МАН-ын удирдах зөвлөлийнхөн хаана явна
Ардын намын Удирдах зөвлөлийнхөн юу хийж байна вэ. Яах вэ, хэвлэлээр ярилцлага өгч, телевизээр царайгаа харуулж буй хэдэн нөхдийг эс тооцвол шүү дээ. Гэхдээ хэвлэлээр ярилаа гээд тэднийг ажил хийсэн гээд шууд дүгнэж болохгүй байх. Ямартай ч намынх нь зарим гишүүн Удирдах зөвлөлөө хэтэрхий данхайсан, том гэж шүүмжлэх болсон. Уг нь мартаагүй бол өнгөрсөн сонгуулийн дараа Бага хурлаараа шинэ бүтэц бүрэлдэхүүнээ баталсан удаатай. Гэвч энэ бүрэлдэхүүн нь зарим хүнд огт таалагдахгүй байгаа бололтой. Энэ нь намаа удирдаж чадахгүй байгаатай нь холбоотой болов уу. Удирдах нь битгий хэл намынх нь нэр хүнд унаж, МАХН-ынханд муу хэлүүлж, улс төрийн том нам гэдэг рейтингээ алдчихсан энэ үед Удирдах зөвлөлд харьяалагдах Ц.Мөнх-Оргил, Ц.Гарамжав, Ж.Сауле, Т.Бадамжунай, Б.Ундармаа, Ө.Дорждэрэм, Б.Амарсанаа нар нь юу хийж явна вэ. Тэднийг гараа хумхин сууж байхад Р.Раш, Д.Загджав нар нь намаа шинэчилнэ гээд ярьж байна. Тэд намдаа шинэчлэл хэрэгтэй. Энэ том толгойтой удирдлагуудыг чөлөөлөх “цаг нь болсон” гэдгийг хэлж буй. Үүнийг нь намын удирдлагад гарах гэсэн оролдлого гэж харах нэгэн бий.
Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил сонгуульд ялагдснаасаа хойш чимээгүй байгаа. Харин Солонгос улс руу ойрхон, ойрхон явж, намаас өөрийг бодож яваа. Тэрбээр намынхаа хувь заяаг бодож, ажиллахгүй байгаа гэж шүүмжлэх гишүүн ч цөөнгүй. Түүнтэй адил гишүүд Ардын намд олон бий. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очирын хувьд өөрөө Удирдах зөвлөлд байдаг хэдий ч намынхаа Удирдах зөвлөлийг тараах ёстой гэж үздэг нэгэн. Тэрбээр мөн л өөрийн хувийн бизнест анхаарал хандуулж байгаа. Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай асуудалд орооцолдож Авлигатай тэмцэх газарт шалгуулж буй гэх. Д.Арвин өөрийг нь орхисон намаа хаяж, Ардчилсан намыг сонгочихсон. Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Н.Энхболд тэргүүтэй 10 гишүүн нь Төрийн ордонд тухалж байгаа. Ардчилсан намынхан сонгуульд ялагдсаныхаа дараа гадаад руу гарч, суралцдаг байсан. Харин одоо Ардын намынхан тэдэн шиг суралцах гэхээс илүүтэй зугаалж, улс орон үзсэн шигээ яваа. Магадгүй тэдэнд суралцах сонирхол хийгээд шаардлага байхгүй байж мэдэх юм. Иймээс л тэднийг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон нь Ардын намын алдаа байсан гэж залуучууд нь үглэж сууна. Намаа уруудаж байна гэдгийг харахаас өөрөөр өөрсдийн ашиг сонирхол, эрх ашгийг нэн тэргүүнд тавьж буй Удирдах зөвлөлийн гишүүдтэй гэдгээ олон мянган гишүүд нь ойлгох цаг нь болсон бололтой. Тэгэхээр өнөөдөр “Тусгаар тогтнолын ордон”-д ажиллаж, намынхаа төлөө хэн хүчин зүтгэх вэ гэдэг нь эргэлзээтэй байгаад байна. Удирдах зөвлөлийн гишүүн гэсэн нэртэй боловч Ө.Энхтүвшинд түшиг болж, ажиллаж буй нь хэн бэ. Ардын намын генсек Г.Занданшатар, Нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Цэнгэл нар л Ө.Энхтүвшинг тойрон хүрээлж байх шиг. Ц.Цэнгэл “Бид Ө.Энхтүвшингийн тойрон хүрээлэгчид” гэж хэлсэн удаатай.
Ардын намыг удирдаад явчих хүн үнэндээ алга. Гаргаад ирсэн хүнээ дэмжээд ажиллачих хүн бүр ч алга бололтой. Учир нь Бага хурлаараа гар өргөн байж Ө.Энхтүвшинг намын даргаар сонгосон. Тэгмэгцээ даргадаа туслах нь битгий хэл өөрсдийнхөө эрх ашиг, бизнесээ хөөгөөд явчихсан одоогийн Удирдах зөвлөл ялагдал хүлээсэн Ардын намынхныг босгож чадах уу. Эргэлзээтэй биз ээ. Намын Удирдах зөвлөл хуралдаж, гишүүд болон намын ирээдүйн хувь заяаг шийдэх чухал үүрэгтэй. Гэтэл тэд өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ иргэдээс асуугаад л сууж байх юм. Эрх барьж байх үед удирдаж байсан нөгөө эрхмүүд хааччихав. Эрх барихдаа бодлого гаргаж, намаа удирддаг. Харин сөрөг хүчин болчихоороо юу ч хийж чадахгүй байх нь тохиолдол уу, аль эсвэл… Албан тушаал хүсэх боломжгүй болохоор ингэж аашилж байна уу. Тэгэхээр тэднийг Ардын намын төлөө бус албан тушаалын төлөө зүтгэгчид гээд дүгнэчихвэл буруутахгүй байх. Яагаад гэвэл Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүд үйл хөдлөлөөрөө өөрсдийгөө батлаад байгаа болохоор тэр шүү дээ.
Ц.Энхцэцэг
URL: