Гутгаар ерөнхийлөл буюу урт шар айдас
Тэр бол хамгийн хор шартай нь. Энэ чанарыг нэг хэсэг нь бууж өгдөггүй, тэмцэгч гэдэг талаас нь тайлбарладаг бол нөгөө хэсэг нь хонзогногч, шунал хүсэл ихтэй хэмээн тайлах нь бий. Ямартай ч Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр бол бусад гурвыгаа бодвол хамгийн муу нэртэй нь. Бас хамгийн сайн ч нэртэй нь. “Үндэсний удирдагч”, “Number one” энэ тэр гэх хамаг л том цол гуншинг тэр эзэмшдэг. Түүнээс их олон хүн, хэсэг бүлэг, тэр байтугай бүхэл бүтэн улс төрийн нам хүчин айцгаадаг. Н.Багабанди, Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж, С.Баяр, М.Энхболд, У.Хүрэлсүх гээд түүнээс айдаггүй улс төрийн кадр нэгээхэн ч үгүй. Н.Энхбаяр хүчтэй учраас түүнийг дарж авах захиалгыг тэд нэг нэгнээсээ залгамжлан авч, чармайн гүйцэлдүүлж буй гэх яриа бол санамсаргүй үүдээгүй. Энд ярьж буй хүчний тухай яриа бол Н.Энхбаяр гэж ганц хүнд л хэрэглэж болох онцгойлсон нэр томъёо гээд хэлчихвэл нэг их буруудахгүй. Түүнд ямар хэлбэр дүрстэй, ямар гээчийн хүч байдгийг үнэндээ хэлж ч мэдэхгүй юм. Хүч гэдгийг хичнээн ч олон янзаар тайлж уншиж, ойлгож, хэлмэрчилж болно. Хүчтэй гэдэгт сул доройн хамгийн тод илэрхийлэл болох заль мэх ч нуугдах нь бий. Заль мэх, арга бааш ихтэй нэгэн хүчтэй болж харагдах тохиолдол ч байдаг. Ямартай ч аль нэг илүү булчин шөрмөсний тухай, эсвэл ялгарчихсан бяр тэнхээний тухай энд яриагүйг үүгээр тодотгов.
Н.Энхбаяр “Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй” гэж өөрөө бичсэн. Магадгүй л юм. Учир нь МАН-аас өрх тусгаарлаад удаагүй МАХН гэх улс төрийн хүчин нь түүний “эзгүй”-д явагдсан сонгуулиар эрх баригч хоёр хүчнээс цөөнгүй суудал булааж авч чадсан нь нэгийг хэлнэ. Гэвч нөгөө өнцгөөс эрх мэдлийн хүч ч гэж харж ойлгож болно. Юу гэвэл, нэг л зүйлийг бат хэлж чадахаар байгаа нь Н.Энхбаяр гэж бие хүнийг эрх мэдэлтэй байлгахаас маш олон хүн айн эмээж, түгшин сэрэмжилдгийг л мэднэ. Түүнээс айж буй улс төрийн эрх мэдэлтнүүдийн дундах айдас бол бодит зүйл. Бүхнээс түрүүнд энэхүү айдас Н.Багабанди төрийн тэргүүн байхдаа “Урт шар дээлтээс болгоомжил” гэж мэдэгдсэнээр ил болж эхэлсэн гэж үздэг. Н.Багабанди өөрийн нь хамгийн том өрсөлдөгч гэдгийг тухайн үед соргогоор олж харсан нь тэр болов уу. Хэдийгээр Н.Энхбаяр Н.Багабандийн залгамжлагч хэлбэрээр тодрон гарч ирсэн боловч цаад утгаараа түүнээс улс төрийн эрх мэдэл, нэр хүнд, хүрээллийг нь булаан авсан юм. Харин Н.Багабанди тэр бүхнээ алдахгүйн тулд тийн айдсаа ил цагаан зарлаж, Н.Энхбаярын хүчийг хэрэндээ дарахыг хүсэмжилж байсан хэрэг. Нам дотроо тэрбээр олон өрсөлдөгчтэй байсан нь мэдээж бөгөөд тэдгээр нь цөм түүнээс айн жийрхэж байлаа. Улмаар энэ өрсөлдөөн, энэ айдас намаас нь халин гарчээ. Зөвхөн түүний хүчийг намнахын төлөө дайснууд хоорондоо эвсэж, зөвхөн энэ зорилгын төлөө улс төрийн хүчин, иргэний хөдөлгөөнүүд төрөн бий болж байсан гэхээр түүнээс айх улс төрийн айдас асар өргөн фронтыг хамарсан гэсэн үг. Энэ бүхний тэргүүн эгнээнд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан нь хэн бүхний мэдэх түүх билээ.
Соёлын сайд, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албан тушаалыг алгасалгүй хашсан түүн шиг улстөрч одоогоор үгүй. Үнэхээр ч түүний замнал улс төрөөр оролддог хэн бүхний цээжинд “шар ус” хуруулахаар түгшүүрийг тээж ирсэн нь түүхэн үнэн. Н.Энхбаяр эрх мэдэл бүхнээ айдсын хүчин зүйл болгон ашиглаж чаддаг байлаа. Санацгаая л даа. Монгол Улсад 1997-2000 онд хэдийгээр АН засгийн эрхийг барьж байсан ч сөрөг хүчин л бүхнийг шийддэг байсан. Сөрөг хүчний толгойд сууж байсан хүн нь Н.Энхбаяр. Тэгвэл 2000-2004 онд Ерөнхий сайд нь хамгийн том хүн байв. Тэр Ерөнхий сайд нь мөнөөх Н.Энхбаяр. Улмаар 2004-2005 онд хаанаас нь ч харсан парламентын засаглалтай, Их хурлын дарга л бүгдийг шийддэг улс болсон. Тэр дарга нь мөн л Н.Энхбаяр. Удсангүй 2005 оноос Ерөнхийлөгчгүйгээр шийдэгдэх нэг ч юмгүй болон хувирлаа. Энэ Ерөнхийлөгч бол мань Н.Энхбаяр байв аа.
Энэ хэрээр энгийн л нэг албан тушаалтныг тойрдог хэл ам, хов жив, хэрэг төвөг түүн дээр хэд дахин нэмэгдэхүүн болж буух нь гарцаагүй. Түүнийг муутгая гэвэл мундахгүй олон хар цагаан, бор шар баримт сэлтийг гаргаж ирээд хэдэн хэвлэлийн хуудас дамнуулан муулж болно. Зөвхөн түүнийг л муулахын төлөө бүхэл бүтэн аппарат ажиллаж байлаа. Эсрэгээр нь гишгэсэн мөрөнд нь тоос буулгалгүй магтаж ч болно. Түүнийг магтан мандуулахын төлөө бас л том мотор нүргэлж байв. Гэвч тэрхүү мотор нь хүртэл түүний эсрэг нүргэлж эхлэх юм гэж мань хүн төсөөлөө ч үгүй биз ээ. Энд МАН буюу түүний хамтран зүтгэгчдийн тухай зориуд оноон хэлж буй юм. Түүний улмаас тэрбээр өдгөө нөгөө гурван Ерөнхийлөгчөө бодвол хамгийн азгүй хувь зохиолыг намтарлаж байна.
Одоо бол тэр хамгийн хүчгүй нь. Бусад гурвыгаа бодвол түүнд ямар ч албан тушаал, эрх мэдэл байхгүй, харин ч бүхий л эрхээ хязгаарлуулчихаад сууж буй “сул дорой” нэгэн. Н.Энхбаяр албан тушаалаа ашигласан зүйл ангиар зэм хүлээж, ял эдлэхээр болсон билээ. Түүнийг ял зэмд унагасан хэргийг улс төрийн зохиомол хэрэг гэж үзэх хүн олон. Хэний зохиол вэ гэдгийн хариултад одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр цохогдон нэрлэгддэг. Энэ нь магадгүй нөгөө айдсаас үүдэлтэй байж мэдэх. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Ц.Элбэгдорж нэр дэвших нь ойлгомжтой бол МАН-аас нэр дэвшээд ялалт байгуулчихаар лидер одоогоор харагдахгүй байгаа. Тиймээс АН гол өрсөлдөгч болох МАН-аас болгоомжлохоос илүүтэй МАХН-аас жийрхэж байна. Учир нь түүнд гол аюулыг МАХН-ын лидер Н.Энхбаяр тарина гэж тооцоолсноос үүдэлтэйгээр түүнийг улс төрийн тавцангаас буулгаж хаях нь төдийгөөс өдий хүртэлх улс төрийнх нь зорилгын нэг байсан гэдэг. Ингээд АТГ, прокурор, шүүхийг гартаа атгасан даруйдаа гол ангаа болгосон нь амжилт олж, ямартай ч Н.Энхбаяр өдгөө Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүйгээр хугацаа заалган төмөр торны цаана суусан. Давж заалдах шатанд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын зарим хэргийг цагаатгасан нэр зүүсэн ч Ерөнхийлөгчийн сонгуулийг хийдүүлэх хугацааны ялыг хэвээр хадгалан үлдээсний цаад учир энэ гэж ч үзэх хүмүүс бий. Хэрвээ Н.Энхбаяр өмнөх хоёр Ерөнхийлөгчийнхөө жишгээр улс төрөөс чимээ шуугиангүйхэн шиг буугаад өгсөн бол Ц.Элбэгдорж түүнд ийн өслөхгүй байсан ч гэж үздэг. Ерөнхийлөгчөөс буусныхаа дараа НҮБ-д ч юмуу, ямар нэгэн олон улсын байгууллагад ажил эрхлээд явах нас, чадал Н.Энхбаярт байсан. Үгүй ядахад л тэрбээр аль нэгэн гадаадын том компанийн ТУЗ-д багтаад, зөвлөх хийгээд явж болох л байсан.
Гэвч тэрбээр Ерөнхийлөгчөөс буумагцаа зүгээр нэг яваад өгчихөж чадаагүй юм. Гэнэт л Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийг нь унагаах луйвар булхайг хамт хийлцсэн гэх С.Баяр, У.Хүрэлсүх нарынхаа эсрэг МАХН гэгчийг байгуулан, улс төрд “цор цор” гээд ороод ирсэн билээ. Ингэж л нөгөө айдас сэрлээ. Үүнтэй зэрэгцэн өнөөх айдсыг хазаарлах ашиг сонирхол хамт сэрлээ. Ясны хор шартай Н.Энхбаяр өдгөө шоронгийн давчуу өрөө, эмнэлгийн төмөр орон дээрээс хүртэл улс төрөө үргэлжлүүлсээр байгаа нь нууц биш. Түүнд амбиц бий. Ашиг сонирхол ч бий. Тиймээс ч түүнийг урт шар айдас гэж нэрлэж болно.
Д.ӨРНӨ
Нийгмийн толь
URL: