Бусдад дугаараа ашиглуулсан жолоочийн эрхийг хасна
Замын цагдаагийн газраас хуурамч буюу хууль бус улсын дугаар, дугаарын давхардлыг арилгах аян өрнүүлэн ажиллаж эхэлжээ. Энэ талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч, Цагдаагийн дэслэгч Э.Энхболдоос тодрууллаа.
-Хуурамч буюу хууль бус улсын дугаар, дугаарын давхардлыг арилгах аян өрнүүлэн ажиллах байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Замын цагдаагийн газрын Эрүүгийн тасаг мөн Нийслэлийн цагдаагийн газрын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтарч “Хуурамч буюу хууль бус улсын дугаар, дугаарын давхардлыг арилгах” сэдэвт арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Уг ажил эхлээд удаагүй байгаа ч багагүй үp дүнтэй явагдаж байна. Тухайлбал, Замын цагдаагийн газрын замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерт бичигдэж үлдсэн давхардсан дугааруудыг илрүүлэн, давхардлыг арилгаж байгаа.
-Давхардсан дугааруудыг илрүүлээд аль дугаар нь хууль бус гэдгийг яаж мэдэх юм бэ?
-Бид илрүүлсэн дугаарын мэдээлэл, лавлагааг Зам тээврийн яамнаас авдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хоёр дугаарын аль нь албан бүртгэлтэй, аль нь хууль бус дугаар зүүж явааг нь тогтоодог гэсэн үг. Хууль бус буюу Зам тээврийн яаманд бүртгэлгүй дугаарыг хураан авч тухайн жолоочид шинээр дугаар олгоно. Түүнчлэн уг хууль бус дугаарыг хэрхэн авсан зэргийг тодруулан нягтлан шалгаж байгаа.
-Ямар дугаарууд ихэвчлэн давхардаж байгаа вэ?
-Ерөнхийдөө Замын цагдаагийн газрын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс илрүүлсэн давхардуулсан дугаарын зөрчлийг арилгаад явж байна. Энэ хугацаанд ихэвчлэн содон дугааруудын давхардал их байгаа нь ажиглагдсан. Тухайлбал, 1212 УБЦ, 1959 УБӨ, 0101 УНБ, 0101 УНГ, 0101 УБП, 0047 УБР, 0101 УНА, 0101 УББ, 0101 УБО, 0404 УНЗ, 0404 УНК, 0404 УНҮ, 0404 УНЭ, 2222 УБЧ, 2222 УНА, 2222 УНЯ гэх зэрэг дугаарууд шалгагдаж байгаа. Давхардсан дугаарын асуудалтай зэрэгцээд сүүлийн үед дугаарын хязгаарлалттай холбоотойгоор хуурамч дугаарын зөрчил их гарах болсон. Уг асуудалд ч мөн анхаарлаа хандуулан ажиллаж байгаа.
-Дугаарын хязгаарлалттай өдөр бусдын дугаарыг зүүж, замын хөдөлгөөнд оролцсон жолоочид ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Улсын дугаар нь явах эрхгүй жолооч хууль бусаар бусдын тээврийн хэрэгслийн дугаарыг зүүж, замын хөдөлгөөнд оролцох тохиолдол их гарах болсон. Энэ төрлийн зөрчил гаргаж байгаа жолооч нарт Замын цагдаагийн газраас хатуу арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, ийм төрлийн зөрчил гаргасан бол тухайн жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасах болно. Түүнчлэн урьд өмнө нь гарсан эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргүүдтэй тухайн жолоочийг холбогдуулан шалгаж байгаа. Тиймээс бусдын дугаарыг зүүж замын дагдаад баригдахгүй гэсэн ойлголттой, хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар одооноос энэ бодлоосоо салах хэрэгтэй гэж сануулмаар байна.
-Хэрэв тухайн жолооч хууль бусаар бусдын дугаарыг зүүж, замын хөдөлгөөнд оролцож байсан бол ямар хариуцлага хүлээх вэ?
-Хууль бусаар бусдын дугаарыг ашиглаж байгаа этгээдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хоёр жил хүртлэх хугацаагаар хасч байгаа. Түүнчлэн хууль бус улсын дугаарыг нь хураан авч, жинхэнэ эзэмшигчийг нь дуудан тухайн дугаарын талаарх мэдээллийг авч байгаа. Тухайлбал, дугаараа албан ёсоор шилжүүлж өгсөн, хулгайд алдсан, сайн дураараа дугаараа бусдад ашиглуулсан зэргийг нь тодруулж, асуудал бүрт нь тохирсон арга хэмжээ авна. Хэрэв зүүж явсан дугаар нь хулгайд алдагдсан байвал дугаарыг зүүж явсан этгээдийг түр саатуулна. Хууль бус дугаарыг зүүж замын хөдөлгөөнд оролцож байсан этгээдийг хулгайн хэргийн холбогдогчоор шилжүүлэн өгч байгаа. Тиймээс бусдын дугаарыг хууль бусаар авч замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч та бусдын эд, хөрөнгөд халдсан хэмээн хулгайн гэмт хэрэгт холбогдож байна гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Дугаарын эзэмшигч нь өөрөө дугаараа бусдад ашиглуулсан бол тухайн жолоочид хариуцлага тооцох уу?
-Дугаарын жинхэнэ эзэмшигч нь өөрөө бусдад дугаараа ашиглуулсан тохиолдол байдаг. Энэ тохиолдолд мөн л хариуцлага тооцох болно. Тухайлбал, торгуулийн арга хэмжээ авна. Хэрэв шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авах болно.
Ж.Отгонмягмар
URL: