МАН-ын синдром
МАН-ынхан жагсах гэнэ. Удтал нам гүм байсан Сүхбаатарын талбайд ах намынхан “дуу хуур” болох юм байх. Иргэний хөдөлгөөнийхөн болон жижиг намууд парламентын ширээнд тухлах болсон тул сөрөг хүчний үүргийг жинхэнэ гүйцэтгэж, хашааны гаднаас шүүмжлэх хүнгүй болжээ. Иймээс буурал намын “босогчид” хашааны гаднаас цагаан хоолойгоор шүүмжлэлээ урсгаж, уриа лоозон барьж зогсох гэнэ. Энэ тухай МАН-ын бага хурлын гишүүн, шинэчлэлийн хорооны зохицуулагч Н.Батсүмбэрэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодотгожээ.Тэрбээр “Сүхбаатарын талбай хоосон хүлээж байна. Сөрөг хүчний дуу хоолой тэнд гарах ёстой. Эрх баригчдын хийж байгаа үйлдэл бүхэн зөв биш. МАН-ын залуусын ир мохоогүй. Эрх баригчдын алдааг хэлж, болж болохгүй байгааг нь сануулъя л гэж байгаа” хэмээжээ.
МАН цэвэрших ёстой гэх уриалгыг дотроосоо дэвшүүлж, удирдлагуудаа шүүмжлэх болсон билээ. Хэрэв МАН угшил нэгт МАХН-тай нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуулиар орьё гэвэл нэн тэргүүнд шинэчлэлийг урьтал болгох учиртай гэх шаардлагыг ч нөгөө талаас тавиад буй.
УИХ-ын гишүүн асан, МАН-ын орон тооны бус нарийн бичгийн дарга Э.Мөнх-Очир, “Ардын нам, МАХН нэгдэнэ ч гэнэ үү. Тэгвэл яах гэж салсан юм бэ. Салснаараа л байх хэрэгтэй. Баяртай гээд явсан, тэгээд яваач дээ. Юу гэж эргэж ноцоод байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулиар хамтарч орох ёстой ч гэх шиг. Бид МАХН-тай нэгдсэнээрээ бус, мөрийн хөтөлбөр гаргаснаараа сонгуульд оролцох ёстой. Хэдэн нөхөд “нам болохгүй байна, МАХН-тай нэгдэнэ” гэж яриад нэмэргүй. Эргээд МАХН-тай нэгдээд Н.Энхбаярыг даргаар тавих гээд байгаа юм уу. Битгий мөрөөдөцгөө. Тийм юм байхгүй.гэж хэлж байсан удаатай. Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “МАХН бол өнөө маргаашгүй ширгэх гэж байгаа шалбааг. МАН бол том урсгал. Том урсгал шалбаагт очиж нийлдэггүй юм” хэмээн эх нэгтэй МАХН-ыг балчиг шавартай зүйрлэж орхисон. Энэ мэтээр хоёр намыг нэгдэхийг эсэргүүцсэн олон хүн бий.
МАХН, МАН дотроо жигүүр ургаж, залуучуудын эвсэл хөдөлгөөн гараад байгаа. Тэд намдаа шинэчлэл хийж, залуу гишүүдийнхээ дуу хоолойг удирдлагууддаа хүргэж, намаа шинэчлэх зорилгоор ажиллаж байгаа юм гэнэ. Тос дотроосоо өтнө гэсэн үг байдаг даа. Үүний нэгэн адил дотроосоо доройтож байгаа, дотроо задрал үүсээд, өөр хоорондоо сөргөлдсөн өрөмний өт шиг болцгоожээ.
Төрийн эрхэнд гарсан томчууд нь залуу гишүүдийнхээ үгийг сонсолгүй их зан гаргаснаас тэд ийнхүү МАН-ыг шинэчлэх эв нэгдлийн хороо гэдгийг байгуулжээ. Харин зарим нэг нь МАХН руу урвачихсан. Хэдийгээр олон салж бусниж байгаа ч гэсэн могой гурав тасравч гүрвэлийн дайтай. МАН гурав тасравч намын дайтай гэсэн үг л үнэн болж таарах нь. Юутай ч намынхныгаа сөрөг хүчний байр сууринаас ажиллах ёстой гэсэн шаардлагыг тавьж тус намын зарим залуу гишүүд иргэний хөдөлгөөнийхний үйл хэргийг үргэлжлүүлж жагсахаар болов.
Хавар болохоор зарим нэгэн хүний өвчин хөдөлдөг, хавар болохоор юм бүхэн сэргэдэг гэдгээр жагсаал цуглааны ч синдром эхлэх гэж байх шиг байна. Тэд бид удахгүй гарна, асуудалгүй. Бид хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэтээр үзэл бодлоо илэрхийлж байгаа. Одоо л хавар болж байна шүү дээ. Олон жагсаал болно гэж бодож байгаа хэмээжээ. Заавал хавар жагсаал цуглаан хийх нь ямар учиртай юм болоо. Ямартаа ч хаврын синдромыг МАН-ын залуучууд эхлүүлэх бололтой.
Жам болоод хувирчихсан нэгэн үзэгдэл улстөрд байнга л харагдана. Төрийн эрхийг авчихсан намынхаа эсрэг нөгөө нам нь байнга л шаардлага тавьж тэмцэж байдаг нь ёс болчихсон. Ийм байхад юун МАХН-тай нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох вэ. Дотроо будлиантай байж өөр нэгэн улстөрийн намтай нэгдэнэ гэдэг нь юу л бол. Аль эсвэл дээгүүрээ тохиролцоод доогуурх гишүүдээ үл тоомсорлоод байна уу.
МАН “Сүүдрийн Засгийн газар” буюу “Хяналтын танхим”-ыг байгуулаад удирдах хүмүүсээ ч тодруулчихсан. Ардын намын Бага хурлын гишүүн Н.Болормаа, Засгийн газрын гишүүн асан А.Цанжид, МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны гишүүн Б.Очбадрах, бага хурлын гишүүн С.Чинзориг, намын байгуулалтын хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан нар “сүүдрийн сайд”-ууд болж байгаа юм. Тэд хяналт бас дахин хяналт гэсэн үгийг эрхэм зорилгоо болгон ажиллана гэдгээ ч илэрхийлсэн. Сүүдрийн Засгийн газар шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаанд гаднаас нь хяналт тавьж ажиллах гэнэ. Энэ Засгийн газрын үйл ажиллагаа ерөнхийдөө Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахыг чухалчилж ажиллах нь ойлгомжтой. МАН дотроо жигүүр ургуулсан залуучууд ч гэсэн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахыг эрхэмлэж ажиллаж байгаа. Хэрвээ сонгуульд ялалт байгуулж чадахгүй бол одоогийн удирдлагуудаа суудлаа тавьж өгөхийг шаардаж байгаа. Тэгэхээр МАН-ынхан залуучуудынхаа үгийг сонсов уу.
Г.ХИШИГСҮРЭН
URL: