Уго Чавес хэн байв
Венесуэлийн удирдагч Уго Чавес таалал төгссөнтэй Холбогдуулж, тэр хэн байсан талаар олон түмэнд бүрэн төсөөлөл өгөхийн тул Ч. Өрлөгийн “Уго Чавес: Би олон газар зэрэг амьдарч чадахгүй шүү дээ”, судлаач Х. Д. Ганхуягийн “Боливарын хүү” нийтлэлүүдийг хамтатган нийтлэж байна.
Ч. Өрлөгийн нийтлэл нь голчлон Уго Чавес, түүний үйл хэргийн тухай энгийн хэлээр бараг өнгөтөөр өгүүлэх бол судлаач Х.Д.Ганхуягийн өгүүлэл Уго Чавес болон түүний үйл хэргийн талаар Латин америкт өрнөж буй нийт үйл явцтай холбож цогц, системчилсэн байдлаар өгүүлнэ.
Ийм дарааллаар уншихад Уго Чавес болон өнөөгийн Латин америкт өрнөж буй нийгмийн үйл явцын талаар нэн цэгцтэй, цогц төсөөлөл хялбар авахаар юм. Хамгийн гол нь манайд өрнөж байгаа үйл явцуудтай холбогдуулж латин америкийн ард түмний туршлагыг харахад бодох юм бас байна.
“Цахим өртөө” вебийн нийтлэгч, 2013-03-06
Уго Чавес: Би олон газар зэрэг амьдарч чадахгүй шүү дээ
Венесуэл 1991 он. Неолиберал их өөрчлөлтийн үе. Эдийн засгийн ухааны “суут бусниулагч“ Милтон Фридман, цэцэглэж байсан нэг биш нижгээд Латин Америкийн улсуудыг бутлан сүйрүүлсэн юм. Шинэ сургаалийн үндэслэгч тэр, өөрийн шавь нартайгаа хамт эдийн засгийн шинэ хэлбэр бий болгож, түүнийгээ дэлхийд байхгүй мундаг ер бусын гэж сурталчлах болсон билээ. Тийм ээ. Олон хүний амь авах, сүйтгэн хөнөөх чадвараараа онцгой ер бусын гэдэг нь үнэн байсан. Неолиберализм гэдэг нь төрийн бүх мэдлийн хөрөнгийг хувьчлан, нийгмийг хамгаалах бодлогыг багасгаж, хувийн хэвшилд замбараагүй бүрэн эрх чөлөө өгөхийг хэлж байгаа юм. Яг л Монголд болсон шиг. Энэ бол Ардчиллал, дэлхий ертөнцийн аврал гэж Америк бусад улсад тулгасан. Тэгээд тахал шиг бүх дэлхийгээр тарж эхэлсэн билээ.
Чавесийн эх оронд тэр үед юу болсон бэ? Олон хүн үхсэн. Ард түмэн мянга мянгаараа гудамжинд гарч эсэргүүцэн жагссаныхаа төлөө, тэр үеийн Пересийн засгийн газрын тушаалаар буудуулж алуулж байсан. Дэлхийн валютын сангийн санаачилсан “Шинэ нийгмийн реформ” гэгчийг, түүнтэй холбоотой өөрчлөлтүүдийг хүмүүс тэсвэрлэн давж чадаагүй. Үнэндээ тэд өлсөж, юм идэхийг л хүсэж байв. Гуравхан жилийн дотор Вэнэсуэлийн нийгэм, неолибэрализмийн сонгодог үр дагавар болох цөөхөн баян саятангууд, үлдсэн нь ядуучууд гэж хоёр хуваагдав.
Олон жилийн дараа Уго Чавес ард түмнийгээ “үсрэх гэж байгаа 10 сая өлсгөлөн бар” гэж зүйрлэн тэр үеийг хэлнэ. 1998 онд ”яг тэр барууд нь” түүнийг ерөнхийлөгчөөр сонгосон юм. Тэр цагаас эхэлж Вэнэсуэлийн хөгжил цэцэглэлтийн үе эхэлсэн.
Өмнө нь 1992 оны хоёрдугаар сарын 4-нд, агаарын десантын цэргийн офицер Чавес өөртэйгээ ижил, айх зүйлгүй, тууштай эх орончдын хамт цэргүүдийн цувааг удирдан, ерөнхийлөгчийн ордон луу хөдөлсөн юм. Энэ дайчин зангаа Уго эхийн сүүгээрээ дамжуулан өвөө ааваасаа өвлөн авсан байдаг. Түүний индиан цустай элэнц өвөө, цагтаа засгийн газрын эсрэг мөргөлдөөнийг толгойж байжээ. 1992 онд Чавесийн төрийн эргэлт хийх оролдлого амжилтгүй болж нухчин дарагдсан билээ. Бүх бурууг Чавес өөртөө авч шоронд хоёр жил суусан юм.
Тэд шинээр их хурал байгуулж, тэр хуралдаа авилгалд идэгдсэн, дахин дахин сонгогдож байсан парламентын хуучин гишүүдийг биш, нийгмийн бүх давхаргаас жинхэнэ олон түмний төлөөллийг оруулж суулгана гэж төлөвлөж байв. Үндсэн хуулийн реформ хийснээр улс орныг хээл хахуулиас чөлөөлж, иргэдийн ихэнх болох ядууст хүн шиг амьдрах, улс орноо удирдахад оролцох боломж олгох байлаа.
Тэр үеийн ерөнхийлөгч Рафаэл Калдера түүнийг шоронгоос сулласны дараа, Чавес ядуусын хороололд байдаг “Боливиарын зөвлөлүүд” дээр тулгуурлан яг л Фидел Кастрогийн Куба дээр байгуулсан шиг “5 дахь бүгд найрамдах улс” гэж хөдөлгөөн байгуулсан. Тэр хөдөлгөөн цаашаа хөгжсөөр “Вэнэсуэлийн социалист нам” болсон юм.
Зургаан жилийн дараа тэр ялалт байгуулж, Вэнэсуэлийн улс төрийн амьдралд шинэ эрин үе эхэлж, ерөнхийлөгчийн ордон түүний гэр болсон юм.
Чавес эрх мэдэл авсан явдал тэр чигээрээ хувьсгал байв. Хийсэн үйлдэл, өөрчлөлт болгон нь шударга ёс, ард түмнийхээ төлөө, баячуудын эсрэг, капитализмын энэрэлгүй эзлэлт, АНУ-ын давамгайлах бодлогын эсрэг байсан. Тэр урд нь баячууд болон гадны хөрөнгө оруулагч нарт алдсан байсан Вэнэсуэлийн бүх чухал салбар болох нефть, төмөрлөгийн болон цементийн үйлдвэрүүдээ буцаан төрийн мэдэлд авсан. Латин Америкийн бусад улсуудад, америкчуудын хэрэгжүүлсэн бүх нийтийн хувьчлалыг мөн адил Вэнэсуэлд хийх гэж санаархаж байсан, бүх хувийн америк компаниудыг өөрийн улсаас хөөн гаргасан юм. Их сургуульд орох шалгалтыг байхгүй болгон, оюутнуудын тэтгэмжийг нэмсний дараа оюутнууд түүнийг дэмжин “Ингэж улс орныг удирддаг юм!” гэж хашгирч байв.
Зарим нь түүнийг шоудаж байна гэдэг. Гэхдээ өөрийнхөө ерөнхийлөгчийн цалингаасаа татгалзан оюутнуудад өгөн, өөртөө зөвхөн цэргийн офицер байсныхаа төлөө авдаг тэтгэврээ үлдээсэн нь үнэн юм. Ерөнхийлөгчийн эзэмшилд байх ёстой ордноо сургуулийн байр болгосны дараа үүнийгээ… Би олон газар зэрэг амьдарч чадахгүй шүү дээ гэж тэр тайлбарласан. Өнөөдөр Вэнэсуэлийн хүүхэд болгон 100% сургуульд хамрагдаж, бичиг үсэггүй хүн бараг үлдээгүй билээ. Нэг 70 настай эмэгтэй Уго Чавесийн хэрэгжүүлсэн нийгмийн төслийн дагуу бичиг үсэгтэй болжээ. Тэр эмэгтэй ерөнхийлөгчид зориулж өөрийн гараар захиа бичин хайр сэтгэлээ илэрхийлэн болзоонд урьжээ. Уго тэр эмэгтэйн сэтгэлийг гомдоохгүйгээр яаж хариу бичихээ удаан бодсон гэдэг.
Уго Чавесийн удирдлага дор Вэнэсуэл улс гадаад өрөө бүрэн төлж өргүй болсноор зогсохгүй бусад улсуудад зээлдэгч, санхүүгийн чадвартай хүчтэй улс болсон, хүн амын өсөлт хэд дахин нэмэгдэж, орон гэргүй болон ажилгүй хүмүүсийн тоо эрс багассан байдаг. Вэнэсуэлийн үйдвэрлэлийн хэмжээ огцом өсөж, ажлын байр ихээр бий болж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлт урд өмнө үзүүлж байгаагүй өндөр үзүүлэлтэд хүрсэн юм. Тус улсын валютын нөөц 4 дахин өсөж чадсан.
Тус улсад гарсан өөрчлөлтүүд, монголчуудын тахин шүтдэг “барууны Ардчилагчдын” дургуйцэл айдсыг яагаад их төрүүлсэн бэ гэвэл, энэ жижиг Латин Америкийн улс өөрсдийн хүчээр, гаднаас буюу баруунаас ямар ч хамааралгүй байвал, өсөн дэвжиж хөгжиж болохыг, өөрийн жишээн дээр үзүүлсэн явдал байлаа. Генерал Шарль дэ Голл хагас зууны өмнө банкны системийг болон Холбооны нөөцийг (Fed) тэр чигээр донсолгож сандраасан явдал болох Франц улс өөрийн алтаа буцаан татаж авсныг, Уго Чавес Вэнэсуэлийн нөөц болох 160 тонн алтаа, 2012 онд Европын болон Холбооны нөөцийн банкуудаас татаж авснаар дахин давтсан юм.
Барууны ардчиллын эсрэг шударга тэмцэл явуулсныхаа төлөө 2002 оны 4 сарын 12-нд, Америкийн тусгай албадын зохион байгуулсан, сөрөг хүчний төрийн эргэлтийн дараа, Уго Чавесыг баривчлан, хэрцгийгээр зодож холын арал руу аваачин хорьсон юм. Шинэ засгийн газрыг барууны эздийн гар хөл болсон Пэдро Кармона Эстанга толгойлсон билээ.
Уго Чавесийн ард түмэн гудамжинд сая саяараа гаран жагсан эсэргүүцэж, ерөнхийлөгчөө аварсан юм. Тэд хуулиар сонгогдсон ерөнхийлөгчийг буцаан тавихыг тууштай шаардаж зорьсондоо хүрсэн. Хэдэн жилийн дараа хэд хэдэн хувийн өмчид байсан компаниудыг төрийн мэдлийнх болгосны төлөө дахин түүнийг унагаах гэж оролдов. Энэ хуйвалдаан хаанаас удирдан зохион байгуулж байгааг олон нийтэд мэдээлсний дараа хуйвалдааны арын эзэн болох, Америкийн элчин сайдыг өөрийн улсаас албадан гаргасан юм. Энэний хариуд АНУ зэвсэг нийлүүлэхээ зогсоох эдийн засгийн хориг тавьсан ч, Вэнэсуэл улс өөрийн хүсэлтээр АНУ-ын цэрэг зэвсгийн зориулалттай техникээс бүрэн татгалзсан билээ.
Чавесийн өвчин туссан талаар 2011 оны 6 сард анх мэдэгдсэн. Тэр сардаа анхны хагалгаа хийгдэж, дараахан ходоодны хорт хавдрыг авах 2 дахь хагалгааг түүнд хийсэн. Гурав дахь удаа түүнийг өнгөрсөн жилийн 2-р сард хагалгаанд оруулсан юм. Одоогоор ерөнхийлөгч Чавес Гавана хотод 4 дэх хагалгааны дараахь эмчилгэгээ хийлгэж байна.
Бүгдээрээ яаран дүгнэлт хийхгүйг хичээе… гэхдээ нэг л булингартай, ойлгомжгүй түүх үргэлжилж байна. Латин Америкийн удирдагчид бараг бүгдээрээ хорт хавдар тусдаг гунигт хандлага бий болоод удаж байна. Мануэл Сантос, Луис да Силва, Дилма Рүсэф, Кристина Киршнер, Фэрнандо Лүго, Алвар Үрибэ, Даниэл Ортега эцэст нь Фидел Кастро… Тэд бараг бүгдээрээ Америкийн эсрэг байр суурь илэрхийлдэг юм. “Бид бүгдээрээ зэрэг өвчилчихнө гэж байхгүй биз дээ” гэж Чавес гайхаж байсан. Тохиолдол цөөхөн тоотой бол байж болно, харин 3-аас илүү байгаа нь энэ бүгд хиймлээр зохион байгуулагдаж, маш нууц өвчнөөр бий болсон юм биш биз гэсэн хардлага зүй ёсоор төрж байна.
Чавесийн өвчин түүний сөрөг хүчин болох ардчилагчдын гол зэвсэг болсон юм. Тэр удахгүй үхнээ… Бид та нарт чөлөөт зах зээл, бүх нийтийн хувьчлал, шинэчлэл, ардчилал, эрх чөлөөг өгнө гэж тэд хашгирцгааж байв. Тэд ялсан бол 13 жил Уго Чавесийн хамгаалан байж бий болгосон ард түмний хөрөнгийг, Америк зөвлөгч нарын тусламжаар, хувьчлал нэрийн доор тал тал тийшээ таслан хувааж идэхийг завдах байв.
Гэвч ард түмэн сонголтоо хийж, Уго Чавесийг өнгөрсөн 2012 оны 10 сард гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгосон юм.
Тэр хүчирхэг дайснуудаасаа хэзээ ч айлгүй, зоригтойгоор хайртай ард түмнээ хамгаалан, тэднийхээ төлөө олон тэмцэл рүү дайран орж, хөдлөхгүй өмөөрөн зогсож байсан.
Өнөөдөр ард түмэн өнчөрлөө. Венесуэл гашуудаж байна, Венесуэл уйлж байна…
Ч.Өрлөг 2013-03-06
БОЛИВАРЫН ХҮҮ
Уго Чавес нас барав. Энэ нь Латин Америкийн шинэ интеграцийн үйл явцад их том гарз учирч буй хэрэг юм. Манайд Баабараас эхлээд энэ хүнийг хараан загнадаг боловч үйл хэрэг нь ганц Венесуэлийн биш, нийт Латин Америкийн, цаашилбал дэлхийн цоо шинэ хандлагын эхлэл байсан юм. Энэ тухай өгүүлсү.
Сүүлийн 10 гаруй жил Латин Америкт “Зүүн эргэлт” гэх үйл явц болсон юм. Энэ бүсийн олонхи орнуудад үндсэн хуулийн замаар засгийн эрхэнд зүүний буюу зүүн төвийнхөн гарсныг ингэж нэрлэсэн юм.
Тэднийг нөхцөлт байдлаар 2 хувааж болно. Эхний бүлэг нь радикал хэсэг бөгөөд түүнийг талийгаач Уго Чавес толгойлж байв. Энд Венесуэлээс гадна Болив, Никарагуа, Эквадор ордог юм. Энэ улсууд “Манай Америкийн нэрийн төлөө Боливарийн Холбоо” буюу АЛБА гэгчид багтдаг бөгөөд Латин Америкийг нэгтгэхийн төлөөх Симон Боливарын хүсэл мөрөөдлийг хэрэгжүүлэх холбоо болно. Ер нь бол Боливарын үзэл санаа бол Латин Америкийн голлох үзэл суртал бөгөөд улам бүр хүчийг олж байгаа хандлагатай.
Хоёрдахь бүлэг аядуу зүүн төвч дэглэмүүд бөгөөд үүний албан бус лидер нь Бразиль, түүний Хөдөлмөрчдийн нам болно. Энд Аргентин, Уругвай, Парагвай, Сальвадор, Перу орно. Хамгийн сонирхолтой нь өнөөдөр Латин Америкийн эрх баригч ганц ч нам өөрийгөө барууны гэж хэлдэггүй. Баруун төв гэж Колумб, Мексик, Панам, Гондурас, Чили, Гватемалын засгийн газрууд арай ядан хэлдэг. Харин Доминикан, Коста-Рика бол зүүн төв гэдэг.
Арван жилийн өмнө энэ бүс нутагт зүүний намууд ингэж илт давуу байгаагүй юм. Ганц Куба л байсан байх.
1990-ээд оноос эхэлсэн Латин Америкт хүчээр тулган хүлээлгэсэн “Вашингтоны консенсус” хэмээх радикал неолиберал бодлого ийм зүйлд хүргэсэн байна. Энэ бодлого улсын секторыг сүйрүүлж, түүнийг нийгмийн үүргийг алдагдуулж, ард түмний ихээхэн хэсгийг ядууруулжээ.
Ингээд Венесуэлд үүний эсрэг төрийн нийгэм-эдийн засгийн үүргийг хүчтэй болгож, нийгмийн баялгийг дахин хуваарилж, нийгмийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлжээ. Эрүүл мэнд, боловсрол, орон сууцны асуудлыг ихэд анхаарчээ.
Ганц Венесэул ингээгүй, дөнгөж саяхан өр ширэндээ баригдсан Бразил хүртэл ингэсэн юм. Одоо Бразиль энэ бүс нутгийн эдийн засгийн локомотив болчихоод байна. Баруунаараа “үлдсэн” Колумби, Мексик, Чили ямар байгааг бид харж байгаа.
Латин Америкийн зүүн болон зүүн төвийн чиглэл онцын их ялгаагүй. Радикал гэгдэх талийгаач Уго Чавес болон Боливид нефть болон хийг улсын бүрэн хяналтад авснаараа л ялгагдана. Энийг нь л манай Баабар хараагаад байгаа юм. Учир нь тэдний баячууд ингүүлэх юмаа өөрсдөө хийсэн юм билээ.
Уго Чавес гайхамшиг бүтээсэн. Түүнийг анх гарч ирж байхад хүн амын 50 хувь ядуу, 25 хувь үгүйрлийн байдалд байсан. Одоо ядуурал 20 хувь, үгүйрэл 9 хувь болсон. Мөн тэр дэлхийд хамгийн том нефтийн орд олсон. Тэд Саудын арабаас их нефттэй болсон. Бичиг үсэг үл мэдэх явдлыг бүрэн устгасан. Ард түмнээ эрүүл үндэстэн болгосон.
Бразиль Венесуэлийг гүйцэхгүй ч гэсэн хөнгөлөлттэй нөхцөлтэй хүнсний сагс ядуустаа өгдөг аж. Энэ хөтөлбөрийг “Өлсгөлөнг тэглэх” гэдэг. Ямар ч гэсэн өлсгөлөнг дарж чадсан. Бас тэнд хавтгай байсан боолчлолыг үндсэнд нь дарж чаджээ. Энэ бол их амжилт юм. Венесуэл, Эквадор, Никарагуа, Боливид үнэ төлбөргүй эрүүлийг хамгаалахын систем нэвтрүүлсэн бөгөөд үүнд Кубачууд үнэлж баршгүй туслалцаа хийгээд үлгэр жишээ үзүүлдэг байна.
Сүүлийн үед Латин Америкт баримтлах болсон зарчим нь үнэгүй боловсрол, үнэгүй эмнэлэг болсон байна. Үүнээс өөрөөр бол асар их байгалийн баялгийн буянг бүх үндэстэн хүртэж чадахгүй гэж үздэг байна.
Өнөөгийн ертөнцөд өмчийг улсын болгохыг неолибералууд шууд л гэмт хэрэг гэж үздэг. Гэтэл тийм биш юм байна. Хурааж авбал л гэмт хэрэг болохоос зохицуулж болдог юм байна.
Ухаандаа Латин Америкт хэрэв улсын болговол маш аядуу нөхцлөөр нөхөн олговор өгч байна. Экспортын секторын орлогыг өмчгүй олонхийн ашиг тусын төлөө дахин хуваарилж байна. Энэ нь гэхэд л улс орны эдийн засгийг ихээхэн сэргээдэг байна. Мөн неолиберализмын догмыг няцааж байна.
Латин Америкт хөгжлийн капиталист хэтийн төлөвийг үгүйсгэж байгаа боловч тэднийг улсын болгох, дунд ангийн байр суурийг нь ганхуулах зорилго огт тавиагүй байна. Харин ч эсрэгээр зүүний дэглэм байснаар дунд анги маш их хожиж байна.
“Вашингтоны консенсус” буюу неолиберал бодлогын явцад дунд анги бөөнөөрөө үгүйрч, ядуурсан юм. Харьцаагаар илэрхийлбэл 1980-90-ээд онд дунд анги шиг орлогоо алдсан анги байгаагүй. Одоо дунд анги төрийн асар их дэмжлэг авч байна.
Жилийн өмнө дампуурлын улмаас мөнгө ч үгүй, орон сууц ч үгүй хуурагдан хоцорсон дунд ангийн хүмүүст орон сууцны хувийн корпорацид хувь нийлүүлэгч болбол асар их зээл олгож эхэлжээ. Төр нефтийнхээ орлогын ихээхэн хэсгийг орон сууцанд зарцуулж, хамгийн хөнгөлөлтэй нөхцлөөр орон сууц барьж эхлэв.
Өмнө нь хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг баячууд авчихаад огт ашигладаггүй, зөвхөн дамын наймаанд л хэрэглэдэг байжээ. Уго Чавесийн төр энэ газрыг зах зээлийн үнээр албадан худалдан авч тариачдад дахин хуваарилжээ. Ингэж газрын реформ хийжээ. Ингэж хөдөө аж ахуйн болон хүнсний асуудлаа шийджээ.
Боливид 5000 га-аас илүү газар эзэмшихийг хориглож, илүү гарвал газаргүй тариачдад, нэн түрүүнд индиан нийтлэгүүдэд өгдөг болжээ. Үүнээс илүү шударга юм гэж хаа байна. Мангар том газар авчихаад өөрөө ашиглахгүй, хүн оруулахгүй, “миний өмч, хэн ч халдаж болохгүй” гэдэг либерал номлолын өөдөөс “уучлаарай, наана чинь, ард түмэн амьдрах гэж байна” гэж Уго Чавес хэлж чадсан юм. Энэ бол хамгийн шударга ёс мөнөөсөө мөн.
Харин улс төрийн амьдралд бол ардчилсан хэм хэмжээ мөрдөж, олон намын систем ажиллаж, сонгууль байнга явуулж, ялангуяа ард нийтийн санал асуулга байнга явуулж байна.
Харин Чили зүүн төвийн христианы засгийн газар байдаг боловч Пиночетийн үндсэн хуулиасаа салж чаддаггүй. Одоо тэнд байдал ихээхэн хурцадмал.
Саяхан Латин Америк, Карибийн бассейны улсуудын Хамтын нийгэмлэг CELAC хэмээх шинэ байгууллага байгуулж, түүнд Америк, Канад хоёроос бусад бүх орон оров.
Энэ юу гэсэн үг гэхээр Америк тив Умард, Өмнөд гэсэн улс төр-эдийн засгийн хоёр том бүс нутагт хуваагдаж байна гэсэн үг. Энэ бол Өмнөд Америк “боливарын зам” буюу шинэ замаар замнаж байна гэсэн үг. Энэ шинэ замыг нээхэд Венесулийн Уго Чавес нэн их үүрэг гүйцэтгэсэн гэсэн үг.
Латин Америкийн социалистууд антиимпериалист, зоримог, ёс суртахууны шинжээрээ хосгүй байдаг. Уго Чавес нас барсан ч Латин Америкийн зам нэгэнт тавигдаж, шинэ хандлага цаашид хүчээ авах нь гарцаагүй. Харин манайд ноён Баабар “номлоод” байгаа хэдий ч неолибералист бодлого нь аль хэдийн сөнөчихөөд байгааг хүн болгон харж байгаа нь лавтай…
Уго Чавес бол гадаадынхантай нийлсэн хулгайч нарыг хөөж үндэсний баялгийг ард түмэндээ хүртээсэн зоригтон байсан юм.
Түүнийг халин одоход хөрш орнууд нь гашуудал зарлаж байна ш дээ. Ийм тохиолдол их цөөхөн дөө. Энэ нь Уго Чавесийн агуу их нэр хүндийг харуулнам бус уу.
Тэр Боливарын хүү, ард түмний хүү байсан юм. Ийм жолоодогчоо ард түмэн үүрд хайрладаг юм…
Судлаач Х.Д.Ганхуяг. 2013 оны 3 дугаар сарын 6.
URL: