Авлигын эсрэг хуульд нууц амрагийн хөрөнгийг бүртгэх заалт оруулъя
Нэг улстөрч хийгээд бизнес эрхлэгчийн ард нэжгээд олон эмэгтэйн амьдрал байдаг гэнэ. Энэ яриа өдрөөс өдөрт баталгаажих нь ч их болж. Тэр нь нэгдүгээр эхнэр, хоёрдугаар эхнэр, гуравдугаар эхнэр гэх мэтээр үргэлжилнэ. Эс бол төрсөн гэрээс нь албан ёсоор буулгаж авсан эхнэр, төрийн арга хэмжээнд дагуулж ирдэг эхнэр, хилийн чинадад тэврэлдэж гоёдог эхнэр, олны нүдэнд онцгой харагдуулдаг эхнэр гээд л үргэлжлэдэг юм байх. Уг нь бол тэр бүхэн хувь хүний асуудал. Ёстой “Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү” бидэнд хамаагүй гэж ч болно.
Тэгээд дээрх харилцааг Хятадад албан ёсоор “Татвар эмсийн бизнес” хэмээн нэрийдэх болсон гэдэг. Түүгээр ч зогсохгүй тус улсын эдийн засагт нь ийм төрлийн бүтэц бий болж, баячуудынх нь дүүрэгт тусгай хороолол хүртэл боссон гэх мэдээлэл хэвлэлээр гарах болсоор удаж буй.Албан ёсны бөгөөд анхны эхнэр нь тэр бүхнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй.
Амь, амьдралаараа барьцаанд орчихсон учраас тэр байх. Гэхдээ амьдрал зөвхөн Хятад, Монголд бус дэлхий нийтэд ч бий. Тийм ч учраас “Х Түц” хамтлаг зурагтаар цацаад байгаа “Папараци” хошин шоу тоглолтын сурталчилгааны санааг үүгээр хийсэн харагдсан. Эд хөрөнгөө алдахгүйн тулд нөхрийнхөө нууц амрагийг хүлээн зөвшөөрч буй тухай марзан ярианаас нь харахад шүү дээ. Гол нь энэ сэдвийг тэд инээдэм наргиа болгож байхад бусад улс орнууд өөр нүдээр хараад эхэлчихэж. Тийм жишгийг зөвхөн Хятадаар зогсоохгүй Монголоор үргэлжлүүлэх хэрэгтэй байж болох юм. Тодруулбал, тухайн албан хаагчийг шалгахдаа зөвхөн эхнэрийнх нь дансыг бус нууц амрагийг нь олж, түүнийхээ нэр дээр нээсэн дансных нь мэдүүлэг, эд хөрөнгө, эдлэл хэрэгслийнх нь тайлан тооцоог шалгана гэсэн үг. Энэ үүргийг мэдээж Авлигатай тэмцэх газар гүйцэтгэх учиртай. Харин иргэдэд мэдээлэхдээ эхнэрийнх нь орлогыг зарлаад нууц амрагийнхыг нь хувь хүний нууц гэдэг утгаар нь нууцын зэрэглэлд оруулж болох юм. Уг нь ил тод мэдээлж байхдаа л иргэдэд итгэл үнэмшилтэй, шударга санагдах биз. “Өө, ийм олон эхнэр тэжээдэг юм уу” гээд л…
Хамгийн гол нь Хятадад авлига авсан хэргээр ял эдэлж буй албан тушаалтнуудынх нь 90 хувь нь ардаа нууц амрагтай байсан нь тогтоогдсон байгаа юм. Зарим нь бүр нэгээр тогтохгүй 3-4 нууц амрагтай байж. Итгэхэд бэрх санагдах ч 11 эмэгтэйтэй амьдралаа холбож, хууль бусаар олсон хөрөнгөө хадгалах “агуулах” маягаар ашигласан адтай дарга ч илэрсэн гэж байгаа. Ингээд бодохоор Авлигатай тэмцэх газар их удалгүй “Нууц амрагийн мэдээлэл” гэсэн тусгай архивыг үүсгэж, түүндээ зориулсан хэлтэс нээхэд буруудахгүй л болов уу. Тэгээд ч Татварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүхийн нууц амрагийн тухай мэдээлэл үүнийг нотлох нь гарцаагүй. Бүхэл бүтэн таван тэрбум төгрөг дансандаа нуусан нууц амраг шүү дээ. Гол нь одоогийн байдлаар илэрсэн нь ганц болохоос бус илрээгүй нь хэр олон бэ гэдэгт хариулахад бэрх. Ядаж л гурван жилийн өмнө нэгэн хурган дарга бүсгүйн нөхөр нууц амрагтаа жийп машин авч өгсөн нь илэрч, түүнийх нь балгаар эхнэр нь шоронгийн хаалга татангаа алдсан хэрэг гарсныг учир мэдэх хүмүүс нь мэддэг юм билээ. Өөрийнхөө мөнгөөр, өөрийнхөө нэр дээр авсан машинаа нууц амрагтаа бэлэглэчихсэн. Мэдээж түүнийгээ эхнэрээсээ нуусан. Түүнийг нь Авлигатай тэмцэх газраас олж тогтоон шалгаад “Хөрөнгөө нуун дарагдуулсан” гэдэг зүйл ангиар шийтгэх гэж байтал учир нь олдож байгаа юм. Энэ бол бас л нэг жишээ. Нууц амрагуудын балаг. Нууцлах амьдралтай албан тушаалтнуудын гэм.
Түүнчлэн саяхан Грекийн шүүхээс Батлан хамгаалахын сайд асан Акис Цохадзопулосыг найман жилийн хорих ялаар шийтгэсэн. Шалтгаан нь хөрөнгө орлогын мэдүүлгээ хуурамчаар бөглөсөн гэх үндэслэл. Төрийн мөнгөөр өөртөө хаус авчихаад түүнийгээ мэдүүлэхээс татгалзсан хэрэг. Манайд бол төрөөс албан ёсоор “Урамшуулал” гэх хаягийн дор олон сая төгрөг хувьдаа авах нь хэвийн үзэгдэл болчихоод байгааг бид мэднэ. Түүгээр ч зогсохгүй эхнэр нь тун ч их тансаг хатагтай гэнэ. Хэвлэлээр удаа дараа “Ганц удаа үсээ засуулахад 1000 евро төлдөг” гэх мэдээлэл гарч байж. Нөхөр нь Дотоод хэргийн сайд, Тээврийн сайд, Батлан хамгаалахын сайд, Хөгжлийн сайд зэрэг албан тушаалыг хашиж байхтай зэрэгцээд тоймгүй ихээр тансагладаг хатагтай юм байх. Энэ жишиг мөн л манай улстөрчдийн эхнэрүүдийн дунд бий. Албан бус хууль ч гэж болно. Ойролцоогоор 30 сая төгрөгийн үнэтэй цүнхийг өнгө, өнгөөр нь сольж барьдгаас нь харахад тэд үсээ 1000 байтугай еврогоор хилийн чинадад засуулж мэдэх л байх. Зөвхөн хүзүүний ганц ороолт нь гэхэд сая байтугай төгрөгөөр үнэлэгдэх болсон гээд бодоод үз л дээ. Иймд шударга олсон орлогоо шударгаар зарцуулаад байна уу, шударга бусаар цуглуулсан хөрөнгөө хайр гамгүй үрэн таран хийгээд байна уу гэдгийг нь шалгах ёстой гэсэн үг. Тэгээд ч саяхан цалингаасаа өөр орлогогүй, сарынхаа цалингаар байр түрээсэлдэг УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн эхнэрийг алтан шар өнгийн Ланд-200 унадаг тухай мэдээлэл гарсан байсан. Үр хүүхэд нь гэхэд бүгд давхар, давхар хаустай. Эндээс ч гэсэн тодорхой нэгэн асуултын тэмдгийн хариулт гарч ирэхийг ч үгүйсгэх аргагүй юм. Тэгэхээр улстөрчдийн эхнэрүүдийн хэрэглээний бүртгэлийг нягталж, нууц амрагуудынх нь дунд тооллого явуулах тухай шинэ заалтыг Авлигын тухай хуульд албан ёсоор оруулах замаар асуудлыг шийдэх цаг ирсэн бололтой. Алийн болгон “Ардчилсан улс юм чинь” гээд ардчилсан хулгайг зөвшөөрөөд байх вэ дээ.
Г.Отгонжаргал
URL: