Д.Ганхуяг: Хилийн цаана зэсийн хүдрийг бутлагч, бөмбөлөг болон шохойны агуулах барьсан байсан

IMG_6832-Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн хурал боллоо. Үр дүнд хүрэв үү. Эсвэл Оюу толгойн үйлдвэрлэлийг зогсох уу, яахаар болов?
-Хувь Нийлүүлэгчдийн хурал үргэлжилж байгаа. Хоёр тал Оюутолгой төслийг улам идэвхтэй дэмжих, тухайлбал бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн ажлыг хугацаанд нь эхлүүлэх дээр урьдын адил хамтарч ажиллахаар болсон. Хоёрдугаар сарын 06-ны хурлаар хоёр тал нийт 20 орчим асуудлыг Хувь нийүүлэгчдийн хурлаар хэлэлцэхээр санал гаргасан. Үүнээс найман асуудлыг нь гуравдугаар сард хуралдах ТУЗ-ын хурлаар шийдвэрлүүлэх чиглэл өгсөн. Дараагийн Хувь нийүүлэгчдийн хурал гуравдугаар сарын дундаас хойш үргэлжилнэ. Энэ хурлаар эхлээд анхны хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр өссөн асуудлыг нэг тийш нь шийдэх болно. Бусад Хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэхээр шийдсэн байгаа асуудлуудыг энэ асуудлыг шийдсэний дараа үргэлжлүүлэн ярих болно. Энэ хугацаанд Хувь нийлүүлэгчдийн хуралд бэлдэх ажлын хэсэг хууль, гэрээ, ТЭЗҮ-д заасан анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 40 гаруй хувь буюу 2 тэрбум.гаруй ам.доллараар нэмэгдсэн шалтгааныг тодруулах юм. Уг нь энэ асуудлыг одоо ярьж суух биш, уг зардал төсөвлөснөөсөө өсөх гэж байгаа шалтгааны талаар Оюутолгой компанийн гүйцэтгэх удирдлага нь ТУЗ-д тавьж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой байсан.
Манай хуульд ингэж заасан байдаг. Анхны хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн 60 орчим хувь нь буюу 1.2 орчим тэрбум ам.доллар нь ирээдүйд улсын төсөвд татвараар орох орлогоос хасагдах гээд байгаа юм. Аль ч орны Төр, засаг татварын орлогынхоо хойноос хөөцөлдөх нь мэдээж биз дээ.
-Яг юу гэж байх юм, Рио Тинтогийнхон. Анхны хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгө оруулалтыг батлуулах гэж баахан дайрсан юм аа даа?

-Хурал дээр хоёр тал харилцан хүндэтгэлтэй хандаж байсан. Хувь нийлүүлэгчдийн хурал болон хэлэлцээрийн үед баримтлах зарчмаа тохирсоных л доо. Тэр нь Монгол Улсын хууль, тогтоомжийг дээдлэх. Гэрээ, ТЭЗҮ бол эрх зүйн баримт бичиг л дээ.

-Гэрээний ямар өөрчлөлт оруулахаар хэлэлцэв?
-Монголын тал тавьдаг асуудлуудаа тавьсан байгаа. Тэр нь бүгд УИХ-ын шийдвэрүүд. Засгийн газар, Засгийн газрын гишүүдийн гол ажил нь УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх. Хөрөнгө оруулагч талын зүгээс тавиад байгаа 2 дахь шатны санхүүжилтийн нөхцөл ч гэрээнд өөрчлөлт оруулах нөхцөл байдлыг үүсгэхээр байгаа. Шалтгаан нь анхны хөрөнгө оруулалтаас цаашид хийгдэх нэмэлт хөрөнгө оруулалтыг бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж орж ирэх орлогоос хийхээр ТЭЗҮ-д тусгасан байдаг. Мөн хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхой үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх, ногдол ашиг авч эхлэх хугацааг хойш сунгах гэх мэт. Хөрөнгө оруулагчийн эдгээр саналыг хүлээж авах боломж ихэд хомс юм. Ярилцлагын энэ хэсэгт дурьдагдсан асуудлуудыг анхны хөрөнгө оруулалтын зардлын өссөн асуудлыг нэг тийш шийдсэний дараа үргэлжлүүлэн ярилцахаар болсон.

-Оюу толгойн гэрээг УИХ-аар хэлэлцэх явцад Ерөнхийлөгч хилийн цаана баригдаж байгаа байгууламжийн талаар тодруулж байсан. Үүнийг судлах ажлын хэсэг гарсан. Яг юу болоод байна вэ?
-Хилийн цаана зэсийн хүдрийг бутлагч бөмбөлөг болон шохойны агуулах барьсан юм байна. Үүнд ойролцоогоор 5-6 сая ам.доллар зарцуулсан гэх мэдээллийг Эрдэнэс Оюутолгой компаниас өгсөн. Гэвч ийм асуудлыг ТУЗ-өөр хэлэлцүүлээгүй гэдэг. Удахгүй ТУЗ нь хууль, тогтоомжийг мөрдсөн шийдвэр гаргана байх гэж найдаж байна.

-Тэгвэл гэрээг манай талаас гардаж хийсэн хүмүүс яг юу гэж хэлдэг юм. С.Баярцогт, Д.Зоригт, С.Баяр, Л.Гансүх нарын хүмүүстэй уулзаж ярилцаж байна уу?

-Заримтай нь ярьж байсан. Ер нь гэрээ байгуулах үед гэрээний төсөл дээр ажиллаж байсан хүмүүс “Эрдэнэс МГЛ” болон Засгийн газрын ажлын хэсгийн дэд ажлын хэсэгт ажиллаж байгаа.

-Оюу толгойн ТУЗ-ын гишүүдийг өөрчлөх ёстой гэж ярьж эхэллээ. Таны бодлоор шинэчилсэн дээр гэж бодож байна уу?
-Төрийн тэргүүний энэ ажлыг төр, засгийн түвшинд хариуцаж байгаа хүмүүс хийх нь зүйтэй гэсэн саналыг дэмжих байна. ТУЗ бол ихэнхдээ олонхироо шийдвэр гаргадаг хамтын удирдлагын байгууллага. Энэ асуудлыг нэг яам дангаараа шийдэх боломжгүй.
Хэлэлцдэг асуудал нь гол нь бизнес төлөвлөгөө буюу төсөв батлах .Мөн энэ чиглэлээр тайлан сонсох асуудал.
-Оюу толгойгоос гадна Таван толгойн асуудал хүнд байна. Таван толгойг хэрхэх бодлоготой байгаа вэ?
-Эрдэнэс Таван толгой ХХК санхүүгийн хувьд хүндэрсэн нь авсан зээлийнх нь 60 гаруй хувийг Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгөөр тараасан, уурхай талдаа илт ашиг муутай гэрээ байгуулсан, энэ чиглэлийн ордуудыг ашиглаж байгаа бусад компаниудтай харьцуулахад уг компани зардал өндөртэй байсан зэрэг асуудал болно. Энэ зардлыг багасгах асуудлыг аль хэдийнэ шийдвэрлэсэн гэж бодож байна.
-Тэдний хүсч буй зээлийг өгөх боломж байхгүй юм уу?
Богино хугацааны санхүүжилтийн дэмжлэгийг Хөгжлийн банкнаас шийдвэрлэсэн. Цаашид энэ компанид өөрийнхөө хөрөнгөөр ашигтай ажиллах бүрэн боломж бий. Удахгүй Таван толгойг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг Засгийн газар эрчимжүүлж эхлэх байх. Үргэлж энэ сэдвээр ярилцаж байгаа.
-Чалкогийн гэрээг цуцлах асуудал юу болж байгаа вэ?
-Гэрээнд хоёр орны төрийн өмчийн компанийн захирлууд гарын үсэг зурсан байдаг. Тиймээс энэ компаниудын удирдлага хоорондоо учир зүйгээ олох нь юунаас ч чухал байна .Ер нь, уурхайн бүтээгдэхүүний худалдан авагч нь ямар ч тохиолдолд уурхайг алдагдалгүй тогтвортой ажиллахад хамтарч ажилладаг бизнесийн соёлтой байх шаардлагатай. Энэ бол дэлхийн нийтийн жишиг.
-Гэрээг цуцалбал манайх хэдэн төгрөгийн алдагдал хүлээж, ямар хэмжээний мөнгө төлөх вэ?
-Гэрээнд өөрчлөлт оруулах нь чухал байна гэж үзэж байна. Энэ чигээр нь үргэлжлүүлвэл гэрээ цуцалсны торгуулиас илүү алдагдал хүлээхээр байгаа гэж компанийн удирдлага тайлбарладаг. Энэ тохиолдолд авсан зээлийн зарим хэсгийг мөнгөөр эргүүлж төлөх шаардлага үүсэх байх.
-Ер нь хоёр толгойгоос монголчууд мөд ашиг хүртэхгүй нь ээ?
-Хоёр толгойгоос Монголчууд ашиг хүртэнэ. Энэ нь Засгийн газрын үүрэгт ажил юм.
-Бас ган хийгээд нефтийн үйлдвэр хэзээ баригдах вэ?
-Ган хийх Төмөрлөгийн үйлдвэрийн асуудлыг ярьж байгаа. Ойрын үед Засгийн газраас холбогдох шийдвэрүүд гарна. Нефть боловсруулах үйлдвэрийн асуудлаар Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ оны дөрөв, тавдугаар сард барьж эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Нефтийн үйлдвэрийн хувьд бензиний үнэ тогтворжлоо гээд асуудлыг хойш нь тавьчихав уу. Гэрээ хэлэлцээр хийгээд л бариад эхэлнэ гэсэн мэдээл гарсан ч өнөөдрийг хүртэл чимээгүй байсаар байна?
-Энэ чиглэлд холбогдох яамдууд ажиллаж байна. Улам эрчимжүүлэхээр ажиллаж байна. Гол нь харилцагч талуудтай хамааралтай асуудлуудаар санал солилцож байна. Японы Хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр байгуулах. Нөгөө дэх нь 2 сая.тн газрын тосыг уг үйлдвэрт тогтвортой нийлүүлэх асуудлыг баталгаажуулах ажил явагдаж байна.

-Ер нь Засгийн газар, Уул уурхайн яам уул уурхайд хатуу бодлого баримталж гадны хөрөнгө оруулалтын урсгалыг хааж байна гэсэн мэдээлэл гарах боллоо?

-Засгийн газар, яам УИХ-аас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлдэг. Ийм үүрэгтэй. Шинэчлэлийн Засгийн газар энэ хүрээндээ ажиллаж байгаа.
Оюутолгой төсөлтэй холбоотой маргаан байгаа нь үнэн. Гэхдээ энэ асуудлыг хоёр тал Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд ил тодоор ярьж байгаа. Ийм маргаан хаа ч байдаг. Энэ асуудлыг хоёр тал хуулийн хүрээнд, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдэхээр хамтарч ажиллаж байна.
Нөгөө дэх нь өмнөх УИХ-ын үед батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн асуудал байх. Ийм хууль олон оронд байдаг. Тэр тусмаа хөгжилтэй орнуудад. Өнгөрсөн долоо хоногт энэ хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газрын хурлаар баталсан. Энэ журмыг хэрэгжүүлж үзсэний дараа, өөр асуудал байвал хэлэлцэж болно байх.

Шинэ Оны өмнөхөн ЗГ 1.5 тэрбум ам.долларын бондыг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж санхүүжилт татсан. Энэ их амжилттай үйл ажиллагаа болсон. Энд дэлхийд томд тооцогдох хөрөнгө оруулагчдаас хангалттай санал ирсэн нь хөрөнгө оруулагчид Манай улсыг ихэд сонирхож байгаагийн том жишээ байх.
Ер нь хөрөнгө оруулалтанд улс төрийн тогтвортой байдал чухал байдаг. Энэ талаасаа манайд асуудал байхгүй байна гэж ойлгож байна. Нөгөө дэх нь татварын орчин. Монгол Улс татварын ойлгомжтой тогтолцоотой, татварын хувь, хэмжээгээрээ Азидаа багад тооцогддог.
Нөгөө талаас Засгийн газар уул уурхайн салбарт баримтлах бодлогоо УИХ-аар батлуулж хөрөнгө оруулагчдаа мэдээлсэн байгаа. Гол хэсэг нь уул уурхайн салбарт ихэнхи оронд байдаг хариуцлагатай, ил тод, хууль дээдэлсэн уул уурхайг хөгжүүлэх, хөрөнгө оруулагчтай харилцан ашигтай байх бодлогыг баримтлах явдал.

УУЛ УУРХАЙН ЯАМНЫ САЙТ


URL:

Сэтгэгдэл бичих