Р.Амаржаргал гишүүнийг ардчилсан намаас хөөх үү

amarjargal-273x300 УИХ-ын гишүүн Р.Амар­жаргал гэж ёстой нэг Ардчилсан намын шүдний өв­чин байна аа. Гэхдээ нэг их намын түвшинд авч үзэхээс илүүтэй Н.Алтанхуяг дар­гын тухайд онцолж үзвэл илүү зохилтой байж болох. Ямартай ч тэр­бээр шинэч­лэлийн Засгийн газар бай­гуу­лагдсан цагаас хойш цаг ямагт Ардчилсан нам дахь Ардын намын гишүүн мэт аашилсаар ирсэн. Аль болохгүй, бүтэхгүй бүх­нийг нь тоочиж, алдааных нь тэмдэглэлийг олон ний­тэд дэлгэж буй. Гол нь өнөөдөртөө түүнээс өөр хэн ч буюу Ардчилсан намын нэг ч гишүүн ийн намынхаа эсрэг ийм хорлонтой шүүмжлэл өрнүүлэхгүй байгаа. Зөвхөн Р.Амаржаргал. Иймээс ч түүнийг эсэргүүцэгчид Ардчил­сан намд цөөнгүй бий болох болсон гэнэ.

“Энэ хүн аль намын гишүүн бэ” гэх маягаар тэд асуудалд хандаж байгаа юм байх. Улмаар гүйцэтгэх засаглалд сайдын сэнтийд заларсан нам нэгтнүүдийнх нь хувьд ч тэр адилхан. “Арай л дэндээд байна” гэх үгсийг ар хударгаар нь хэлэлцэж, Р.Амаржаргал гишүүний ая эвийг олчих санаатай үзэж буй ч гэх. Гэхдээ энэ бүхэнд учир шалтгаан бий гэдэг нь дамжиггүй. Нэг ёсны Ардчилсан нам дахь Ардын намын гишүүнээр ажиллахад шүү дээ.

Наад зах нь, өөрийн хүссэн яамаа тэргүүлж, эдийн засгийн бод­лого зангидаж ажиллах хүсэлтийг нь Н.Алтанхуяг дарга тухайн үедээ хүлээж аваагүй нь туйлын үнэн. Мөн УИХ-ын даргын суудал руу мацах хүсэл сонирхол ч хувь улстөрчид нь байгаагүй биш байсан. Өөрөө ч үүнийгээ нэг биш удаа “Ерөнхий сайд байсан хүн карьераа түүнээсээ дордуулахгүй шүү” гэх үгээрээ нотолж байлаа. Гэвч намынх нь нөхөд түүний эл хүсэлтийг хүлээж аваагүйн дээр Батлан хамгаалахын сайд гэх салбарын яам тэргүүлэх санал тавьснаар гэдэнг нь хөдөлгөчих шиг болсон. Ёстой л “Уурлахаараа…” гээд гүрийчихсэн гэвэл үнэнд ойртоно байх. Тиймээс ч тэрбээр өдгөө Ардын намаас ч илүүтэй сөрөг хүчний үүргийг ардчилсан парламентад гүй­цэтгэж суугаа нь энэ.

Ингэхдээ хамгийн түрүүнд гэхэд “Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг баталсан. Тэрхүү хууль нь төгс төгөлдөр болсон ч гэлээ сөрөг хүчний оролцоогүй баталсан. Тиймээс Ерөнхийлөгчийн сон­гуу­лийн легитимность чанарыг үгүй хийсэн хууль болсон. Учир нь “АН хуулийг өөрсдийн эрх ашигт төдийгүй Ц.Элбэгдоржийн эрх ашигт нийцүүлэн баталлаа” хэмээн шүүмжлэх хүмүүс зөндөө гарч ирнэ. АН энэхүү үйлдлээрээ Ц.Элбэгдоржид тус биш ус л болж байна” хэмээн “ялласан”. Түүний энэ үг үнэний ортой ч Засгийн газар нь туйлын хэврэг, дотоод, гадаадад хүчин зүйлээрээ шахалтад орчихсон үед намынх нь гишүүн ингэж шүүмжилнэ гэдэг тийм ч амар даваа биш. Улмаар “Байнгын хорооны тоог нэмэгдүүлж нэг гишүүн гурван байнгын хооронд харьяалагдахаар болгосон нь ёстой “жонхуу” гэгч болов. УИХ-ын нэрийн өмнөөс дөрөвхөн гишүүн шийдвэр гаргадаг болчихож. Энэ бол арай хэтэрсэн зүйл”, “Сүүлдээ УИХ, Засгийн газар хоорондын харилцааны асуудал учир нь олдох оо болив. Үндсэн хуулийн хоёр гол субьект болох УИХ, Засгийн газар хоорондын харилцаа хууль номын дагуу явах ёстой атал “найзан дундаа”, “нам дундаа”, “хэтэвч дундаа” орж эх зах нь олдохгүй байна”, “УИХ-д анх удаа орж ирсэн хүнийг намын бүлгийн удирдлагад тавьж болдоггүй юм байна. Парламентад сууж байсан туршлагатай хүнийг сонгох учиртай юм байна. Мөн байнгын хороодын удирдлагыг улс төрийн хариуцлага хүлээх субьектид даалгах ёстойгоо мартсан байна. Өмнөх парламентуудын туршлага ч ийм байсан. 2016 онд АН, МАН-аас л сонгогчид хариуцлага нэхнэ” гэх мэтээр түүний шүүмжлэл явж өгнө.

Түүгээр ч зогсохгүй Ардын намын удаа дараа сануулаад ч үр дүнд хүрч чадаагүй зарим нэгэн шүүмжлэлийг тэрбээр дахин дав­тан сануулахаа мартаагүй юм. Тухайлбал “2013 оны төс­вийг хэлэлцэн батлах гэж бас л “гурилдсан” зүйл хийсэн. Жи­шээ нь Засгийн газар нь юунд зарцуулах гэж буй нь мэдэгдэхгүй, задаргаагүй 50 тэрбум төгрөг УИХ-аар батлуулах гэж улаан цайм зүтгэж байж батлуулсан. Уг нь УИХ төсвийн төгрөг тутамд маш чанд хяналт тавьж байх учиртай. Энэ эрх үүргээ Засгийн газартаа “найзархан намчирхан шилжүүлдэг” УИХ байж таарахгүй”, “гадуур хөрөнгө мөнгө эргэлдэж эхэлсэн нь санаа зовоож эхэллээ. Засгийн газраас “тогтворжуулах, бэхжүүлэх, хөг­жүүлэх, бондын, хөгжлийн банкны” гм халхавч ашиглан УИХ-ын ямар ч хяналтгүй мөнгө эргүүлэх болов. Үүнийг УИХ тоохгүй яваад байвал маш том гэмт хэрэг үүсч магадгүй”,   “Мөн УИХ-ын гишүүн хэрнээ УИХ-аа төвөгшөөн, үл тоомсорлох хандлага сайд нарт ажиглагдаж байна. Засгийн газрын гишүүн яам аппаратаа удирдахдаа УИХ-д хүндэтгэлтэй хандаж, түүний үүрэг даалгаврыг цаг тухайд нь ягштал гүйцэтгэх үлгэрлэлийг бусдад биечлэн харуулах ёстой юм. Ийм хэмжээний шаардлага Засгийн газрын гишүүдэд тавих чадвар УИХ-ын удирдлага, намын бүлэгт байх ёстой” гэх мэт шүүмжлэл нь дээрх дүгнэлтийн баталгаа болно.

Гол нь энэ бүхэн  түүний хувь хүний удаан тайлагддаггүй гомдлын илэрхийлэл үү, аль эсвэл жинхэнэ утгаараа шударга улстөрчийн зан­гараг уу гэдэг нь өнөөдөр болтол тайлагдахгүй байгаа нь сонин. Хэдийгээр шүүмжлэл нь үнэн, шүүмжлүүлэгчид нь алдаатай нь баттай ч гэсэн асуудалд өөр учир шалтгаан байхыг үгүйсгэх аргагүй. Нийтлэлийн эхэнд онцолсончлон хүсэл сонирхлыг нь хүндэтгэж үзээгүйд эх үндэс нь оршиж байж болох. Тэгээд ч түүнд Ардчилсан намд гомдох шалтгаан үүгээр дуусахгүй.

УИХ-ын 2004 оны сонгуульд түүнийг бие дааж нэр дэвших шийдвэр гаргасан даруйд нь Ардчилсан нам үг дуугүй гишүүнчлэлээсээ хасч байсан удаатай. Өөрөө үүнийгээ “Би чинь хөөгдөж байсан хүн” хэмээн тодорхойлдог. Улмаар бие даан өрсөлдөж, ялалт байгуулаад гараад ирсэн даруйд нь Ардчилсан намын батлахыг нь ахин гардуулж, намынхаа дэд даргаар сонгож байв. Элгийн гэмээр энэхүү эргэж буцсан шийдвэрийн ард Р.Амаржаргал гишүүн Ардчилсан намын нэг удаа номхруулж чад­сан ч ахин сөхрүүлсэн нь үгүй. Парламент дахь ганц суудлыг нь намдаа шилжүүлэхийн тулд өгсөн дэд даргын албан тушаал нь ч мөнх байгаагүй. Тэр хэрээр МҮДН фракцийнхан нь ч зайгаа барьж, өдгөө тэрбээр өөрөө өөртөө ганц хүний улс төрөөр дангааршиж буй гэвэл худлаа болохгүй. Үндсэндээ дээрх шүүмжлэл хийгээд эсрэг байр суурийнх нь эх үндэс ч энэ. Гэхдээ түүний үгэнд үнэн нуугдаж буй. Тийм ч учраас Р.Амаржаргал гэдэг хувь улстөрчийн үг олонд үнэтэй байгаа. Харин тэр хэрээр үнэн үгэнд нь дургүйлэхсэн Ардчилсан намын зарим нэгэн гишүүдээс “Ахиад хөөчихье” гэдэг үг гарахгүй гэх үндэсгүй юм. Нэг хөөж болсон юм чинь хоёрдахь удаагаа яагаад болохгүй гэж. “Намын эсрэг ажилласан” гэдэг суртал ухуулгын заалтыг дүрэмдээ оруулчихсан байхад л асуудал шийдэгдэнэ шүү дээ. Ийм заалт тус намын дүрэмд өнөөдөртөө байхгүй ч ирэх өдрүүдэд хийх дүрмийн шинэчлэлд нь нэг хэсэг нь болж орохыг үгүйсгэх аргагүй юм. Р.Амаржаргал тэргүүтэнд зориулаад шүү дээ. Нөгөө Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатарыг Өвөрхангайн Ардчилсан намаас “Намын эсрэг худлаа мэдээлэл тараасан” гэдэг үндэслэлээр хөөсөн шиг…

Г.ОТГОНЖАРГАЛ

Улс төрийн тойм


URL:

Сэтгэгдэл бичих