Гэнэт баяжигч
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр буруутгаж Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ханджээ. Эрхэм гишүүний хувьд Хүүхдийн төлөө газрын ажилтан Б.Жавзанхүүтэй хамт “Өгөөмөр” хүүхдийн асрамжийн төвд очиж, тусгай зөвшөөрлийг нь хураан авч ёс зүйгүй үйлдэл гаргасан гэнэ. Хүүхдийн төлөө үндэсний газрын Тамгын газрын дарга Д.Тунгалаг, Хүүхэд хамгаалал үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү нар дээрх хэргийн талаар мэдүүлэхдээ З.Баянсэлэнгийн өгсөн даалгаврын дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн гэжээ.
Гудамжны тэмцэгчээс гишүүн болж суга дээшилсэн эрхэм хатагтай ийнхүү хэрэг мандуулж явна. З.Баянсэлэнгийн тухайд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хаяаг бараадсанаар төрийн түшээ болж, зүүдлээ ч үгүй явсан албан тушаалдаа гэнэт очсон нэгэн.Тэрбээр өмнө нь үргэлж жагсаал, цуглаан, хороо, дүүрэг, урьдчилан болон албадан саатуулах байруудаар “эргэлдэж” явсан гэх намтрыг нь хэн хүнгүй мэдэх болж. Зарим нэг нь Ахмадын чөлөөт холбооны Г.Баасан эгчийн дүү гэж хошигнох нь бий. Юутай ч энэ эмэгтэйг өдгөө жинхэнэ төрийн хүн болж, тушаал гаргаж, төр засгийн шийдвэр гаргах хэмжээний эрх мэдэлтэн болсон. Гишүүн болмогцоо өөрийн гадаад байдал болоод эдлэл хэрэглэлдээ “рестарт” хийж, ойр хавийнхныхаа нүдийг хужирлаад амжсан гэж байгаа. Намрын чуулганы хугацаанд хаяахан нэг өвчтэй хэмээн бүртгүүлж байсан нь нүдэндээ давхраа оёулж байсантай холбоотой гэгддэг.
Чингэлтэй дүүрэгт байрлах хашаа, байшинд амьдарч байсан З.Баянсэлэнгэ гишүүн УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдэлж орон байрны өргөдлөө холбогдох газарт нь уламжилсны дагуу 230 сая төгрөгийн орон сууц авахаар болсон. Одоогоос 20 жилийн өмнө УИХ-ын шинээр сонгогдсон гишүүд байр, сууцны асуудлаа шийдүүлэх эрхтэй болсон юм. Тэр цагаас хойш парламентад сонгогдсон нэлээдгүй хүн орон сууцны асуудлаа шийдүүлж амжсан. Тэр дагуу эрхэм авхай ч орон байраа өөд нь татсан нь энэ. Ямартай ч эксийг дагаснаар З.Баянсэлэнгэ өнгө орж, гэрэлтэн туяарсан.
Тэр ч бүү хэл, намд хуваарилсан албан тушаалын квотын дагуу таван яамны асуудлыг эрхлэх байнгын хорооны дарга сэтэртэй болов. Эхэндээ учраа олохгүй мунгинаж байсан бол өдгөө том том дуугарах нэгэн болжээ. Сүүлдээ эрдэж, сэтгүүлчдийг нүд үзүүрлэж эхэлсэн юм даг. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 19 дүгээр заалтыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед зангаа таниулж, ангийнхнаасаа төдийгүй сэтгүүлчдээс ч зэмлэл хүртсэн юм. Учир нь тэрбээр “Хууль зөрчсөн, ажлын хариуцлага алдсан сэтгүүлчийг нэг жилийн хугацаатайгаар сэтгүүлч байх, хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллах эрхийг нь хасах хэрэгтэй” гэсэн заалт оруулъя. Тэгэхгүй бол сэтгүүлчид хэтэрхий задгай байна гэхчлэн сэтгүүлчид рүү дайрч давшилсан санал тавив. Тэнд байсан сэтгүүлчид төдийгүй тохой нийлүүлэн суусан УИХ-ын гишүүд ч мэл гайхаж, цэл хөхрөв. Ямартаа л Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Хэрэв тийм заалт орвол хэвлэл мэдээллийн эрх чөлөө бус харин ч сэтгүүлчдийн эрхийг боомилсон хууль болон хувирна. Тэгж болохгүй” хэмээн учирлах нь тэр. З.Баянсэлэнгэ гишүүн гэнэт бантаж, гаргасан саналаа татаж авлаа гэж тэнэгтсэн юм даг. Түүний тэнэг үйлдэл үүгээр дуусахгүй. УИХ-ын гишүүд хорих ангиудын ажил байдалтай танилцав. Зайсан дахь дамжин өнгөрүүлэх буюу 401 дүгээр хорих ангид очиж хамт явсан сэтгүүлчдээ “хориод” дотогш нэвтэрсэн юм. Янз нь хорих ангийн нөхцөл байдалтай танилцах нэрийдлээр намын даргатайгаа уулзах гэсэн арчаагүй оролдлого байсан бололтой юм. Юутай ч хамт явсан хүмүүсээ удтал чилээлгэсэн эрхэм гишүүнд хамт явсан нөхөд нь шүүмжлэлтэй хандахад “УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдлаа. Ер нь гишүүн хүн хаана, хэнтэйгээ уулзах нь бүрэн эрхийн асуудал биз дээ” гэж даналзах нь тэр. Ийнхүү өөрийгөө хэн болсныг ухаарах болсон нэгэн дээ. Харамсалтай нь хууль тогтоох дээд байгууллагын ажлын тухайд санал дэвшүүлчихээд дэмжигдэхгүй эсвэл асуудлыг нөгөө тийш нь хазайлгасан болохыг нөхөд нь учирлавал “Өө болохгүй бол эргүүлээд л авчихья” гэх байдлаар ханддаг нь харамсалтай.
За тэгээд, байнгын хорооны даргаар томилогдсон З.Баянсэлэнгэ гишүүн дуудлагын машин унах эрхтэй болсон тул төр, засгийн авто баазаас түүний хэрэгцээнд зориулж “Nissan Teana” маркийн автомашиныг тавьж өгчээ. Гэтэл гишүүн гэртээ харихдаа шороон замаар давхиулдаг тул намхан машин унах боломжгүй хэмээгээд “Range Rover” хөлөглөх болсон гэх яриа ч бий. Одоо байр сав нь өөрчлөгдөөд хүссэн машинаа хөлөглөх болсон байлгүй.
Энэ мэтчилэн томорсон гишүүн сүүлийн үед Н.Энхбаяраас нүүр буруулах болсон тухай намынхан нь шивэр авир хийх болжээ. Нэг үе амиа өгөхөөс буцахгүй явсан түүний зан авир өөрчлөгдөж, аварлын бурханаа мартсан бололтой юм. Нэгэнт нь томрох нь тодорхой, баяжих нь баараггүй болсон тул арга ч үгүй юм даг уу.
Л.НИНЖСЭМЖИД
Нийгмийн толь
URL: