Таван асуулт, Таван хариулт

food safety_lХүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль 2013 оны 03 сарын 01-нээс мөрдөгдөж эхэлнэ.

 

Асуулт 1: Шинэчилсэн хууль өмнөх хуулиас юугаараа ялгаатай вэ?

- Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд хүнсний аюулгүй байдлыг хангах зарчмыг тодорхойлж, хүнсийг бэлтгэх, боловсруулах, үйлдвэрлэх, савлах, шошголох, хадгалах тээвэрлэх, худалдах, түүгээр үйлчлэх, импортлох, экспортлох, хүнсний чанар, эрүүл ахуйн баталгаат байдал, түүнд тавих хяналт, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч, төрийн бус байгууллага, хэрэглэгчийн эрх үүрэг, оролцоог шинэчлэн тодорхойлсон. Хүнсний аюулгүй байдлыг хангахад баримтлах гол зарчим нь хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах ба хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь өөрийн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хариуцна, шаардлага хангахгүй бүтээгдэхүүн нийлүүлсэнээс хэрэглэгчид учирсан хохирлыг бүрэн хариуцахаар тусгагдсан. Хүнсний хангамж, хүртээмжийг дээшлүүлэх, шим тэжээлийг нэмэгдүүлэх, үзүүлэх хөнгөлөлт, эрх бүхий байгууллагуудын чиг үүрэг, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдэд тавигдах шаардлага, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь зохистой дадлуудыг хэрэгжүүлэх бөгөөд түүний хэрэгжилтэд тавих дотоодын болон хөндлөнгийн хяналт, хүлээлгэх хариуцлага, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдах нөхцөл байдал илэрсэн тохиолдолд түүнийг буцаан болон татан авах, тухайн хүнсний бүтээгдэхүүнийг хаанаас авсан, хаашаа өгсөн талаар бүртгэх замаар хүнсний бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох тогтолцоог хэрэгжүүлэх харилцааг зохицуулсан. Хүнсний чанар, аюулгүй байдалд тавих хяналтын хувьд одоогийн мөрдөж байгаа хуулийн зохицуулалтаас ялгагдах  онцлог нь хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаандаа дотоод хяналтын тогтолцоог нэвтрүүлж, түүний үр дүнгээр бүтээгдэхүүнээ баталгаажуулах үүрэг хариуцлагыг шинээр хуульчилж өгсөн.

 

Асуулт 2: Эдгээр зүйл заалтууд нэмэгдсэнээр ямар ач холбогдолтой вэ?

1. Хүнсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо боловсронгуй болж, нийт хүн ам чанар, эрүүл ахуйн баталгаатай хүнсээр жигд, тогтвортой хангагдан, хүн ам зохистой хооллон хүнснээс гаралтай өвчлөлөөс сэргийлэх боломж бий болно.

2. Хүнснийг үйлдвэрлэх, бэлтгэх, боловсруулах, савлах, шошголох, хадгалах, тээвэрлэх, худалдах, тэдгээрээр үйлчлэх, импортлох, экспортлох бүх үе шатанд тавих хяналт боловсронгуй болж, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн хариуцлага өндөрссөнөөр хүнсний аюулгүй байдлын баталгаа хангагдана.

3. Хүнсний аюулгүй байдлын талаарх хэрэглэгчдийн мэдлэг, боловсрол дээшилж, сонголтоо зөв хийх, зохистой хооллох дадал эзэмшин, эрүүл мэндээ эрсдэлд учруулахаас сэргийлж хүнснээс үүдэлтэй өвчлөл буурна.

 

Асуулт 3: Иргэд, аж ахуйн нэгж байгууллага ямар шаардлага хангасан байх вэ?

-       Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх;

Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх, тоног төхөөрөмжийг шинээр суурилуулах ажлыг эрх бүхий байгууллагын хянан баталгаажуулсан зураг төслийн дагуу гүйцэтгэх;

Үйл ажиллагаандаа зохистой дадлыг нэвтрүүлэх;

Боловсруулах болон нийтийн хоолны үйлдвэрлэл эрхлэх тохиолдолд мэргэжлийн, эсхүл мэргэшсэн хүний нөөцтэй байх;

Үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө хуульд заасны дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн байх;

Хуульд заасан бол тусгай зөвшөөрөл авсан байх.

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.1.3-т заасны дагуу баталсан жагсаалтад орсноос бусад пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг хүнсний чиглэлийн үйл ажиллагаандаа хэрэглэхгүй байх

Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нэр, байршил, хаяг, утас, факсын дугаар, цахим хаяг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, иргэний регистрийн дугаар, хүнсний чиглэлийн үйл ажиллагааны төрөл, хэлбэр, дотоод хяналтын журам зэргийг маягтын дагуу мэргэжлийн хяналтын байгууллагад мэдээлж үйл ажиллагаа явуулна. Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн, нярай, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон хоол үйлдвэрлэлийг шинээр  эрхлэхэд мэргэжлийн хяналтын байгууллагад урьдчилсан хяналт шалгалтад хамрагдаж дүгнэот гаргуулсаны дараа үйл ажиллагаа эрхэлнэ. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзвэл тэдгээрийг хүнсний сүлжээнээс буцаан авна. Хоол хүнснээс шалтгаалсан өвчлөл гарсан, тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлага болон аюулгүйн үзүүлэлтийг хангаагүй, буруу шошголсон, хуурамч бүтээгдэхүүн болохыг хяналт шалгалтаар тогтоосон, тухайн импортолсон хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулын талаарх сэрэмжлүүлэг олон улсын мэдээллийн сүлжээгээр мэдээлэгдсэн тохиолдолд хяналтын байгууллагын шийдвэрээр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хүнсний сүлжээнээс татан авна.

 

Асуулт 4: Хүнс экспортлох, импортлогч аж ахуйн нэгжүүдэд ямар шаардлага  тавигдахвэ?

- Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно.

- Экспортлогч улсын үйлдвэртэй шууд, эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай худалдааны гэрээ байгуулсан байх;

- Зохистой дадал, хүнсний чанар, хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн үйлдвэрээс бүтээгдэхүүн импортлох,

- Хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаатай бүтээгдэхүүнийг импортлох

- Стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан зориулалтын агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх, эсхүл энэ шаардлагыг хангасан хуулийн этгээд, байгууллагатай гэрээтэй байх.

- Хуульд заасны дагуу бүртгүүлээгүй, олон улсад хэрэглэдэг таних тэмдэг, тэмдэглэгээгүй баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, бичил биетний цэвэр өсгөврийн хөрөнгө органик болон шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнс, хувиргасан амьд организмаас гаралтай хүнсийг импортлохыг хориглоно.

Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод агуулагдах мэдээлэл монгол, эсхүл англи, орос хэлний аль нэгээр бичигдсэн байна.

Мал, амьтан, ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлогч эхний удаа импортлох тохиолдолд түүний нэр, төрөл, бүс нутаг, улс, үйлдвэрлэгчийн нэрийг ачилт хийхээс 30-аас доошгүй хоногийн өмнө хяналтын байгууллагад урьдчилан мэдэгдэнэ.

Эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй, бүртгүүлээгүй хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийг хориглоно.

 

Асуулт 5: Мэргэжлийн хяналтын байгууллага ямар үүрэгтэй вэ?

Хүнсний сүлжээний үе шат болон үйл ажиллагааны явцад эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийн шалтгааныг тогтоох, таслан зогсоох, нийтэд шуурхай мэдээлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр зөвлөгөө өгөх,

Импортын болон дотоодод үйлдвэрлэсэн хүнс холбогдох техникийн нөхцөл, эрүүл ахуй, ариун цэврийн бусад шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох, эрсдэлд суурилсан тандалтыг зохион байгуулах;

Зохистой дадлыг нэвтрүүлэх болон хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлд хяналт тавих;

Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэлийн нэгдсэн санг бүрдүүлж, зохих өөрчлөлт, хөдөлгөөн хийх, төрийн, төрийн бус байгууллага болон хэрэглэгчид шаардлагатай мэдээ, мэдээлэл өгөх,

Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийг бүртгэх,

Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд урьдчилсан хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах, зэрэг эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийж, эрсдлээс урьдчилан сэргийлэх зөрчлийг арилгах талаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллана.

 

МХЕГ-ын Хүнс, Хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын газар


URL:

Сэтгэгдэл бичих