ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД НУРУУНДАА ҮҮРДЭГ
Хүн худалдаалах гэмт хэргийг явцуу байдлаар ойлгодгоос болж, таслан зогсоож, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа үр дүн муутай байна гэж олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан аяны хүрээнд өнөөдөр зохион байгуулсан “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх бодлого” зөвлөлдөх уулзалтад оролцогчид дүгнэж байна. Зөвлөлдөх уулзалтыг Хууль зүйн яамнаас зохион байгуулсан юм.
Үндэсний хэмээн тодотгосон энэхүү зөвлөлдөх уулзалтад төрийн болон төрийн бус байгууллагын гурван илтгэлийг сонсож, санал, шүүмжлэл өрнүүлсэн юм. Ашиг орлогоороо хар тамхи, зэвсгийн наймааны дараа орох болсон хүний наймааны гэмт хэрэг маш олон ил далд хэлбэрээр, хил дамнан үйлддэгддэг. Тиймээс ХЗЯ эрүүгийн шинэчлэлийн бодлогын хүрээнд олон улсын тусгай гэмт хэрэгтэй тэмцэх, Мөрдөн байцаах албыг байгуулах санаачилга гарган, холбогдох хуулийг боловсруулан, зарим хуулийн нэмэлт өөрчлөлтийн саналыг боловсруулжээ.
Энэ удаагийн уулзалтад төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож, хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлс, цаашид явуулбал зохих бодлого, арга хэмжээний талаар ярилцав.
Эрүүгийн цагдаагийн газрын хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга Б.Дэлгэрсайхан, хүн худалдаалах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлын тухай ярихдаа, гадаадад биеэ үнэлж, эрсдэлтэй зан үйлээр амьдарч буй бүсгүйчүүдийн асуудлыг голчлон хөндсөн юм. Тэрбээр, гадаад улс дахь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болон биеэ үнэлэгчдийн албан бус тоог дэлгэсэн юм. Урд хөршид хамгийн олон буюу 400 гаруй, Хонгкогт 100 гаруй, Сингапурт 100 гаруй, Макао, Малайзад 100 орчим, Индонезд 40 гаруй монгол бүсгүй бэлгийн мөлжлөгт өртөж буй талаар тэр ярьлаа. БНХАУ-ын Эрээн хот нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг хүлээн авч, тус улсын бусад хотууд, зүүн өмнөд азид гарах гол суваг болдог байна.
Цагдаагийн байгууллагын 2009 оноос хойшх тоо баримтаас харвал, жилд 20 орчим холбогдогч бүхий 10 орчим хүн худалдаалах гэмт хэрэг илэрч, 10-18 орчим хүн хохирсон байна. Харин улсын дээд шүүхийн мэдээлэл, судалгааны хэлтсээс авсан мэдээллээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд заасан “хүн худалдаалах” хэргээр нийт 35 гэмт хэрэг, 124 дүгээр зүйлд заасан “бусдыг биеэ үнэлхэд зохион байгуулах” хэргээр нийт 34 гэмт хэрэг шүүхээр шийдэгджээ. Хүн худалдаалах гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлэгсдийн олонх нь 19-35 насны залуус байгаа нь анхаарал татаж байна.
“Хүйсийн тэгш эрхийн төв”-ийн тэргүүн Г.Ганбаясах, шинээр үүсэж буй нөхцөл байдалуудыг хүн худалдаалах гэмт хэргийн талаар бодлого боловсруулж, тэмцэхдээ анхаарч үзэх ёстойг онцолж байв. Тэрбээр Монголын төрийн бус байгууллагуудын энэ чиглэлээр явуулж ирсэн үйл ажиллагааны талаар ярьсан юм. Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг хилийн чанадаас аварч, холбоо тогтоон эх орондоо авчирсаны дараагаар анхан шатны туслалцаа үзүүлдэг байна. Ийм гэмт хэргийн хохирогчид сэтгэл санаа болон бие махбодийн гүнзгий хямралд ордог тул, нийгмээс тодорхой хугацаанд тусгаарлаж, амрах байранд сувилан, эргэн нийгэмшүүлэх сургалтанд хамруулдаг ажээ. Уг үйл ажиллагааг явуулахын тулд 2008 онд төрийн бус байгууллагуудын хүсэлтээр, Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжүүлсэн төслөөр хоёр хамгаалах байртай болжээ. Нийслэл хотод зургаан ортой нэг хамгаалах байр байдаг бол, Замын-Үүдэд гурван ортой нэг хамгаалах байр байдаг байна. Нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдсан хохирогчдод гэр авч өгснөөр, нийгэмдээ буцаж идэвхтэй амьдрах нөхцөл бүрддэг байна. Зөвхөн “Хүйсийн тэгш эрхийн төв” л гэхэд 2003 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 480 гаруй хохирогчид туслалцаа үзүүлжээ.
Монгол улсаас хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдийн дийлэнх буюу 75 хувь нь бэлгийн мөлжлөг, 25 хувь хөдөлмөрийн мөлжлөгт өртдөг байна. Хүн худалдаалах гэмт хэрэг нь ихэвчлэн хил дамнан үйлдэгддэг тул улс орнуудын хамтын ажиллагаа чухаг байдаг байна. Энэ талаар манай улс зөвхөн БНХАУ-ын Макаогийн засгийн газартай байгуулсан хэлэлцээрээс өөр ахицгүй байгаа аж. Түүнчлэн хилийн чанадад суугаа элчин сайдын яамд үйл ажиллагаагаа зөвхөн ажлын цагаар хязгаарладаг нь харь оронд эрх нь зөрчигдөж буй манай иргэдэд тусламж авах боломжгүй болдог аж. Учир нь хүний наймааны хохирогчид ихэвчлэн оройн цагаар оргон зайлж, аврал эрдэг ажээ. Түүнчлэн, Австралийн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг хамгаалах төвийн тэргүүний мэдэгдсэнээр тухайн улсад худалдаалагдаж очсон хүүхдүүд олон улсын халамжийн төвийн шугмаар хил гарсан нь тогтоогджээ.
Хүний аюулгүй байдлын судалгааны төвийн тэргүүн Л.Эрдэнэчулуун хил дамнасан хүний эрхийн зөрчлийн асуудлаарх олон цуглаан зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлуудыг бодит үйл хэрэг болгох асуудлыг хөндөн тавьсан юм. Тус байгууллагаас гурван жилийн өмнө гаргаж, холбогдох яамдад хүргүүлсэн хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх ажлын төлөвлөгөөг сая л зарчмын хувьд зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн аж. Төрийн бус байгууллагуудын идэвх зүтгэлээр өнгөрсөн онд батлагдсан хуулийн хүрээнд дорвитой ямар ч ахиц гараагүйг тэрбээр онцолж байв. Энэ хүрээнд урт хугацааны төлөвлөлт, бодит ажил хийж болохуйц даацтай санхүүжилт хэрэгтэй буйг ТББ-ын төлөөлөл хөндсөн юм. Мөн 2005 онд батлагдсан үндэсний хөтөлбөрийг өөрчлдөх цаг болсныг төрийн байгууллагуудад сануулж байв.
ХЗЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг олон жилийн турш төрийн бус байгууллагууд нуруундаа үүрч ирсэнийг хүлээн зөвшөөрөөд, цаашид энэ чиглэлээр шинэчлэлийн засгийн газар эргэлтийн шинжтэй үйл ажиллагаа явуулна гэсэн юм.
Я.Баяраа
URL: