Цахилгааны үнэ, цалингийн өсөлт үйлдвэрлэгчдийг бухимдуулжээ

Хөрөнгийн биржийн удирдлагыг шилжүүлэв

Манай улсын хөрөнгийн зах зээлд өрнөсөн томоохон үйл явдлын нэг нь байгуулагдаад 20 жилийн нүүр үзэж байгаа Монголын хөрөнгийн биржид 200 жилийн түүхтэй Лондонгийн хөрөнгийн биржийн баг туслахаар ирсэн явдал байлаа.

Ингэснээр гурван жилийн дотор Монголын хөрөнгийн бирж дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах түвшинд хүрэх юм. Өөрөөр хэлбэл, Торонто, Хонгконг зэрэг томоохон биржүүдтэй 24 цагийн туршид холбоо тогтоон, харилцан уялдаатай ажиллах аж.

Лондонгийн багийнхны хамгийн түрүүнд хийх ажил нь Монголын хөрөнгийн биржийн техник технологи, компьютер хэрэгслийг олон улсын түвшинд нийцүүлэн шинэчлэх явдал байсан. Тэгвэл үүний хүрээнд манай улсын арилжааны банкууд 14.2 сая ам.долларын хамтын зээлийг олгосон. Уг мөнгөний тодорхой хувь нь лондончуудын цалинд зориулагдах аж.

Монголын хөрөнгийн бирж шинэ шатанд гарч, орлого нь арвижснаар гурван жилийн хугацаанд зээлийг төлж барагдуулна хэмээн тооцжээ.

Тавантолгойн хувьцаа маргаантай хэвээр байна

Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, энэ оны гуравдугаар сарын 31-ээс өмнө төрсөн иргэдийн нэр дээр 536 ширхэг хувьцаа хувиарласан боловч аж ахуй нэгжүүдэд хувьцаа хүртээхээ түр азнав. Уг нь татварын өргүй, өнгөрсөн оны зургадугаар сараас өмнө байгуулагдсан үндэсний аж ахуй нэгжид тус бүр 28 мянган ширхэг хувьцаа борлуулах асуудал яригдаж байсан юм. Гэвч том компаниуд жижгээ олон тоогоор худалдан авсан, мөн зарим хүн шударга бус хуваарилалт болж байна хэмээн үзсэн тул ийн хойшлуулахад хүрчээ.

Тухайлбал, нийт аж ахуй нэгжийн 35 орчим хувь нь л хувьцаа худалдан авах чадавхитай байгаа. Тиймээс аж ахуй нэгж жижиг компаниудаа худалдан авах замаар зах зээл дээр хувьцаа цөөн компанид хэт төвлөрөх эрсдэлийг зохицуулах шаардлагатай болжээ. Үүнээс гадна зарим хүн гарт баригдах ямар ч ажил хийдэггүй атал үндэсний компани гэсэн нэрийн дор хувьцаа хүртэх гэж байна, ийм шударга бус зүйл байж таарахгүй хэмээн. эсэргүүцжээ.

Үүнтэй холбоотойгоор зарим гишүүн иргэдэд ногдох хэмжээг 10 бус 20 хувь болгох зэрэг асуудлыг ч тавьж байна. “Компаниудад хувьцаа өгөхгүй гэсэн үг биш. Ямар ч байсан хувьцааг нь борлуулна” хэмээн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар хэлсэн.

Цалингийн доод хэмжээ өсөв

Цалингийн доод хэмжээг өсгөх асуудлаар салбарын яам, ажил олгогч, үйлдвэрчний эвлэл сар гаруйн хугацаанд зөвшилцсний эцэст 140 мянгад хүргэв. Ингэснээр цалингийн доод хэмжээ 30 орчим хувиар өслөө.

Монголын үйлдвэрчний эвлэлээс цалингийн доод хэмжээг 216 мянган төгрөгт хүргэх саналтай байсан ч энэ нь жижиг аж ахуй нэгжүүдийг сөхрүүлнэ хэмээн узэж, хамгийн боломжит хувилбараар 30 хувийг сонгожээ. Харин уул уурхай, аялал жуулчлал зэрэг өрсөлдөх чадвар сайтай салбаруудад цалингийн доод хэмжээг ялгавартайгаар 1.5-2 дахин өсгөх асуудлыг ирэх. 5, 6 дугаар сард шийдвэрдэхээр тохирсон байна.

Цалингийн өсөлтөөс шалтгаалж жижиг, дунд үйлдвэрлэгчдэд тодорхой нөлөө үзүүлнэ. Гэхдээ ажилчиддаа халж, барааныхаа үнийг өсгөхгүй гэдэгт найдаж байна хэмээн Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч н.Ганбаатар хэлсэн.

Цахилгааны үнэ нэмэгдлээ

Цалингийн доод хэмжээ нэмэгдээд удаагүй байтал цахилгаан, дулааны үнэ өссөн нь аж ахуй нэгжүүдийг бухимдахад хүргэв. Айл өрхийн цахилгааны тариф дөрвөн төгрөг, харин аж ахуй нэгжийнх 10.3 хувиар өссөн байна.

Иргэдийн хувьд дөрвөн төгрөг тийм ч хүчтэй нөлөө үзүүлэхгүй хэмээн үзэж байгаа бол аж ахуй нэгжүүд цахилгааны үнийн өсөлт бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлнө гэсэн байр суурьтай байна.

Эрчим хүчний зохицуулах газраас гаргасан судалгаагаар “Талх чихэр”, “Өгөөж” компанийн үйл ажиллагааны зардалд цахилгааны үнийн нэмэгдэл 0.5 хувиар нөлөөлөх аж. Ингэснээр “Атар” талхны үнэ 5-6 төгрөгөөр л өсөх бололцоотой гэнэ. Харин үйлдвэрлэгчид, борлуулагчид үүнийг үгүйсгэж байна. Тэдний тайлбарлаж буйгаар талхны үнэ 20-30 төгрөгөөр өсөх магадлалтай гэнэ.

Шатахууны импортын татварыг бууруулав

ОХУ-аас оруулж ирж буй ирэх сард борлуулах шатахууны хилийн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор татварыг бууруулав. Ингэснээр шатахууны үнэ дотоодод өөрчлөгдөхгүй юм.

Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсч буй нь ОХУ-ыг шатахууны үнээ нэмэхэд хүргэсэн байна. Одоогийн байдлаар баррель нефть 109.66 ам.доллар байна. Он гарсаар манайд дизель түлшний үнэ 50 хүртэл төгрөгөөр өссөн юм. Цаашид шатахууны үнэ үргэлжлэн өсвөл манай улсад нөлөөлж үүгээр дамжин инфляци нэмэгдэж болзошгүй хэмээн төв банкныхан сэрэмжилж байна.

Г.Батзориг

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих