Булган аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний албаны үйл ажиллагаанд шалгалт хийлээ
Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2013 оны 2 дугаар сарын 26-ны 24 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсэг 2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд Булган аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны үйл ажиллагаа, технологийн болон төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, хууль тогтоомжийн хэрэгжилт, төсөв, санхүү, цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа, өмч хөрөнгийн ашиглалт, албан хэргийн хөтлөлт, худалдан авах ажиллагаанд шалгалт хийлээ.
Тус албаны үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар удирдлагын баримт бичиг, тушаал шийдвэр нь хууль зүйн үндэслэлийг бүрэн тусгаагүй, утгын алдаатай, хариуцах эзэнгүй, тус албаны дарга нь 2012 онд худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолт, бусад шаардлагатай баримт бичгийн бүрдлийг хангалгүйгээр тендер зарласнаар худалдан авах ажиллагаа хууль бусаар явуулсан, 31 ажилтантай хийсэн ганцаарчилсан уулзалт, ярилцлага хийхэд нийт ажилтны 74,3 хувь, инженер техникийн ажилтнуудын 84,7 хувь нь байгууллагын даргын удирдлагын арга барил, мэдлэг чадвар, ажлын цаг ашиглалт туйлын хангалтгүй, төрийн албан хаагчийн манлайлал, ёс зүй, харилцааны доголдолтой байдлаас хамаарч хамт олны цаг ашиглалт, идэвхи зүтгэл, санаачлага суларч, ажил урсгалаараа явах, ажлын үзүүлэлт ахихгүй байхад нөлөөлсөн гэж үзсэн юм. Улмаар тус албаны дарга С.Мөнхсайханы удирдлагын арга барил, мэдлэг чадвар, ажлын цаг ашиглалт туйлын хангалтгүй, төрийн албан хаагчийн манлайлал, ёс зүй, харилцааны доголдолтой байдал нь цаашид энэ албан тушаалд тэнцэхгүй гэсэн дүгнэлтийг хийсэн юм.
Монгол улсын “Хөдөлмөрийн тухай” хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, “Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, Булган аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны ажлыг шалгасан ажлын хэсгийн 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дүгнэлт, өөрийн хүсэлтийг нь үндэслэн Булган аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны дарга Сэрээтэрийн Мөнхсайханыг 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, Бямбажавын Баярааг Булган аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр 2013 оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн томиллоо.
fact.mn
URL: