”Тавантолгой Транс”-ын Д.Дагвадорж гэж хэн бэ?

MM530055555“Масктай Матар” цуврал үргэлжилж байна. Үйлдэл нь араасаа асуудал дагуулдаг эрхмүүдийн нэг “Тавантолгой Транс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Дагвадорж болоод түүний компанийн тухай одоо өгүүлнэ. Хууль зөрчсөн гэх асуудлуудад дараалан нэр холбогдож ирсэн тэрээр Өршөөлийн хууль гээчид хамрагдаад үзчихсэн гэх мэдээлэл бий.

Ер нь түүнтэй холбоотой анхаарал татсан мэдээллүүд  2007 оноос илүүтэй гарч эхэлсэн. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн түүнийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн хилээр автомашин оруулсан, их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр саатуулан шалгаж байсан. Бүр тодруулбал, нэг бүр нь 60 мянган ам.долларын үнэтэй 100 автомашиныг хуурамч бичиг баримт бүрдүүлэн хилээр нэвтрүүлсэн хэмээн буруутгасан байдаг. Харин тэрээр машин тус бүрийг 18 мянган ам.доллар хэмээн мэдүүлж 1,2 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн бөгөөд гаалийн байцаагчидтай  үгсэн хуйвалдсан болохыг нь цагдаагийнхан тогтоосон талаар албаны эх сурвалжууд мэдээлж байсан.

Харин “Тавантолгой транс” компанийн зүгээс эл мэдээллийг няцаахдаа  Тавантолгойг өөрийн болгох сонирхол өндөр албан тушаалтнуудын явуулга гэж үзэж буйгаа илэрхийлж байсан билээ. Ямартай ч цагдаагийн эх сурвалжийн мэдээллээр бол бат ноттойгоор буруутгагдаж байсан энэ асуудал дээр Д.Дагвадорж эрхэм хуулийн хариуцлага хүлээхгүйгээр гэртээ харьсан байдаг юм. Түүнийг мулталж авах үйл ажиллагааг Д.Бат-Эрдэнэ эрхмийг зохицуулсан гэх мэдээлэл байдаг.

Тэгэхээр нэг асуудлаас ингээд ямар ч байсан салсан Д.Дагвадорж дахиад бас том асуудалд орсон. Тэр нь түүний зүтгэлээр даамжирсан “Тавантолгой транс” ХХК, “Говь Урал” ХХК болон “Транс” банкны хооронд үүссэн маргаантай холбоотой асуудал юм. Хэдийгээр  “Тавантолгой транс” ХХК-ийн зүгээс эл асуудлыг өөрийнх нь талаас нэхэмжлэлтэй, иргэдийн хувьцааг луйвардах, иргэдийн эрх ашгийг  хөндсөн зүйлгүй, гурван компанийн хооронд үүссэн БИЗНЕСИЙН МАРГААН гэж тодотгож ирсэн ч хөврөх баримтууд арай өөрийг хэлдэг.

“Тавантолгой транс” ХХК нь өөрийгөө 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай, үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд Өмнөговь аймгийн “Таван Толгой” ХК-тай хамтран ажиллаж, Таван Толгойн нүүрсний уурхайгаас Гашуун сухайт – Ганц мод хилийн боомт гэсэн чиглэлд Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үүрэг гүйцэтгэдэг гэж тодотгодог ч, угшил нь угаасаа “Ажнай”-гийнх. Дээр нь Оросуудынх ч бас бий. Орон нутгийн өмчит гэх тодотголтой Тавантолгой ХК-ийн хамаг шийдвэрийг гаргадаг ТУЗ-ийн 9 гишүүний нэгийнх нь компани учраас энэ хоёр компани хамтран ажиллахаар тохиролцоход асуудал юу гэж үүсэх вэ.

Түүнчлэн Д.Дагвадорж захирлын удирддаг “Тавантолгой транс” ХХК нь  “Говь Урал” ХХК болон “Транс” компанитай он он дамнасан маргаан үүсэх болсон нь  “Тавантолгой Транс”-ын гэхээсээ цаад талын сонирхолтой холбоотой байх магадлалтай.

Тодруулбал, “Ажнай” Д.Бат-Эрдэнийн “Тавантолгой Транс”  монгол, орос хоёр иргэнтэй хамтран “Говь Урал” ХХК-ийг байгуулсан. Энэ компани нь Транс банкнаас хоёр тэрбум 500 сая төгрөг зээлсэн. Ер нь бол хамтрагчид зээл авахдаа бүгд  гарын үсгээ зурцгаажээ. Тухайн үед тус компанийн 25 хувийг эзэмшигч, ОХУ-ын иргэн К.Д.Романовский Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалж буй “Тавантолгой” ХК-ийн өөрийн өмчлөлийн 10 231 ширхэг хувьцаа, хүнд даацын машин техник зэргийг барьцаалсан байдаг. Харин  зээлийн барьцаанд байсан хүнд даацын машин, чиргүүлүүд нь Монголбанкны аккредитивын нэг тэрбум 400 сая төгрөгийн өртэй, туйлын эрсдэлтэй барьцаа болох нь тогтоогдсон тул хуулийн байгууллага уг зээлийг олгосон Транс банкны захирлаар ажиллаж байсан А.Е. Новожиловт эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Гэтэл тэр эрхэм нь шүүхийн шатанд шалгагдаж байх үедээ оргон зайлсан бол  “Тавантолгой Транс” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Дагвадорж зээл төлөх хариуцлагаасаа зугтаж, зээлдүүлэгч банкиндаа мэдэгдэлгүйгээр гэрээгээ зөрчин, охин компаниас гарсан байдаг. Тэгснээр  “Тавантолгой транс“ ХХК нь уг зээлд эрх зүйн хувьд ямар ч хамаагүй болж хувирчээ. Харин Д.Дагвадорж эрхэм хариуцлагаас мултарсан талаараа “Говь Урал”-д оруулсан хөрөнгөө татаж, компаниас гарсан хэмээн ярьсан нь бий. Уг нь бол анхнаасаа зээл авахдаа Тавантолгой Транс гол дүрд тоглож,  зээлийнх нь барьцаанд хамтрагчийнхаа Таван толгойн хувьцааг тавиулчихаад харин дараа нь тийшээгээ нүүрс нийлүүлэх нь битгий хэл хувиа бодоод явчихаар “Говь Урал” ХХК нь амаргүй байдалд орсон байгаа юм. Гэхдээ дараа нь бүр сонирхолтой юм болсон байдаг. Тэр нь юу гэхээр “Говь Урал” ХХК зээл төлөх чадваргүй болонгуут  “Таван толгой транс” банкны гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, хувьцааны эзэн К.Д.Романовскийтой тохироо хийж, түүний өмнөөс 800 мянган долларыг Транс банкин дахь “Говь Урал”-ын  данс руу шилжүүлсэн байна. Мэдээж мөнгө ороод ирэнгүүт банк зээлдээ суутгаад авчээ. Яг тэр үед Д.Дагвадорж эрхэм гарч ирсэн бөгөөд нэгэн цагт өөрөө хамт зээлдэгч байснаа мартчихаад би танай зээлдэгчийн мөнгийг төлсөн учраас барьцаанд байгаа хувьцааг авна гэсэн аж. Харин банк юу гэж тийм юм хийхэв. Тиймээс  Д.Дагвадорж банкинд хандаж мөнгийг нь “Тавантолгой транс” руу буцаан шилжүүлэхийг удаа дараа шаарджээ. Улмаар банкийг хуулийн байгууллагад өгчээ. Хуулийн үүднээс авч үзвэл Д.Дагвадоржийн компаниас шилжүүлсэн мөнгийг банк бус зээлдэгч “Говь Урал” зээл төлөхдөө ашигласан гэсэн үг.Тийм болохоор зээлдэгч “Говь Урал” ХХК нь Чингэлтэй дүүргийн шүүхийн захирамжийн дагуу шүүхийн шийдвэрийг сайн дурын үндсэн дээр биелүүлж, өр төлбөрийг барагдуулах гэрээг зээлдүүлэгч банктай байгуулсан байдаг. Тодруулбал, зээлдэгч компани, К.Д.Романовский, банк гурав компанийн данснаас суутгуулсан 800 мянган ам.долларыг  буцаан шилжүүлж, барьцаанд байгаа 10231 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжин, хоёр байгууллагын хооронд үүссэн бүх өр төлбөрийг барагдуулахаар тохиролцож, нотариатаар баталгаажуулсан байдаг.

Гэсэн ч “Таван толгой транс” нь прокурорын тусламжтайгаар 800 мянган ам.доллараа буцаагаад авсан байгаа юм. Ер нь бол хамтарч байгуулсан охин компанийнхаа зээлийг хамт төлөлцөх  үүрэг хүлээж болох  “Таван толгой транс” хэрхэн бултахаа сайн мэддэг бололтой. Хамтарсан компаниараа зээл авхуулчихаад, тэгээд дундаас нь хаяж явчихаад, дараа нь банкны барьцаанд байгаа хувьцааг авахын тулд 800 мянган ам.доллар шилжүүлээд, тэгснээ буцааж тэрийгээ аваад, аргаа барсан зээлдэгч компани нь барьцаа болох хувьцаагаа зарж зээлээ барагдуулъя гэхээр “Таван толгой транс” дахиад л гарч ирээд өөрсдөө хувьцааг нь авах эрхтэй гэсэн шийдвэрийг Чингэлтэй дүүргийн шүүхээр гаргуулж дийлсэн гэхээр бас л адармаатай. Ер нь бол манайд хүчинтэй мөрдөгдөж байгаа хууль дүрмээр хувьцаа, үнэт цаасыг зөвхөн Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалдаг болохоос хэн дуртай нь хоорондоо өгөө аваагаар шийдэх ёсгүй. Гэтэл “Таван толгой транс” компанийн захирал Д.Дагвадорж Тавантолгой ХК-ийнхаа хувьцааг өөрийн болгохын тулд хуулийг гууль гээч болгож өдийг хүрсэн бололтой. Ямартай ч энэ асуудал сунжирсан хэвээрээ байна.

“Масктай матар” цуврал үргэлжилнэ.

Б.Итгэлт

http://news.zindaa.mn/1470


URL:

Сэтгэгдэл бичих