Тэнэгүүд баяждаг Монгол оронд ухаантнуудын заяа харьжээ

87JHUY89Дэлхийн улс орнуудыг ухаантнууд л аварч бас ухаантнууд л сайн сайхныг бүтээжээ. Баян хүн улс орон хөгжүүлсэн түүх алга. Баян хүн бусад баячуудаасаа илүү болох гэж улам л шунадаг. Баян хүн хамгийн харамч. Хүн мөнгөтэй болохоор дээр нь дахиж нэмэх гээд л улам л донтдог.

 

 

Мэдлэг боловсролтой хүн Монголын нийгэмд олигтойхон амьдарч чадахгүй явна гэдэг улс орон өөдлөхгүйн тавилан. Хөгжих зорилготой орнууд мэдлэг боловсролд үнэ өгч оюунлаг сэхээтэнлэг хүмүүсийн бүтээж хөдөлмөрлөхөд боломж олгодог. Гэтэл Монгол оронд тэнэгүүд баян. Монгол орон тэнэг баячуудаа толгой дээрээ гаргажээ.

 

Америк оронд мэдлэгтэй л бол дэмжигдэнэ. Япон, Өмнөд Солонгос, Сингапур гээд л олон орнууд мөнгөгүй байж байгаад л хөгжсөн гэдэг. Шилдэг хөвгүүдээ мэдлэг боловсролтой болгож чадсан тул хөгжжээ. Алт мөнгөөр баян орон хаа ч хөгжиж хүнлэг амьдрал түгээсэн жишээ алга байх юм. Монгол орон тэнэгүүдээ толгой дээрээ гаргасан хойно сүүлийн 20 жил огцом хөгжсөнгүй. Баялгийн хараал дээр бас тэнэгийн хараал хүрчээ.

 

Өнөөдөр Монгол оронд ухаантанууд хавчигдана. Зөв юм ярьсан хүн хохирно. Мэдлэг түгээсэн хүн гадуурхагдана. Боловсрол шаардвал эсэргүүцнэ. Худлаа диплом, худлаа баян улс орныг мөн ч их баллаж байна даа. Монгол оронд ухаантны заяа харьжээ.

 

Ерөөсөө яагаад Монгол оронд тэнэг хүмүүс баян болоод буйн шалтгаан амархан. Тэдний яаж баян болсон ч ил тод. Төрөөс л төрсөн шүү дээ. Яагаад гэхээр хамгийн түрүүнд ёс суртахуунтай эх оронч хүмүүсийгээ зайлуулж байгаад зэрлэг бүдүүлэг бялдууч ерөөсөө Монгол гэсэн сэтгэлгүй хүмүүс улс орноо цөлмөсөн. Ганц хоёр өндөр байшин барьчихаад түүнийгээ хөгжил гэх үү. Амьдрал сайтай Швейцарийн хотуудад өндөр байшин байна уу?

 

Ажил хөдөлмөрийг үнэлэхээ больж хоосон дүр исгэж нэрийн хуудас гайхуулсан хөнгөхөн түрэмгий зэрлэг бүдүүлэг эрчүүд бас хүүхнүүд яагаад ингэж тэнэгийн хорвоог бүтээж баяны донтолд унаж ухаантан төрөх боломжийг унтраана вэ? Яагаад бүтээсэн бүтээн байгуулалтаа жинхэнэ нурааж үйлдвэр ч үгүй болгов? Яагаад 3 ээлжээр ажилладаг хөдөлмөрчин ангиа хүртэл устгаж өдөржингөө унтдаг хүмүүс болгов? Хэн буруутай вэ? Аав ээжүүд хүүхдүүдтэйгээ уралдаж унтах л сайхан байх шив.

 

Америкийн шинийг санаачлагч Билл Гейтс их сургуульд сурсан мэдлэгээ амьдралд хурдан нэвтрүүлэх гэж яарч сургуулиа орхиж хувийн компан байгуулж мэдлэгээ мөнгө болгосон түүх бий. Билл Гейтс алтны лицензгүй, газрын тосны компангүй түүнд зөвхөн мэдлэг л байсан. Түүний мэдсэн мэдлэг нь өөрөө аяндаа мөнгө болсон. Тэр мэдлэгээр баян тул мөнгөөр баян болсон. Бил Гейтс хэзээнээсээ мэдлэгт утга өгч харин мөнгөнд утга өгөөгүй тул мөнгөнийхөө ихэнхийг бусдад тарааж буян үйлддэг. Бил Гейтс тэнэг баян биш ухаант баян.

 

Баян оронд баян байх мэдээж. Гэтэл дэлхийн хамгийн ядуу орнуудын тоонд багтаж авилгал дээд цэгтээ хүрсэн төрийн тэргүүнүүд нь хамгийн их баяжсан. Монгол оронд баян явах ямар гутамшиг вэ? Баян хүнийг хараад л хүн бүр энэ хаанаас юу идэж ууж баяжсан бол гэдэг бодол шууд орж ирдэг. Мэдээж 90 ээд онд нэг бол хувьчлалаар баяжсан эсвэл тендер авч баяжсан. Ах дүү эгч дүүгээрээ хавсайдаж баяжсан. Хүн баяжих буруу биш зөв баяжсан бол үлгэр дууриалал. Харин буруугаар баяжсан хүмүүс нийгэмд хортой. Тэнэг баячууд бүр ч аюултай. Хүн тэнэглэхээрээ ухаангүй л зүйл хийнэ.

 

Монгол орны газар дэлхий баялгаар дүүрэн. Гэтэл улс орон маань ард иргэд маань ихэнхи нь ажилгүй, мэргэжилгүй, хүрэлцээтэй цалингүй. Ажил хийгээд хийгээд амжилтгүй. Их л бодож шагнал авна. Шагнал амьдралын баталгаа биш. Мөнгөтэй хүний ажил бүтнэ. Мөнгөтэй хүн мэргэжилгүй хүнээс илүү шүтэгдэнэ. Ямар ч Монгол хүн Америк оронд очоод л хэдхэн жилийн дараа хувийн сайхан амьдралаа босгоод ирэх боломжтой. Америкт хар ажил хийдэг Монголчууд эх орондоо амьдарч буй ээж аавдаа мөнгө явуулцгаана. Гэтэл Монголд ажиллааад ажиллаад нэмэргүй. Тэнэгүүдээ толгой дээрээ гаргачихсан хойно аргагүй шүү дээ. Ухаантануудын цаг хэзээ ирэх вэ? Америкийн Линколн шиг эсвэл Сингапурын Ли Куан шиг хүмүүст боломж олгооч.

 

Монголын нийгэмд яагаад дутуугаа заавал мөнгөөр нөхөх боломжтой вэ? Мөнгөтэй л бол докторын цолыг худалдаад л авна. Мөнгөтэй л бол юу ч хийж бүтээхгүйгээр ямар ч албан тушаалд очих боломжтой. Монголын баячууд иргэдийн бүтээсэн нэг үгээр хэлэхэд нийгмийн бүтээсэн баялгийг дур мэдэн авсан хүмүүс. Нийгмийн бүтээснийг авчихаад үргэлжлүүлэн нийгмийн цусыг сорж амьдрах шударга биш. Нийгэмд шударга ёс юугаар алдагдсан бэ гэхээр шударга бишээр баяжсан хүмүүс. Тиймээс иргэд шударга ёсыг үнэлэхээ больсон.

 

Оросын олигархиуд улс орныхоо хамгийн их газрын тосны нөөцийг Америкуудад худалдах гэж байхад нь үндэстнийхээ баялгийг хамгаалж Путин тэднийг баривчилж шоронд хийж хулгайгаар авсан бүхий л төрийн өмчийг буцааж авсан. Хүчтэй ерөнхийлөгчтэй газар мөнгө бас ялагддаг гэдгийг энэ жишээнээс харахад болно. Орос оронд мөнгө ялаагүй харин төр нь ялсан. Ходорковски бусадтай адил шоронд суудаг. Гэтэл Монгол оронд авлигчдын залгалмайлсан эцгээ шоронд хийж чадахгүй эмчлээд л бөөцийлөөд л. Монголын олигархиуд яг л Оросын олигархиудтай адил шүү дээ. Тэд шоронд сууж нүглээ наминчилж буруугаа гэмших тавилантай.

 

Хулгай дээрмийн аргаар хөрөнгөтэй болсон хүмүүсийн жишээ явсаар өнөөдөр шударга бишээр л хөрөнгөжих гэсэн нийгмийн нийтлэг ёс жаяг ноёрхожээ. Цалингаараа амьдар гэж харааж харин улсаа дээрэмд тэгвэл сайхан амьдарна гэж зөвлөлгөө өгцгөөнө. 90 оноос эхлээд авилгалаар баяжсан хүмүүсийг шоронд хийх ёстой төрийн төмөр нүүр яагаад хайлаад эхлэв.

 

Өнөөгийн Монголын бүх олигархиуд шуудаар ч бас шууд бишээр ч төрийн эрх мэдэлд очсон, олигархиуд монголын эдийн засаг санхүүг эзэлсэн. Олигархиудын гар хөл бологчид их хуралд орсон. Тиймээс Монгол орон олигархиуд нэг үгээр хэлэхэд хамгийн том гэмт хэрэгтэнүүдийн гарт баригдаж аалзны торонд орсон. Монгол орон ч Монгол хүн ч юм бүтээж бүтээлч амьдралаар амьдарч ажил хөдөлмөрөөсөө таашаал авч амьдрах ямар ч боломжгүй болжээ. Тэнэгүүд ухаан санаа балартуулж, баячууд зүрх сэтгэл боосон Монгол орон хаашаа явна вэ?

 

Эх сурвалж: www.tsagtur.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих