Байшинд хургасан сүнсийг мөрдсөн минь (болсон явдал)

3YT025FСүүлийн хоёр, гурван өдөр гэрт нэг сонин үзэгдэлтэй учрав.

Уржигдар даа
Орой гэртээ сууж байтал гэрт хүн исгэрэх шиг болох юм. Гэхдээ шиг ч гэж бүдэг бадаг сонсдоод “шиг” санагдсан ч юм биш. Бүр тод, хажууханд чинь хүн исгэрэх чимээ гарч байгаа юм. Ойрхон исгэрсэн тул гэрт гэж байгаа юм. Гэвч манай гэрт тэгж эсгэрэх хүн байхгүй. Тиймээс салхивчаар тэгж ойрхон сонсогдсон юм болов уу гээд шалгаж үзэхэд хаалттай. Тэгээд ч гадаа гэхэд арай л тод, ер нь л бүр миний сууж байгаа өрөөнд сонсогдох шиг болсон. Ер нь иймэрхүү чимээ уржигдар гэртээ сууж байхад лав хоёроос гурван удаа сонсогдсон. Тэгээд л өнгөрсөн, нэг мэдсэн мартаад унтчихаж.

Тэгээд өчигдөр орой гэртээ нетэд ороод л сууж байтал дахиад л нөгөө хүн исгэрэх чимээ чинь. Дахиад дуугарах нь үү гээд чихээ соотойлгоод зориуд нүдээ өөд нь болгож байгаад хараад хүлээхээр байхгүй. Тэгэхээр нь өөр юм анхаараад суухаар л дахиад уугарна.
Гэрт надаас гадна эхнэр, нэг хүүхдийнхээ хамт байх боловч тэр хоёрт хэлэхээр айгаад түгшчихнэ. Өөр хэнд ч хэлэх билээ. Нетээр бичихээр хүмүүс энэ нөхрийн байшин нь сүнстэй болчихож дээ гээд л бодох боловч яаж л тус болов гэж. Тэгээд ч манай байшинд юм дуугараад байдаг болчихсон юм байх гэж хүмүүс бодох нь хэрэгтэй ч юм уу, үгүй ч юмуу.

Орой уг нь 23 цагаас өмнө унтвал хүн бүрэн амрах боломжтой байдаг тул их чухал гэж номноос уншсан. Тэгээд чадвал учиргүй оройтохгүй унтаж байхсан гэж мөрөөддөг болсон ёсоороо болж өгвөл 23 цагийн хавьд унтахсан гэж бодонгоо “гялс” нет шалгаад сууж байтал дахиад л нөгөө хүн исгэрэх чимээ чинь. Нөгөө хоёр маань ч унтчих шиг боллоо, ашгүй. Элдэв юм сонсоод айчих вий гэх юмгүй санаа амар. Буруу сонсов уу гэхээр байсхийгээд дахиад л исгэрнэ. Гэм нь анхаарал яг сарнисан үед.

Тэгэхээр нь л учрыг нь олмоор санагдах юм. Манай гэрт исгэрэх хүн байхгүй дээ гэж бодсон хирнээ бүх өрөөнүүдээр явж үзэв. Лав манайд бүтэн хүн байхгүй юм чинь гэж бодоод өөрийн унтдаг өрөө болон коридорын хувцасны шүүгээнүүдийн хаалгуудыг шалгаж завсар энэ тэр гарснуудыг нь бүрэн хаав. Хүн гэхээр, чимээ гаргахаар юм нэг л байдаггүй дээ. Байхгүй л байх ёстой нь ойлгомжтой л юм чинь, уг нь. Тэгсэн хирнээ ар дагзны үс босох шиг болоод л байсан. Тийнхүү нөгөө чимээгээ алдаг оног сонсоод учрыг олмоор санагдаж чагнасхийгээд сууж байтал бараг шөнийн 2 цаг болчихож.
Багад хаваржаа, намаржаа болон айл байж байгаад нүүсэн буудал, эсвэл хясаа, хадан цохионы өврөөр ч юм уу, ёроол хавиар харуй бүрийгээр ганцаараа морьтой явж байхад эвгүй оргидог байсан мэдрэмжүүд санаанд орж байна. Сармагчин байсан зөн нь сэрдэг ч юм уу, яадаг юм, ар нуруунд үс байгаад тэр нь босоод байгаа ч юм шиг. Харуй бүрийгээр нэг тийм энгэр бэл, бүртгэнэсэн мод сөөг, хад асгатай газраар явж байхад заримдаа нөгөө муу шар шувуу дуугараад эвгүй оргиулчихна. Тэгээд л тэрнээс болоод энд тэнд юм сүүтэгнээд хөдлөх ч шиг. Сэрчигнэх ч шиг. Хэдийгээр буг чөтгөр болон бурханы аль нь ч байхгүй гэж итгэдэг болсон хэдий ч мэдээ орсон цагаасаа л буг чөтгөр, сүнс сүлдний түүх сонсож өссөн болохоор бас л эвгүй оргино.
Тэгэхэд нэгэнт л айх юм лав байхгүй гэдэгт үндсэндээ итгэдэг байсан болохоор энд ч бас аймаар юм юу ч байхгүй гэдгийг өөртөө батлахын тулд тэр айдас төрүүлээд байгаа газар руугаа жаахан дөхөөд явж үздэг байж билээ. Бүр эвгүй оргиод байвал. Тэрэн шиг нөгөө гал тогооны хажууд байдаг харанхуй өрөөний үүд хавийг ч сайн нэгжин харж юу ч олоогүй тул коридорт хийсэн давхар хаалга нь түгжээтэй байдгаас тэр бүр түгжээд байдаггүй тэгсгээд орхичихдог гэрийнхээ давхар хаалгыг сайн татаад гүйдэг түгжээг нь түгжчихлээ. Хүнтэй төстэй юм ер нь энд тэнд алга л шиг. Байхгүй гэж ч мэдээд л байгаа л даа, уг нь. Тэгсэн хирнээ л юутай ч бүх хаалга, салхивч, шүүгээнүүдийн хаалга, нүднүүд гээд бүх нүх сүвнүүд бүрэн хаалтайд итгэлтэй болж авлаа.

Тэгээд одоо яалтай билээ, учрыг нь олж чадахгүй юм чинь унтахаар хэвтлээ дээ.

Гэвч нөгөө чимээ чинь дахиад л гарч байна. Юутай ч хөнжлөө сайн хуччихлаа. Үүгээр түүгээр нь, ялангуяа ар нуруу хавийг нь сайн хуччихлаа. Завсартай бол бас эвгүй оргино :)

Тэгээд л нөгөө чимээгээ чагнаж байтал дахиад дуугарлаа. Арай холхон. Гэнэт санагдаж байна аа. Ерөөсөө цаг хараад үзье, ямар интервалтай дуугардаг юм бол гэж. Учир нь анхаарлаа төвлөрүүлж байгаад яг хаахна яг юу дуугараад байгааг мэдэх санаа төрөх ч хүлээхээр л алга болчоод яг анхаарал сарнихаар л исгэрээд байдаг байлаа. Цаг хартал шөнийн 2,11 болж бна. Тэгээд байж байтал дахиад дуугарлаа. Цаг хартал 2,21 . . . 2,31 . . . өөрөөр хэлбэл яах аргагүй 10 минутын интервалтай дуугарч байна. Одоо бол. Тэгээд энэ хүүхдийн элдэв багаж хэрэгсэл дотор ингэж хүн шиг дуугардаг нэг юм байдаг юм болов уу гэсэн шиг юм бодогдоод хэвтэж байтал арай гэж нэг юм унтчихаж.

Өглөө эртхэн босоод эхнэрийн хамт сууж байтал нөгөө чимээ чинь гарч байна аа. Тэгээд эхнэрийг анзаарсан болов уу яасан бол гээд сэмхэн хартал өөдөөс хэлж байна: Энэ одоо яагаад, юу нь ингэж дуугараад байдаг юм бол гэж . . . Эхнэр ч бас сонссон юм байна гэж бодсоноо нөгөө айчих байх гээд нуугаад байснаа мартаад, хуваалцах ханьтай болсондоо урамшсан ч юм уу “харин тийм” гэтэл “чи мэдсэн юм уу, хүүхдэд мессеж ирэхээр иймэрхүү дуу бас гараад байдаг юм билээ” гэнэ ээ. Хэ хэ. Тэгээд нэгэнт хэргийн эзэн нь хүүхдийн утас юм байна гэж мэдсэн тул хүүхэд босохоор нь асуутал харин би өөрөө учрыг нь олохгүй тэгж дуугараад байгаа юм гэнэ. Орой нь дахиад асуухад утсаа унтраагаад асаасан чинь зүгээр болоод тэгж дуугарахаа байчихсан байна лей гэж байна. Тэгэхээр ямар ч гэсэн би хий юм сонсоогүй, хүн исгэрэхийг сонссон, тэгэхдээ амьд хүн биш, утасны хүний исгэрээг сонссон нь лавтай болсон.
Ингэж 2 орой чөтгөртэй хөөцөлдлөө дөө :)
Мухар сүсэгтэй хүн байсан бол лав үмхэлцэг нь хагарах дөхсөн байх л даа.
Миний хувьд чөтгөр, шулам бүү хэл бурхан байх ямар ч үндэс байхгүй гэж боддог хүн тул учиргүй айгаагүй ч яах аргагүй гэрт гадны хүн дуугараад байх мөртөө өөрөө харагдахгүй байх чинь нэг их таатай биш мэдрэмж төрүүлэх юм гээч, хөөе :)

Хоёр орой гэртээ шүглэсэн сүнстэй хөөцөлдөж тав тухаа алдсан,
Б. Жамц
2013-02-18
monlist@gmail.com


URL:

Сэтгэгдэл бичих