Авлигыг залрууллаа гээд эхэлвэл яана аа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэр бүл дэндүү их мөнгө олоод бай­на гээд хардсан чинь Авлигатай тэм­цэх газрынхан Хөрөнгө орлогын мэдээ­лэлд алдаа гаргасан байжээ.  Уг нь Ерөн­хийлөгч 2010 оны хөрөнгө, ор­логын мэдүүлэгтээ “Гэр бүлийн гишүү­дийн орлого” гэсэн хэсэгт ор­логын дүнг 35 947 200 төгрөг гэж бичсэн байна. Гэтэл авлигатай тэм­цэгчид 359 472 000 төгрөг гэж буруу мэдээл­жээ.

Төрийн албан хаагчдын хөрөнгө, ор­логын мэдүүлгийн бүрдүүлэлт, хя­налт шалгалтын үйл ажиллагааг хариу­цаж ажилладаг АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлт­сийн ажилтнуудын хариуцлаггүй үйл ажиллагааны улмаас тийн ал­даа гарсан гэх. Хөрөнгө, орлогын та­лаар ташаа мэдээлсэндээ тэд Мон­гол Улсын Ерөнхийлөгчөөс хүлцэл өч­жээ.

Ерөнхийлөгч өө, Авлигатай тэмцэх газрынхан ажилдаа дэн­­дүү хариуцлаггүй ханд­да­гийн хамгийн тод жишээ энэ шүү дээ.  Улсын тэргүүнийхээ мэдүүлгийг андуурч эндүүрэх нь санаатай хэрэг гэхээс яах вэ. Энэ байгууллагын “том” дарга нь саатуулагдаж, “жижиг” дарга нарын зарим нь биенийгээ таг­наж, чагнасан хэргээр бай­цаагдан шалгагдаж байхад үлд­сэн нөхөд нь санаа­тай, санам­саргүйн хоо­ронд мэдүү­лэг зөрүүлж мэдээ­лэх нь ямар учир­тай хэрэг вэ. Ажиглагчид бол ал­даа гаргах эрхгүй АТГ-ын­хан Ерөнхийлөгчөөр орол­дож эхэллээ гэж үзэж байна.  Учир нь Ц.Элбэгдорж төрийн тэргүүн болоод удаагүй байх­даа АТГ-ын дэргэд олон ний­тийн зөвлөл байгуулсан нь энэ байгууллагынхны дургүйг хүр­гэсэн байж мэдэх гэнэ.  Хэрэв Ерөн­хийлөгчийг “өдөөгүй” гэ­вэл тэргүүн хатагтай Х.Болор­мааг оролдохын хэрэг юу би­лээ.

Ерөнхийлөгч асан Н.Энх­бая­­рын эхнэр О.Цолмонг төрийн хэрэгт оролцлоо гэ­дэг.  Барин, тавин мэдээлэл ор үндэсгүйг олон хэвлэл би­­чиж байсан. Одоогийн Ерөн­­хий сайд Сү.Батболдын эхнэр Х.Отгонтуяаг мөн л нөх­рийн­хөө алба ажилд дал­даас орол­цож байгаа мэдээлэл чих дэл­сэж байна. Бүр фракц байгуулаад, ивээлд нь багтсан эмэг­тэй улстөрчид дэлгүүр хэсэхэд хамт явж гутлыг нь сон­голцсон гэцгээх болж. Харин Ерөнхийлөгчийн гэр­гий Х.Болормаагийн хувьд ол­ны чих дэлдийлгэх онц мэдээ­лэл дуулддаггүй. Тиймээс л энэ авлигатай тэмцэгчид Х.Болормаагийн орлогыг нэмж бичсэн шигээ оролдож эхлэв болол­той. Тиймгүй байтлаа төрийн өндөр албан тушаалтай 250 хүнээс зөвхөн нэгийг, тэр дундаа Ерөнхийлөгчийн гэр бүлийн орлогыг санаандгүй нэмж бичнэ гэж үү. Хэрэв санам­саргүй алдаа гэвэл  ахиад хэний ч  хөрөнгө, орлогыг нэмж хасаад бичсэн байж мэдэх нь ээ. Бүр цаашлаад ХОМ-ын мэдүүлэгтээ “зас­вар” нэмсэн авлигатай тэм­цэгчид өөрсдийнхөө ал­даанд эргүүтээд төрийн ал­бан хаагч­дыг хэлмэгдүүлж, ажил ал­быг нь алдагдуулж явдаг юм биш байгаа даа гэсэн хардлага тө­рөөд байна. Тийм ч Засаг дар­гын орлого нэмэгдсэн, ийм ч төрийн албан хаагчийн хөрөн­гө мэдүүлэгдээгүй гээд сүрхий шалгалт хийж байгаа дуулддаг. Гэтэл өнөөдрийн жишээгээр бол ХОМ-д АТГ-ынхан хайнга ханд­чихаад, дараа нь ажил хий­сэн болж харагдах гээд төрийн албан тушаалтныг шал­гаж, мөрдөн байцаадаг байж болох нь байна. Магадгүй мар­гааш нь “Таны авлигын хэргийг зал­рууллаа” гээд зарлал гаргаад ир­вэл гайхаад байх ч хэрэг алга.

Б.АЛТАНТУУЛ

niigmiintoli


URL:

Сэтгэгдэл бичих