“Хишиг арвин индустраль” компаний ард Н.Алтанхуяг өөрөө байгаа юм биш биз?
Эрх баригчид өмнөхөө эрс үгүйсгэдэг өвчинөөр хүнд “өвджээ”.
Сүүлдээ өөрсдөө засаг хамтарч барьж байснаа умартан юм л бол баруун хойд овоохой гэдэг шиг хамаг болохгүй бүтэхгүй муу муухай бүхнээ МАН руугаа чихдэг болов. Хоёр нам хамтарч засаг барьж байхдаа “Эрдэнэс-Тавантолгой” компанийг байгуулсан. Гэвч одоо энэ компани санхүүгийн хүнд байдалд орж, ажил үйлчилгээний төлбөр тооцоогоо ч хийж чадахаа больсон, ер нь л дампуурч байгаа юм байх. Үнэхээр дампуудав уу, яав гэдэг нь тийм ч тодорхой бус.
Юутай ч чоно борооноор гэгчээр цагаан сарын дараахан буюу шинийн 6-наас эхлэн Тавантолгойн баруун Цанхид “Хишиг арвин индустраль” гэдэг компани бүрэн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулах болжээ. Уг компанийг хэзээ, ямар тендерээр хэн гэдэг эрх мэдэлтэн оруулсан нь одоогоор маш их нууцлагдаж байгаа ч сонгон шалгаруулсан мэтээр хэдүйн оруулаад амжжээ.
Эндээс энэ онд 3.5 сая тонн нүүрс олборлох тооцоог Уул уурхайн яам гаргасан аж.
Таван толгойд гэнэт тодорч гарч ирсэн “Хишиг арвин индустраль” хэмээх том лоббитой энэ компаний талаар одоогоор хэн ч мэдэхгүй байна. Ямар ч байсан Монгол Улсын Засаг төрийн толгой дээгүүр гараад ирж чаддаг л компани юм. Үнэн хэрэгтээ эрх баригчид хамаг муу муухайгаа нэгэн цагт засгийн эрх хамтарч барьж байсан МАН руугаа чихэж байгаа ч Тавантолгойн орд газрыг ашиглах, гаднын хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах ажлын хэсгийг хамтарсан Засгийн газрын үед одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахалж байсан гэдгийг ард түмэн мартахаар тийм тэнэг биш.
Тэгэхээр засгаас том толгойтой, ард түмний хөрөнгийг ганцаараа шахуу залгих болсон “Хишиг арвин индустраль” хэмээх энэ компаний ард Н.Алтанхуягийг байна хэмээн хардах хүн олон байна.
Эх сурвалж: http://tsag.mn/index.php?option=com_content&view=article&id=9199:q-q-&catid=81:government&Itemid=738
URL: