Ч.Сайханбилэг худалч уу, сайтууд худалч уу?

f3f02376cdb974e7big2012 оны 12 дугаар сарын 15-нд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн 5-р ангийн сурагч Б.Мөнхбаярын компьютер дэлбэрч цээж, хоолойгоо түлсэн хэрэг гарав. Ийн хүүхдийн аминд хүрэх шахсан компьютер нь “Хүүхэд бүрт комьютер” аяны хүрээнд олгогдож байгаа “Икс Өү” нөөтбүүк байлаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг УИХ-ын 2008 оны сонгуулиар 22 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшихдээ “Хүүхэд бүрт комьютер аян”-аар өөрийгөө өрвийтөл “Пи Ар”-дсан. Сонгуулийн сурталчилгаа нь Баянзүрхийн 230 мянган иргэний зүрхэнд хүрч, тун ч маадгар сонгогдсон доо. Уг нь энэ төсөл зөвхөн Баянзүрхийн хүүхдүүдэд биш Монголын нийт хүүхдэд хүртэх ёстой байжээ. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газраас энэ төслийг аль эрт хэрэгжүүлж эхэлсэн юм билээ. 2008 оны гуравдугаар сарын 12-нд “Хүүхэд бүрт комьютер” аяныг хэрэгжүүлэхэд шаардлагатай 840 сая 343 мянган төгрөгийн санхүүжилт олгохыг Сангийн сайд Ч.Улаанд Засгийн газраас даалгасан байдаг.

Ингэснээр Боловсролын соёл, шинжлэх ухааны яам энэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Төслийн анхны зорилго нь 2-5 дугаар ангийн сурагчид буюу нийт 160 мянган хүүхдийг компьютержүүлэх байлаа. Өнөөдрийн байдлаар төслийн явц 7.5 хувьтай буюу 12 мянган комьютер л эзэндээ очсон байна. Уг нь 2008 оноос өдгөөг хүртэл зургаан жилийн хугацаанд төсөл хэрэгжээд дууссан баймаар. Ядаж л 7.5 хувьтай байхаар төлөвлөөгүй байлтай. Ер нь Сайханбилэг дарга ямар ч асуудалд 10 хүрэхгүй хувьд нь илт үйлчлээд, 90 хувь буюу нийт массыг хаядаг гэмтэй юм санж. 100 хүүхэд хүрээд ирэхэд долоод нь компьютер өгөөд бусдыг нь хөөгөөд явуулдаг мөн ч бүдүүн зүрхтэй “аав” юм даа.

Гэтэл Ч.Сайханбилэг ийм явц муутай байгаа төслийг үргэлжлүүлнэ гэж сонгуулийн сурталчилгаа явуулжээ. Тэр ч байтугай өнгөрсөн оны тавдугаар сарын 30-нд уг төслийг хариуцаж байсан хэлтсийг Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайдын тушаалаар татан буулгаж, тус хэлтсийн ажилчид болох Ч.Өсөхбаяр, Ш.Эгшиглэн, И.Батхүү нарыг “Цахим сургалтын алба”-нд нэгтгэжээ. Өдгөө энэ төсөл Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газар хариуцаж байгаа гэх боловч тус газрын дарга Б.Насанбаяр “Яг энэ төслийн талаар мэдээлэл өгөх хүн алга. Ганболд гэдэг хүнд судлах үүрэг өгсөн байгаа” гэв. Үндсэндээ “Хүүхэд бүрт компьютер” төсөл молигын даваагаар давжээ.

Хүүхэд хуурна гэдэг хамгийн том нүгэл гэж манай дээдэс ярьдаг, сургадаг. Бяцхан иргэдийн амь насанд ч заналхийлж байгаа энэ төслийг анхнаас нь хүүхдийн төлөө биш улс төрийн зорилгоор гаргаж, шүүсийг нь сорчихоод хаячихаж байна уу гэж хар төрлөө. Сонгуулийн сүрлэг ялалт дагуулсан “Хүүхэд бүрт компьютер” төсөл цаашид яах вэ гэдгийг Ч.Сайханбилэг сайдаас Монголын сайтууд асууж байна. Ч.Сайханбилэг сайд сүүлийн үед сайтуудад “худалч, хулгайч” гэх мэт нэр хоч өгөөд байгаа сураг дуулдсан. Ч.Сайханбилэгийн шууд дэмжлэгээр ХХЗХ-ны дарга Балгансүрэнтэй хамтарч Сайтуудын сэтгэгдэл зохицуулах журам гэгчийг баталсан Мэдээллийн сайтуудын ассоциаци гэдэг байгууллага ингэж ярьж байна гэнэ. Гайгүй ч байлгүй хө. Тус ассоциацид “насаараа” мэдээ хулгайлж амьдарсан зарим нэг сайт байж л байна. Даанч бидэнд нэгнийгээ муучилж, нэрийг нь хулгайчаар тодотгох, амийг нь таслах “совест” алга. Цаашид харин мэдээ туугаад байвал ХХЗХ, Сайханбилэгтэй чинь хамт олон нийтэд зарлана шүү гэдгийг энэ дашрамд хатуу сануулъя.

Ямартай ч 1.000.000 гаруй бяцхан иргэдийг маань хуурсан Сайханбилэг худалч уу, эрх ашгийнхаа төлөө нэгдэж, хэвлэлийн эрх чөлөөний дуу хоолой нь болж байгаа сайтууд худалч уу гэдгийг түмэн олон маань тунгаана биз ээ.

Монголын сайтуудын нэгдсэн чуулганы уриалга

Монгол улсын цахим хөгжлийн түүчээ нь болон хөгжиж буй сайтын нийт эзэд, сэтгүүлчид, уран бүтээлчид, ажилтнуудаа:

1.Сэтгүүлчид, уран бүтээлч­дийн оюун ухаан, хөлс хүч шингэн бүтсэн оюуны бүтээл, мэдээ мэдээлэл, нийтлэлийг зөвшөөрөлгүй өөрийн сайтад нийтлэхгүй байхыг уриалж байна,

2.Монголын бүх сайтууд нэгдсэн зохион байгуулалтанд  орохыг эрмэлзэж, нийтлэг эрх ашгаа илэрхийлсэн салбарын журмыг өөрсдөө батлан гаргахыг уриалж байна,

3.Сайт бүрийн редакцийн бодлогыг аливаа улс төрийн нөлөөллөөс ангид байлгахын төлөө хамтран ажиллахыг уриалж байна,

4.Цахим орчин дахь аливаа мэдээлэл хүний эрх, хууль журмыг дээдэлсэн байхын төлөө ухамсартай, ёс зүйтэй ажиллахыг уриалж байна,

5.Сайтуудын хөгжлийг дэмжих, нийтлэг эрх ашгийг хамгаалах, цахим орчинд ажиллаж буй сэтгүүлчид, ажилтнуудын эрх ашгийг хамгаалах аливаа хууль ёсны үйл ажиллагаа, санал санаачилгыг дэмжиж ажиллахыг уриалж байна.

Сэтгүүлч: С.ДОРЖ

URL:

Сэтгэгдэл бичих