Сартуул Б.Бат-Эрдэнэ : ХӨӨ ХУЯГ

00hggffgfddsd245(Балчирхан байхад минь аавын минь хэлж өгсөн сургамжит домог оршивой)

Эртээ урьдийн цагт гэнэм. Чухам хэдүйд гэдгийг би яг одоо ам мэдэн бурж чадахгүй нь ээ хө. Хорвоо дэлхийн хамгийн анхны төрт улс болох, Азийн цээжинд цэцэглэн хөгжсөн Хүн гүрэн Хүннү- Нанхиадуудын гуйвуулж дайрсанаар Хун ну- Умардын зэрлэгүүд, Ху- Тэнэг, бүдүүлэг гэж үеийн үед өмнийн нанхиадууд цаг үргэлжлэн дайран доромжилсоор иржээ. Тэр үедээ өвөг дээдсээс маань жижгэрэн агшиж, шавар хэрмэндээ хоргодогч, Их газрын түмэн бээрийн цагаан хэрмийг чацгаан савируулан байж хам хум бариулагч, нүүдэлчдээс үхтлээн айх ямаан омогтон, ямбатан хаад өөрсдийгөө их хуандий гэж гайхуулагчид, хм элэнцгийн чинь гэж…Зохиогч түүний хаад Түмэн шаньюү, түүний хүү Модун шаньюүгийн үед ч юм уу, эс бөгөөс түүнээс бараг гурван зууны дараах үеийн Үйжүйлюү шаньюү ч юм уу, бүр эс бөгөөс эх дэлхийн дайдыг морин туурайгаар тамгалан эзэрхийлж, Их эзэнт гүрнийг байгуулсан Их эзэн Чингис богдын үед ч юм уу, бүү мэдээ. Ямар боловч нүүдэлчин, дайчин омгоороон бахархан байдаг та бидний өвөг дээдсийн хэн нэгнийх нь үед гэнэм.
Мянганы ноён ч байсан уу, магадгүй түмтийн жанжин ч байсан уу, хэн мэдэх вэ, нэгэн ноёнтон олзолж авсан, олзны боол болох уран дархан- цэрэг эрд өөрийгөөн хамгаалах хөө хуяг хийхийг чандлан тушааж гэнээ. Тэр үеийн нүүдэлчин эрчүүд гэдэг болгон босон суугаад байлдах, авхаалж чадвар, сонор сэргэг, анхаарал юм юмтай цэрэг эрс, дархан ч бай, эмч домч нь бай илдээ сугалахад л эвгүй дайсан болдог байсан тийм л үе. Дархан байнаа гэдэг нь зэвсэг мэддэг, зэвсэгийг яаж үйлдэхээ хэнээс ч илүүгээр мэддэг байсан л гэсэн үг!
Мань дархан ч нэгэнт л олзны муу боолын хувьд, хөтөлгөө мориндоо цаг үргэлж ачиж явах гал өрдөх тулман хөөрөг, гартаа барих алх, лантуу, ган дөшөөн гарган зэхэж, чадлаа гарган, өөрийн хийж чадах хамгийн сайн хөө хуягыг заасан хугацаанд хичээнгүйлэн үйлдэж эзэн ноёндоо барьж гэнээ. Мэдээжийн хэрэг, утсан чинээ улаан амь нь хэнд ч хэрэггүй “Олзны боол”- ын хувьд биш, ур чадварыг нь ашиглаж, улс орноо хамгаалах их цэргийн жанжинд үйлчилж байгаадаа урамшин, өөрийн урьд өмнө хэзээ ч урлаж байгаагүй … тийм л нэгэн Аа тийм, гурван цэг орхисоны учрыг дараа цаг үед нь сануулсуу! хөө хуягыг урлан бүтээж гэнээ. Хөө хуяг гэж эрхэмсэг уншигч авхай нар мэднэ биз дээ хө. Жижигхэн, жижигхэн ган цагирган бэлзэг За тэгээд бэлзэг гэхээр бөгж энээ тэрээтэй андуураад хадуураад явчихвий дээ, тиймийн учир зарим нэг язгуурын Монголчууд шууд утгаар нь “гархин” хуяг ч гэж нэрлэдэг үелэн, сүлжиж бүтээх, цээжин биеийг ташаа юутай нь өвч бүрхэн хамгаалах, ган торон утсан хуяг шүү дээ. Яагаа вэ, нөгөө “шагай шүүрэх” гээд ардын уламжлалт тоглоомонд тийм л хөө хуягны атгаханыг ашиглаж тоголдог доо. Хэрвээ эрхэм уншигч авхай та хэзээ нэгэн цагт “шагай шүүрч” наадаж үзсэн бол, тэр өөдөө шидээд, эргээд буухад нь алдалгүйгээр атгаад авсан шагайн дээрээ тосоод авсан “СУМ” – аа нэг санаад үзээрэй дээ!
Шинэхэн гялалзах хөө хуяг бэлэн болсон ч эзэн ноён нэг л хардангүйгээр:
-Өөдгүй муу боол, чи сонс! Өөрийн чинь агссан хөө хуягнаас өнгө дутуу үзэгдэх нь юу вэ? Өөрийн минь амийг бүрэлгэж, өргөө гэрийг минь эзэрхэхийг санаархав уу чи? хэмээхүйд зэвсгийн дархан эр чин шударгаар хариулруун:
-Олзонд ирсэн алдхан биеийг минь хөсөр татах нь эзэн ноён танд ам нээхийн төдий хэрэг! Харин алалдан тулалдахаасаа, алалдан тулалдах зэр, зэвсэгийг олон газар олзонд явж, элдвээр үйлдэж сурсаныг минь ашиглах үгүй нь ТӨРТ ИХ МОНГОЛ ГҮРЭН- ий минь хэргийн учир, хорвоогын тоосыг гучин жил хөдөлгөхдөө, арван хоёрхон наснаасаа өөрт ахадсан хөө хуяг бэдэрч, эр цэргийн амьдралаар өдөр, шөнөгүй зүтгэж, анхлан балчирхан биед минь томдож, хүндэрч илүүдсэн бүхнийг нь сэмхэн тайрч, бусдын нүднээс далдлан, алтнаас үнэтэй хөө хуяг, хатааж ширээсэн ган төмрийг өөдөсхөн ч болтугай хөсөр хаяж болохгүйн учир, борцот богцондоо, ганзагандаа, бүр дашимаг дотроо уух усаан дутааж хадгалан, ганц ч гархи хаялгүйгээр, эмээлт хүлэг, эр бие хоёртоон шингээн хадгалж үлдээн, хожмын хойно эр бие өсч, эмээлт хүлэг минь жижигрэх бүрийд эргүүлэн түүнээ цуглуулан бүрэн бүтнээр нь биш, муудаж зэвэрч өнгө нь бүдгэрэх үед, өөрт олдох бус, өрөөлийн үлдээсэн сайн муу гангийн хэлтэрхийг нийлүүлэн, өргөн тордож, өвөр түрий, ар өвөр, хажуу бөөр хаана л байна өөрт олдсоноор л нөхөн тордож, амиан хамгаалан ,ганц ч хоног цээжин биенээсээ салгалгүй явсан миний хөө хуяг, тос- тортог, хүний өөрийн цус- нулимс, бас хөлс дуслан харлаж борлосон ч хатаж ханасан ган төмрийн хувьд шинэхэн юм шиг гялалзаж, харин сая таны тушаалаар өчигдөрхөн олзолсон элдэв ган, төмрөөс самбаачлан ялган авч, ноён таны заасан ахархан хугацаанд чадлаараан ширээж, хатаан боломжоороо үйлдсэн ч хүний хэрэгцээнд ороогүй ган төмрийн учир хэдийвээр цоо шинэхэн эд боловч төдийлөн өнгөлөг харагдахгүй байгаа нь таны таалалд нийцэхгүй байгаад гүнээ хүлцэл өчсүү!
Эр хүн, эмээлт хүлэг, илд зэвсэг гурав цагийн уртад дайн тулаанд хатаагдаж өнгө орохоос, өчигдөр нар битүү өгөөд өнөөдөр өглөө нэхэж авах хөө хуяг хэдийгээр хатаагдаж, ширээгдэж амжсан ч эдэлгээнд орж амжаагүйн учир таны гэгээн мэлмийд үзэгдэхгүй байх нь аргагүй ээ. Өнгө гэдэг хуурамч юм шүү, ноёнтон та өөрөө нэг өмсөөд үзээч! хэмээн цэргийн хүний гүндүүгүй зангаар хүсэхэд нөгөө ноёнтон мөн л хардангуй харсанаа:
-Модон мануухай босго, наад хөө хуягаа өмсгөөд миний дайчин эрсээс хэн дуртай нь довтлон ирж, ирт сэлмээрээ цавчиж үзсүү, хэн дуртай эрхий мэргэн нь алсын зайнаас алдалж татан нумын хөвчнийхөө чадлыг шалгасуу!… хэмээн тушаалаа. Эзэн жанжныхаа тушаалаар довтолгон ирж, илд юуныхаа ирийг шалгасан цэрэг эрийн сэлэм энгэр юуг нь сэтлэн хэрчив, алсаас алдлан татаж, цэц мэргээ сорин харвасан эрхий мэргэн харваачын сум, зүрхэн тушаа нь алдалгүй онож нэвт хатгав гэнээ. Ноёнтон ч уурлаж:
-Өөдгүй муу олзны боолыг нар өөд бүү харуул, үтэр түргэн тонилгосугай! Хэмээн тушаах ахуйд дэргэдхэн нь байсан хатан ижий нь гэнэт:
-Түр хүлээ, үр минь! Чи эгэлгүй цэргийн эрдэмт жанжин ч гэлээ ганц удаа өөрөө гархин хуяг үйлдэж өмсөж үзсэн бил үү? Гартаа барих ган сэлмийг гараа гарган давтаж хийж, түүгээрээ өстнөө хөнөөж явсан удаа бий бил үү? Цэргийн эрдэмд нэвтэрхий биш ч дарх хийж, зэвсэг үйлдэгч, ийм л дархан эрсийн хийсэн зэр зэвсэг, хөө хуягаар насаараа чи өөрийгөө хамгаалж, өстнөө өмнөө сөхрүүлж явсан бус уу? Ирт сэлэм, хөвчит нум, хөө хуяг агссан цэрэг эрс чинь түмээр тоологдовч тэднийг өвч зэвсэглэгч хатан төмрийг хатаан ширээгч дархчуул чинь хэд билээ? Уурын мунхагт хүмүүний амь таслах амархан, учир начрийг нь олох нь л чухал бус уу. Нэгэнт чиний олзонд байгаа, нартад амьд явах эсэх нь чиний гарт буй ийм эр яахан чамд муу хөө хуяг хийж өгөх билээ. Түүнд дахиад нэг боломж олго! Өнөөдөр түүнийг хороосон, маргааш түүнийг хорооход юуны ялгаа билээ… хэмээхэд их жанжин эр хатан ижийн үгнээс зөрж эс түвдэв ээ.
Дархан эр ч багаж зэвсэгээн бэлдэн ажилдаа ороход хатан ижий шивэгчнээрээ үг дамжуулжээ. Дархан эр хэдийвээр хатан ижийн дамжуулсан үгэнд эргэлзсэн хэдий ч өнөөдөр амийг нь аварсан болохоор ямар нэгэн учир буй буйзаа хэмээн сэтгээд түүний зааснаар ган төмөр харамлалгүйгээр, бүдүүн ган төмөр утас нийтгэн, зузаан гэгчийн хөө хуяг үйлдэв ээ. Маргаашын ургахын улаан нарнаар шинэхэн гялалзах хөө хуягыг мөн л модон мануухайд углаад цэрэг ир довтолгон ирж цавчсан боловч ирт сэлэм нь даасангүй, өдөт сум шунгинан ирсэн боловч мөн л нэвтэлж чадсангүй унах нь тэр гэнэ. Их жанжин ч сэтгэл ихэд баясан шинэхэн хөө хуягаа өмссөн боловч нүсэр агаад хүнд, хөдөлгөөн хоригдож, дуулгаан ч өөрөө толгойдоо тавьж гар нь хөдөлсөнгүй, уурандаа ирт сэлмээн сугалан өөдгүй муу олзны боолыг тасар цавчих гэсэн боловч гар нь ташаандаа хүрч чадсангүй гэнээ. Гайтай, гайхал хөө хуягаа бусдын тусламжтайгаар арайхийн тайлж хөсөрт шидээд, олзны боолтой тооцоо хийх гэтэл мөн л хатан ижий өгүүлрүүн:
-Чи хэдийвээр их цэргийн жанжин хэдий ч өрнөөс минь өмөрч унасан миний л үр. Тиймийн учир дахиад миний үгэнд ор. Алуулах амь нь чиний гарт, чиний төлөө зүтгэх үгүй нь түүний сэтгэлд буй. Дахиад нэг боломж түүнд олго! Тэгээд сүүлчийн удаа сорьж үзсүү! Хэмээн лүндэгнэв гэнээ. Их жанжин эр ч хатан ижийн үгнээс зөрсөнгүй, дархан эр ч ажилдаа шуудрав. Мөн л хатан ижий дархан эрд шивэгчнээрээ үг дайж, дархан эр ч хэлсэнээр нь эхний хийсэн шигээ хөө хуягыг гараа гарган урлан үйлдэв. Болзсон цаг ч ирж их жанжин шинэхэн хөө хуягыг дахиад л модон мануухайд өмсгөх тушаал өгөхөд дархан эр хүлцэнгүй боловч аймшиггүйгээр, хатан ижийн захиж дамжуулснаар өчрүүн:
-Их жанжинтан минь, болгоон соёрх! Хороогдох утсан амь нэгэнт байхуйд модон мануухайн хэрэг юу билээ? Өөрийн гараар хатааж ширээн, ур чадвараа гарган хийсэн хөө хуягаа яагаад би өмсөөд зогсож болохгүй гэж? Нэгэнт таны хувьд би вээр олзлогдсон олзны боол боловч өөртөө бол ид насан дээрээ яваа эр цэрэг хүн. Үхэх амь хэдий таны гарт боловч, үхэх хүний сүүлчийн үгийг авдаг тэр л ёсоор танаас хүсэх өчүүхэн зүйл байна, та намайг илд, бамбай зэр зэвсгээн бүрэн бүтнээр нь асаан цэрэг эрийн ёсоор хорвоогоос халихыг зөвшөөрч ажаамуу! хэмээн ихэд хүндэтгэлтэйгээр өчихүй дор их жанжин ч түүний хэлснээр болгохыг тушааж гэнээ. Дархан эр ч зэр зэвсгээн агсан довтлон ирэх морьтон дайчнаас самбаачлан бултаж, харван ирэх өдөт сумыг бамбайгаараа хаан, амиа хамгаалан хэдэн хормын турш өөрийгөө хамгаалан амь тэмцэж, үнэндээ өөртөө сумны зэв, сэлэмний ирийг огтхон ч хүргэхгүй тэмцэн ахуйд хатан ижий гэнэт өгүүлрүүн:
-Жинхэнэ цэрэг эр гэж энэ бус уу? Өмссөн өмсгөл зүүлт нь зөвхөн өөрийгөө хамгаалахад болон өстнөө өрлөн дарахад үл саад болох, хөнгөн гавшгай үйл хөдлөлд зориулсан ийм уян хатан уян хатан- дээр орхисон гурван цэгний учир энэ л байсан ажгуу хөө хуягыг чи яагаад муу хийсэн гэж бодоо вэ? Модон мануухайд угласан хөө хуягыг хатан ижий чинь би боловч мах огтлох огтор хутгаараа цоо хатгаж дөнгөнөм бус уу? Жинхэнэ цэрэг эр, тэр дундаа зэр зэвсэг үйлдэгч хатан төмрийг элдэн зөөлрүүлэгч уран дархан эр яавч эзэн ноёндоо мууг хийж өргөх ёсгүй бөгөөд, хамгийн гол нь тэр зэр зэвсгийг агсагч цэрэг эр л өөрөө овжин, шаламгай байх ёстой бус уу… хэмээн сургамжлан өгүүлэхүйд их жанжин ч, бусад цэрэг эрс ч хүлээн зөвшөөрч, олзлогдсон дархан эрийг үнэхээр насаараа хатаагдсан жинхэнэ Монгол эр цэрэг гэдгийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрч гэнээ.

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай


URL:

Сэтгэгдэл бичих