Мексик эр дэлхийн толгой баян хэвээр
“Форбес” сэтгүүл дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтаа шинэчлэн гаргалаа. Мексикийн мэдээллийн технологийн магнат гэгддэг Карлос Слим 73 тэрбум ам.доллартайгаар жагсаалтын эхэнд дахин бичигджээ. Хоёрт “МайкроСофт”-ын үүсгэн байгуулагч Билл Гейтс сүүлийн хэдэн жилийн турш буяны үйлсэд багагүй хөрөнгө зарцуулж байгаа ч 67 тэрбум ам.доллараар хоёрдугаар байраа алдсангүй. Харин гандан бууршгүй санхүүч өвгөн Уоррен Баффет өөрийн хөрөнгөө жилийн дотор 10 тэрбумаар өсгөж чадсан ч 2000 оноос хойш анх удаа жагсаалтын эхний гуравт орсонгүй. Хашир санхүүч “ердөө” 53.5 тэрбум ам.доллартай аж. Түүний өмнө “Зара” салбар дэлгүүрүүдийн эзэн, хөрөнгөө ганцхан жилийн дотор 20 тэрбумаар нэмэгдүүлэн 57 тэрбумд хүргэсэн Испанийн иргэн Амансио Ортега гишгэсэн байна.
“Форбес” сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад энэ жил 1426 хүн багтсан аж. Хамгийн олон буюу 442 тэрбумтан АНУ-д бүртгэгдсэн бол удаах байранд 122 тэрбумтантай БНХАУ, 110 тэрбумтантай ОХУ тус тус оржээ. Хорвоогийн хамгийн залуу баян Д.Московиц 28 настай бол удам дамжсан тэрбумтан Д.Рокфеллер 98 нас хүрээд байгаа юм.
Түүнчлэн дэлхийн хамгийн баян зуун хүний дотор 14 эмэгтэй багтжээ. Тэдний хөрөнгө 10-30 тэрбум ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд дундаж нас нь 66 аж. Хамгийн баян эмэгтэй бол өдгөө 90 настай Францын иргэн Лилиан Беттанкур юм. Тэрээр 30 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө дэлхийн ТОП-10 хүний эгнээнд багтдаг бөгөөд гоо сайхны “L’Oreal” компанийг эзэмшдэг ажээ.
Энэ алдартай компанийг түүний эцэг үүсгэн байгуулсан юм. Тэгээд өөд болохдоо бүх хөрөнгөө цорын ганц охиндоо өвлүүлсэн байна. Альцгеймерийн өвчин туссан Лилиан Беттанкур бизнесийн бүх удирдлагаа 25 настай ач хүү Жан-Виктор Мейерт шилжүүлээд удаагүй билээ. Жан-Виктор Мейер муугүй бизнесмен болохоо харуулж эмээгийнхээ хөрөнгийг хурдан өсгөж, 1999 оноос хойш анх удаа дахин дэлхийн хамгийн баян эмэгтэй болгоод байна.
Түүнээс хоёрхон тэрбум ам.доллараар дутуу Кристи Уолтон АНУ-ын хамгийн баян эмэгтэй хэвээр үлдлээ. 58 настай Кристи Уолтоны “Wall-Mart” дэлгүүрийн сүлжээг эзэмшигч нөхөр нь 2005 онд онгоцны ослоор амь үрэгдсэн ба өөрт ногдох бүх хөрөнгөө эхнэртээ гэрээслэсэн байжээ. Ер нь дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүд өөрсдийн сүйхээгээр бус гэрээслэлийн ачаар баяждаг нь цөөнгүй гэнэ.
URL: