Дүрмээ мэддэггүй тамирчны балгаар чөлөөтийн охид алтаа алдлаа

1_1362446201 -МАНАЙ ТАМИРЧДАД БЯР, АВХААЛЖ САМБАА БАЙВ Ч МЭДЛЭГ ДУТЛАА-

Манай улсын эмэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож мөн­гөн медалийн эзэд боллоо. Эх орондоо зохиогдсон тус тэмцээнд тэднийг муу барилдсан гэвэл буруу болох биз. Гэхдээ л өөрсдийн буруу­тай үйлдлээсээ болж, дэлхийн цомыг атгаад алдчихлаа. Багийн дүн­гээр аваргыг тодруулах ёстой тус тэм­цээнд манай тамирчид аваргын алтан медалийн төлөө сүүлийн таван жил түрүүлээд байсан урд хөрш БНХАУ-ын бөхчүүдтэй хүчийг үзсэн. Долоон жингийн барилдааны эхний зургаан барилдаанд Монгол, Хятад 3:3-ийн харьцаатай тэнцээд байлаа. Нэг л ялчихвал дэлхийн цомын аварга гэдэг нэр алдрыг багаараа, бүр улсаараа дуудуулах шийдвэрлэх мөч шигшээ багийн тамирчин Б.Одончимэгт ногдсон. Тэрбээр эхний үед БНХАУ-ын тамирчинд оноогоор ялагдсан ч хоёрдугаар үед сайн барилдаж, эсрэг тамирчнаа торгуулснаар нэг оноог авсан юм. Энэ мөчөөс тун удахгүй Хятадын тамирчин Б.Одончимэгийн хөлд орж, улмаар хойно нь гарч нэг оноо авснаар тооны харьцаа 1:1 болж тэнцсэн. Хэрвээ хоёрдугаар үе энэ хэвээрээ дууссан бол манай тамирчин торгуулийн оноотойгоор ялж, гуравдугаар үеийн барилдаан гарах боломжтой байсан. Гэвч Б.Одончимэг чөлөөт бөхийн дүрмээ сайн судлаагүйн гайгаар “ялагдаж байна” гэж бодсон бололтой шийдсэн мэх хийж, түүндээ ороогдон оноо алдаж, багаараа авах ёстой байсан дэлхийн цомоо урд хөршдөө “бэлэглэчихсэн” юм.

Чөлөөт бөхийн дүрэмд тухайн тамирчид 1:1 оноогоор тэнцсэн тохиолдолд сүүлд  оноо авсан тамир­чинд ялалт өгдөг. Мөн онооны чанараар ялалт өгдөг хатуу дүрэмтэй. Б.Одончимэг ч энэхүү дүрмийг санасан биз. Гэвч тэрбээр 1:1 тэнцсэн, тэр дундаа торгуулийн оноотой нь ялалт авдаг гэсэн алтан дүрмээ мартсан нь түүхэнд бичигдэх амжилтаа үгүй болгосон явдал байлаа. Гэхдээ энэ нь манай улсын чөлөөт бөхийн түүхэнд тэр дундаа эмэгтэй чөлөөт бөхийн түүхэнд маш том амжилт байсан. Тэгэхдээ бяр, авхаалж самбаа байгаад тархиа ажлуулахгүй бол амжилтад хүрэхгүй шүү гэдгийг энэхүү тэмцээн тодоос тод харуулав.

Тус тэмцээнийг “Монгол” телевизээр шууд дамжуулсан. Энэ ч утгаараа чөлөөт бөхийн мэдлэг, тэр ч байтугай өөрөө барил­даж явсан туршлагатай нэгэн тайл-бар­лан хүргэсэн. Тэрбээр Б.Одон­чимэгийн барилдааныг тайлбар­лаж байхдаа “Манай бөх­чүүд чөлөөт бөхийнхөө дүрэм журамд сайтар суралцах хэрэгтэй. Сүүлд шийдсэн мэх хийж яаж байгаа юм бол оо” гэсэн утгатай зүйл ярьж байсан. Иймээс тус тэмцээний талаар ялангуяа Б.Одончимэгийн барил­дааны талаар Монгол Улсын шиг­шээ багийн дасгалжуулагч н.Батбаяраас тодруулсан юм. Тэр­бээр “Тухайн үед Б.Одончимэг тор­гуулийн оноотой ялна гэдгийг мэдэж байсан. Бид ч мэдэж байсан. 1:1-ийн харьцаатай тэнцсэн байхад Хятадын бөх хонгодсон. Энэ мэхийг хамгаалах, мөн эсрэг мэх хийх гэж байгаад оноо алдсан. Ерөнхийдөө чөлөөт бөхөөр хичээллэж буй хүн дүрэм журмаа судлахгүйгээр барилдана гэж байхгүй” хэмээн ярьсан юм.

Үе бүр, барилдаан болгон нь үзэгчдийг өндөлзүүлсэн тус тэмцээнд нэгэн тамирчин онцгой байсан нь Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг юм. Тэрбээр учраа бүрээ илт илүүрхэн ялж байв. Хэрвээ багийн барилдаан биш байсан бол С.Батцэцэг маань дэлхийн цомын аварга болчихсон инээж явах байсан нь дамжиггүй. Гэвч багийн спорт л бол багийнх гэдгийг гавьяатын нулимс батлав. Тэрбээр Б.Одончимэгийг ялагдсаны дараа харууслын нулимс унагаж, түүнийгээ чимээгүйхэн арчиж байсан нь “босоо” байсан түүний хувьд үнэхээр харамсалтай.

Буянт–Ухаа цогцолборт хоёр өдөр үргэлжилсэн тус тэмцээнд өн­гөр­сөн тив, дэлхий, олимпийн наа­дамд амжилттай оролцож, эхний найман байрыг эзэлсэн улс, орнууд урилгаар оролцдог уламжлалтай. Тиймдээ ч уламжлал ёсоор Лондон­гийн олимпод амжилттай оролцсон улс орнуудаас гадна тив, дэлхийн аваргууд энэ тэмцээнд хуран чуулж, хүчийг үзсэн гэхэд болно. Манай тамирчид Канадын багийг 4:3-аар, Энэтхэгийг 5:2-оор, Японы багийг 4:3-аар тус бүр ялж, “А” хэсгээс нэгээр шалгарсан. Ямартай ч хурд хүчээ дайчлан Монголын чөлөөт бөх тэр дундаа эмэгтэйчүүдийн төрөлд дэлхийн цомын аварга болонгоо алдсан шигшээ багийн нийт тамирчиддаа цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.

Ж.БАТТУУЛ


URL:

Сэтгэгдэл бичих