Нөөцийн мах худалдаанд гарсан эхний өдөр

527-1362540241indexХавар болж мах хомсдох үед махны үнийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махыг худалдаанд гаргадаг. Энэ үед хүмүүсийн эрэлт ч нэмэгддэг. Тийм ч учраас дэлгүүр, захын лангуун дээрх махны үнэ өсч эхэлдэг. Ийм үнийн хөөрөгдлийг нөөцийн мах гарч ирснээр тогтворжуулдаг байдал бий болоод таван жил болж байна.

Өнөөдрийн байдлаар хонины цул мах 7500 төгрөгөөр, үхрийн мах 8500 төгрөгөөр, ястай үхрийн мах 6800-7000, хонины мах 5500-5700 төгрөгөөр дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. Харин нөөцийн мах хониных нь 5750, үхрийн мах 5950, ямааны мах 4850 төгрөгөөр борлуулагдаж эхэллээ. Энэ үнэ зах зээлийн үнээс 2000 орчим төгрөгөөр хямд юм.

Гэхдээ өнгөрсөн жилийнхээс мөн л 2000 төгрөгөөр үнэтэй тоо юм, 2012 онд нөөцийн махны худалдаанд үхрийн махыг 3700, хонины махыг3200, ямааны махыг 2600 төгрөгөөр худалдаалж байсан. Ганцхан жилийн дотор махны үнэ ингэтлээ өсчээ.

Энэ оны нөөцийн махыг бэлтгэж, хадгалах, жижиглэн савлах, худалдаж борлуулах ажлыг Улаанбаатар хотод “Жаст Агро” компани хариуцан гүйцэтгэж байгаа. Өчигдрөөс эхлэн “Боса”, “Сансар”, “Миний дэлгүүрийн сүлжээ” супермаркетуудаар худалдаалж эхэлсэн бол өнөөдрөөс “Оргил”, “Макс”, “Прендли март” зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр зарагдах аж.

Нөөцийн мах худалдаанд гарсан өдөр Сансар супермарт руу очиж үзлээ. Жил жилд нөөцийн мах авах гэсэн иргэд дараалал, дугаарлалт үүсгэж арай гэж авдаг гэсэн гомдол гаргадаг. Гэтэл өчигдөр нөөцийн мах авах гэсэн иргэд овоорч, дарааллаад “дайн” болоод байсан юм алга. Худалдагч нь “Худалдан авалт муу байна. Өдрөөс хойш хэдхэн уутыг л борлууллаа” гэх.

 

Одоохондоо иргэд мэдээлэл муутай байгаагаас тэр үү, эсвэл супермаркет гэхээсээ илүү захыг зорьдог болохоор тэр үү ямар ч байсан өчигдрийн байдлаар нөөцийн мах тааруухан худалдаалагдаж байна. Нөөцийн мах худалдаж авахаар ирж байгаа хүмүүс үнэ хямд учраас амьдралд нэмэртэй гэж байхад зарим нь үнэ хямдтай ч чанар муутай гэж байлаа.

 

Нэг эмээ миний хажууд ирж зогссоноо “Өчигдөр би эндээс нөөцийн мах авсан. Тэгсэн чинь яг резин шиг хатуу мах байна лээ шүү. Аваад хэрэггүй” гэж шивнээд өнгөрлөө. Нөөцийн мах худалдаанд гарах үеэр иргэдийн дунд үнэ хямд гэж “ам сайтай” байдаг боловч чанар тааруухан гэх яриа гардаг. Энэ оны нөөцийн ямарч байсан худалдаалагдаж эхэллээ.

 

Чанарын хувьд ямар байгаа нь худалдаад хэрэглээд ирэхээр мэдэгдэх биз. Өнгөрсөн жилийн тухайд 12 мянган тонн мах бэлтгэсэн ч тэр нь хүрэлцэхгүй дахин бэлтгэхэд хүргэсэн. Харин энэ жил тийм асуудал үүсгэхгүй байхын тулд нийслэлд 14 мянган тонн мах худалдаална гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлж байсан. Мөн нэг иргэн өдөрт 5-10 уут мах худалдаж авна гэсэн хэмжээ тогтоож өгчээ.

 

Нэг уутандаа 1.5-2 кг-аар савласан байна. Өмнөх жилүүдэд нөөцийн мах бэлтгэгч компаниудад урамшуулал олгодог байсан бол энэ жилээс зөвхөн хөнгөлөлттэй зээл олгохоор болсны дагуу “Жаст Агро” компанид 87 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ.

“Жаст Арго” ХХК-нийн Max бэлтгэлийн менежер Б.Түвшинбаатар: НИЙТ 9204.6 ТОНН МАХ БЭЛТГЭСЭН

-Нөөцийн мах яг хэзээнээс худалдаалагдаж эхэлж байна?

-Гуравдугаар сарын 1-ээс бүх махны татан авалтаа хийж амжаагүй байж байгаад хоёр өдрийн өмнөөс “Сансар” супермаркет, “Миний дэлгүүр”, “Боса” гэсэн гурван сүлжээ супермаркетуудаар эхний татан авалтаа хийсэн. Өнөөдрөөс “Оргил”, “Макс”, “Приендли март”, “Скай” супермаркетуудаар татан авалт хийгээд энэ долоо хоногоос бүх дэлгүүр супермакетудад татан авалтыг нь хийгээд жигдрээд явж байна.

-Дэлгүүрүүдээр хэзээ худалдаалагдаж эхлэх вэ?

-Гуравдугаар сарын 15-аас эхлээд гэрээ байгуулсан 330 орчим жижиг дэлгүүрүүдээр худалдаалж эхлэнэ. Мөн зах зээлийн үнэ ханшийг тодорхойлж буй долоон захаар худалдаалах юм. Сүлжээ дэлгүүрүүдтэй нийлээд 400 орчим газраар борлуулна.

-Дэлгүүрүүдийг нь хэрхэн сонгосон бэ. Нөөцийн мах худалдаалахыг хүсч буй дэлгүүр гэрээ байгуулж болох уу?

-Жижиг дэлгүүрүүдтэй дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтэсээс гаргаж өгсөн нэрсийн дагуу гэрээ байгуулсан. Тухайн дэлгүүр нь олон жил үйл ажиллагаа явуулж байгаа, найдвартай, олон хүн мэддэг дэлгүүрүүд гэдэг утгаар нь сонгосон.

 

Дүүргүүдийн хүн амын тоо өөр өөр байдаг учраас хүн амын тооноос хамаараад нэг хороонд 2-5 дэлгүүрт нөөцийн мах худалдаалагдана. Татан авалтаа 11-ээс эхлэж хийгээд энэ сарын 15 гэхэд дэлгүүрийн лангуун дээр нөөцийн мах байж байхаар төлөвлөгөө гаргасан.

-Цагаан сарын өмнө хэдэн тонн мах борлуулав. Одоо хичнээн тонн үлдээд байгаа вэ?

-Нийт 9204.6 тонн мах бэлтгэсэн. Үүний 271 тонныг нь цагаан сарын өмнө эрэлт хэрэгцээ ихтэй үеэр нийлүүлсэн. Үлдсэн 8933 тонн махыг гуравдугаар сарын 15-аас эхлэн долоодугаар сарын 15 хүртэлх махны нийлүүлэлт багатай үед борлуулна. Сард 2000 гаруй тонн мах худалдаалах төлөвлөгөөтэй байна.

-Нэг дэлгүүр хичнээн тонн мах борлуулах вэ. Төлөвлөгөө бий юу?

-Нэг дэлгүүр хэдэн тонн мах борлуулах тухай төлөвлөөгөө бий. Гэхдээ эхний хэдэн сард ямар нэгэн хязгаарлалт хийхгүй, хүссэн хэмжээнд нь мах нийлүүлнэ. Махны нөөц хангалттай байгаа учраас хязгаарлалт хийх шаардлагагүй. Хаана эрэлттэй байна тэр газар нийлүүлнэ. Нөөцийн мах хангалттай байгаа.

-Худалдаалагдах үнэ дээр дэлгүүрийн урамшууллын үнэ нэмэгдэх үү. Дэлгүүр хэдэн төгрөгний урамшуулал авч байгаа бол?

-Нөөцийн мах нийслэлийн аль ч хэсэгт нэг үнээр борлуулагдана. Энэ үнийг засгийн газраас батлаж өгдөг. Худалдаалагдах үнэд зарж борлуулах дэлгүүрийн урамшуулал давхар орчихсон. Энэ үнэ дээр нэмэгдэнэ гэж ойлгож болохгүй. Дэлгүүр нэг кг тутмаас 200-250 төгрөгний урамшуулал авна. Тухайн худалдаалах дэлгүүрт бид хүргэж өгвөл 200 төгрөгний урамшуулал авна. Харин өөрийн унаагаар ирж авбал 250 төгрөгийн урамшуулал авна гэсэн үг.

Б.Зул

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих