Ховд аймгийн нутаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхайг стратегийн ордод хамруулах   асуудал олон жил яригдаж, одоо мөрдөгдөж буй хуулийн дагуу энэ нь үндэслэлтэй байна гэж үзээд өнгөрсөн 2012 онд Засгийн газраас уг саналыг дэмжиж, УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон. Гэтэл шинэ хуулийн төслөөр энэ асуудлыг шийдэгдэх боломжгүй болгож орхижээ.

 

Асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх болсонтой холбоотойгоор Хөшөөтөд үйл ажиллагаа явуулж буй компанийн ажил зогсонги байдалд орсон. Эдийн засгийн   хувьд  ашиггүй, бараг  хохирол хүлээхэд холгүй өдөр хоногууд үргэлжлэх болсон тул тус уурхайн тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй “Мо Эн Ко” компанийнхан саяхан Ховд аймагт ирж аймгийн удирдлагуудад байдлыг танилцуулахдаа асуудлыг шуурхайлахад нөлөөлж өгөөч гэсэн хүсэлт илэрхийлсэн.

 

Ийнхүү уулзалт хийх явцад компанийн Монголыг хариуцсан захирал Жеймс Долан шинэ хуулийн төслөөр бол стратегийн ордод аливаа ордыг нэмж бүртгэхгүй гэсэн. Мөн нүүрсний ордыг стратегийн ордод оруулна гэсэн заалт байхгүй байгаа гэдгийг онцолсон юм. Хоёрт гэвэл хууль журам байсан ч амьдрал дээр түүнийг хэрэгжүүлдэггүй явдлыг яаж өөрчлөх вэ гэдэг асуудал мэдээж толгойны өвчин.

 

Үүнд Халзан бүргэтэйн ордыг тухайлан авч үзэх юм бол ашиглалтын лицензийг хууль бусаар авсан атал ашиглагдахгүй  байсаар өдий хүрэв. Хуулийн дагуу бол стратегийн ордод хамааруулах боломжтой байтал үүнээс зайлсхийж, хувийн компаниар хайгуул хийлгэж байна.

 

Ер нь төр засаг ямар бодлого баримталж байгаа нь ч учир битүүлэг. Энэ мэт ойлгомжгүй асуудлууд  байсаар атал Улсын Ерөнхийлөгч маань гадаад улсуудтай Монгол орны газрын ховор элементийг ашиглах тухай гэрээ хэлцэл байгуулаад яваад байдаг гэхчлэн эл баримтуудыг дурьдаж болно.
Дээрхтэй холбоотойгоор хуулийг хэрэгжүүлэхэд нөлөөлөх хүчин  зүйлүүдийг авч үзэх хэрэгтэй гэж үзье. Тэдгээрийн  нэг нь яах аргагүй олон нийтийн хөндлөнгийн хяналт. Аливаа зүйлд иргэдийн оролцоог дээшлүүлэх, олон нийтийн хяналт тавих боломжийг бүрдүүлэх тухай тасралтгүй ярьдаг ч, хууль журам боловсруулах болохоор үүнийг баахан хязгаарлах хандлагатай байдаг нь юм юман дээр илэрсээр байна.
Ашигт малтмалын тухай одоо мөрдөж буй хуульд бол “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллах ба тухайн асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай хамтран олон нийтийн хэлэлцүүлэг явуулж болно”.

 

Мөн “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн болон түүний байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий төлөөлөгчийг  иргэд  дундаасаа  сонгон ажиллуулж болно” гэсэн заалтууд байдаг ч амьдрал дээр хэрэгжиж буй нь цөөхөн.
Шинэ хуулийн төсөлд энэ талаар ямар заалт    нэмж оруулсныг сонирх­вол 77.1-д “Олборлолт, боловс­руулал­тын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уг зөвшөөрлийн дагуу хийж гүйцэтгэх үйл ажиллагаа нь тухайн орон нутгийн иргэдийн эрх ашигт  нөлөөлж болзошгүй бол тухайн асуудлаар орон нутгийн иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй.

 

77.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 77.1-т заасны дагуу мэдээлэл өгөхдөө тухайн асуудлаар орон нутгийн иргэдийг санал бодлоо илэрхийлэх боломжоор хангах үүрэгтэй” хэмээн заасан ч, нутгийн удирдлагын болон захиргааны байгууллагатай гэрээ байгуулахдаа олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж болно гэсэн дэвшилттэй зүйл нь хасагджээ.

 

Анхаарах ёстой бас нэг зүйл нь олон нийтийн зүгээс хөндлөнгийн хяналт тавих эрх зүйн боломжийг бүрдүүлж, хуульд тодорхой тусгаж өгөх явдал. Энэ талаар шинэ хуулийн төслөөс дорвитой зүйлийг олж үзсэнгүй. Тусгай зөвшөөрөл бүхий талбайд зөвхөн улсын байцаагчийн эрх бүхий албан хаагч, эсвэл нутгийн захиргааны албан тушаалтан нэвтрэх эрхтэй байхаар заасан нь учир дутагдалтай юм.

Сүүлийн жилүүдэд манай ард түмний байгаль орчноо хамгаалах идэвх  санаачилга  ихээхэн эрчимжиж, уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, бүр зөвлөх боломж бүхий мэргэжлийн баг боловсон хүчнээр хангагдсан иргэний нийгмийн байгууллага, төрийн бус, хувийн хэвшлийн  байгууллагууд бий болсон билээ.

 

Энэ нь олон нийтийн оролцоог жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх оюун санааны болон  хүний хүчин зүйлийн нөөц боломж бүрэлдэж байгаагийн бодит дүр төрх гэж болно. Энэ аятай  боломжийг  зөв ашиглаж тэднийг зорьсон зүйлээ хэрэгжүүлэх эрх зүйн баталгааг нь бүрдүүлж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд нэвтрэн орж, хяналт тавих эрхтэй болгох нь мөнөөх иргэдийн оролцоог дэмжих, шууд ардчиллыг хэрэгжүүлэхэд дорвитой алхам, тодорхой дэвшил гэдгийг сануулахад илүүдэмгүй.

Одоо мөрдөгдөж буй хуульд байгаачлан орон нутгийн зүгээс олон нийтийн хяналтын зөвлөлийг ажиллуулах явдлыг бодлогоор дэмжиж өгөх нь үр өгөөжтэй гэдгийг иргэд санал болгосоор байна.

Энэхүү зөвлөл болон уул уурхай, байгаль орчны чиглэлээр мэргэших түвшинд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус иргэний нийгмийн байгууллагууд бий болсон. Бодит үнэн энэ.

 

Иймээс ашигт малтмалын өмчлөл болон тусгай зөвшөөрөл, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг хэрхэн хийж буй байдалд зайлшгүй   хяналт  тавих шаардлагатай   зүйлүүдэд   хөндлөнгөөс хянаж, байнга  мэдээлэлтэй  байх  эрх зүйн боломжийг нь олгох хэрэгтэй. Их ч ач холбогдолтой гэж энэ чиглэлд ажилладаг олон хүний амнаас сонссоноо энд буулгалаа.
 Г.Төрмөнх (Ховд)

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих