МИНИЙ “ЧӨТГӨРИЙН ГҮНЖ”

398769_572484399443845_783754888_n_200_200Төрөхдөө л тэргэл саран мэт үзэсгэлэнтэй төрсөн юм даг уу, эсвэл тэргэл сартай өдөр мэндэлсэн юм даг уу? Ёстой чөтгөр л мэдэх Тэргэл хэмээх нэрт найрагч бүсгүй. Яралзсан шүд, тормолзсон нүд, жавхаатай бие цогцос, наалинхай хэрнээ, шөвөг шиг араншинтай миний Чөтгөрийн гүнж.

Томдсон дээл шиг уужуу ч, багадсан зах шиг бачуу орчлонд найрагч болж наждаан эдлэх гэж илгээгдсэн ч юм шиг, сайхны өмнө харц буруугүйн шидийг ханатлаа эдлэх ч гэсэн юм шиг, атаа хорслын шивүүрээр зайгүй шивүүлэх одонд төрөө юү гэлтэй миний ч атааг хөдөлгөж, хөглөдөг миний гэх дотно тодотголтой “Чөтгөрийн гүнж” Тэргэл сар.

Сэтгэл дундуур минь сэмлэн урсах уянгын шүлгүүд нь намайг бишрүүлэн гайхуулдаг, Чөтгөрийн гүнжээс л гарах тийм гэж үгээр хэлэхийн аргагүй ягаахан сарнайн үнэр, будгаар зурахын аргагүй хөлгүй хөх зэргэлээ, илээд байгаа хэрнээ алгадаад авахын лугаа ухаарлын уянга ханхлуулсан шүлгийн мөрүүд намайг сайхан хэрнээ өргөстэй сарнай шиг эмзэглүүлэх нь миний Чөтгөрийн гүнжийн шид гэлтэй.

Хулганайн Тэргэл хэмээх найрагчтай 1995 онд анх танилцаж билээ. Найруулагч болохоор тэмүүлж буй бидэнд найрагч, зохиолчидтой танилцах үнэхээр сонихон. Анх танилцаж байхад ёстой л нүд хужирлаж сэтгэл сэргэмээр сайхан охин, дуугайхан инээмсэглэж суусан нь саяхных ч юм шиг. Тэр үеэс хойш цаг хугацаа нисэн өнгөрч дэргэд минь байж дээлийг минь бүсэлсэн хэн хэний минь ээж алга, дэлхий шилгээсэн мэт ойрын хүмүүс минь тэнгэрийн орноо нисэж, үсэнд минь мөнгөн сор хөгжмийн чавхдас мэт ярайж. Тэгэхэд харин эл найрагч бүсгүйн хувьд цаг хугацаа зогссон мэт яг л тэр янзаараа байх нь “Чөтгөрийн гүнж”-ийн л шид юм байлгүй дээ.

Олон сайхан найрагчтай танилцаж, онгодоо хөглөж, чих баясаж, нүд сэргэж явахдаа дуулсан шүлэг, дуусгасан ном гэвэл тэвэрт битий хэл тэрэгт багтахааргүй олон. Түүний дотроос дахин дахин сөхөх дуртай шүлэг, номын минь нэг яах аргагүй Тэргэл хэмээх энэ бүсгүйн “Чөтгөрийн гүнж”. Галтай найрагч Б.Галсансүх “ чи битгий хуц аа” гэж бурханд хэлж чадсан, харин Тэргэл “Чөтгөрийн гүнж” –ээрээ бахархаж чадсан. Хэн нэг нь үүнийг гарчиглаад “ ёстой л чөтгөрийн гүнж” гэж өөрийгөө яг л хэлж дээ гээд чарлан дэвхэц. Тэгвэл би тэдэнд Галсансүхийн хэлснийг хэлье. Хүн болгонд хүртээгээд байдаггүй рашааны дусал, бурхны хишгээс халбагаар биш шанагаар хүртсэн найрагч бүсгүйн онгод, авъяас, гоо үзэсгэлэн түүнд цогцолсон нь хувь тавилан.

Он жил улиран одсон ч онгод авъяас нь гундсангүй, туулж өнгөрүүлсэн зовлон бэрхшээлийн дардас түүний амьдралд мөрөө ч үлдээж чадалгүй хийсэн одож. Сөхрөөд уначихмаар гашуун амтат атаархлын худагт унаж тусаж хүнээ байсангүй, хун шувуу шиг нисээд явчихсан нь “Чөтгөрийн гүнж”-ийн шид юм байлгүй дээ.

Сайхан зүйлс бичмээр санагдаад саар мууг орхиё цаашаа. Чөтгөрийн гүнж минийх бас биднийх.

Байз байз хүлээ уншигч авгай: Чөтгөрийн гүнж ийн шүлэглэж.

 

ШҮҮДЭР ДААСАН ӨВСӨНД

“Зун намрыг зааглан мөнгөн шүүдэр унана

Зулай зулайгаа гишгэлж хүмүүн заяа мэндэлнэ

Зуны урт шөнө цүү хаяж наадна

Дуулим энэ орчлонд тэгээд бие биесээ олно

Шүүдэр унасан өвсөнд нүд гялбан гялбана

Шөнө хоносон саран хөнжил доогуур шургана

Өнгө гэрлийн уянгатай эх сайхан нутагт минь

Үймж шуугиж баясах бяцхан хүүхэд нэмэгдэнэ

Ширэлдээ нь үгүй хөврөх

Дөрвөн цагийн эргэлтэд

Тасраа нь үгүй удам

Нүүдэлчин монголчууд багширна” … Үхэх төрөх үнэний хооронд өчнөөн зай өртөөчлөн тэнэнэ. Өртөө бүр өөрийн гэсэн буудалтай. Чөтгөрийн гүнжийн эхний буудал энэ юм байлгүй дээ.

 

ЭЭЖДЭЭ

“Дэрсний нөмөр бараадсан жаахан болжмор шиг хүүгээ

Дэлхийн сүүдэр дайруулахгүй гэж харуулын цэрэг шиг манасан ижий”… нь буудлаас буудалд өртөөлөх гүнжийн дээлийн хаваасыг сугалж өгсөөн.

 

ОХИН НАС

“Тоостын шороо бүгд

Хацар дээр минь наалдсан ч

Тортог хөө үлдээгүй

Миний охин насаа” … гэж тунхагласан гүнж

 

ХҮҮХЭД НАС МИНЬ БАЯРТАЙ

“Тоодойж богинoдсон дүрэмт хувцас минь

Танхилхан бага насыг минь авч одсон

Урагдаж цоорсон сурагчийн цүнх минь

Улаан туузтай минь хамт алга болсон

Чихэр горьдож айл хэсдэг нас минь

Чимээгүйхэн надаас алга болсон” гэж шивнэсэн.

 

ӨРӨӨСӨН БӨӨР

“Хүйтэн шөнө хөнжил болоогүй дан тэрлэг

Хүнийх болоод намайг анзаараагүй чиний харц

Шүлэг шиг амьдраагүй гучин нас минь

Шүүдрийн ус шиг талаар нэг гэрэлтнэм

Гэрэлтсэн тэр л шүүдрийн дуслуудыг

Гутлынхаа өсгийгөөр яраад өнгөрөв” ….. тэр яг ингэсэн. Тэвчээр тэнгэрлэгийн дээдийг үзүүлж туучаад өнгөрсөн дараагийн буудлыг. Чөтгөрийн гүнжийн шид юм байлгүй дээ

 

ЗАЛУУ ЯВАХАД ЮМ БҮХЭН ӨНГӨЛӨГ

“Залуу явахад юм бүхэн өнгөлөг

Зам дээр хэвтэх мөчир өнгөлөг

Хичнээн үнгэлээ гэвч хүүхний уруул өнгөлөг

Хэрэн тэнүүчлэх дурлал бас өнгөлөг өө” ….. гэж сэвэлзсэн.

 

ЯНАГ

“Сэвхтэй саран шиг өдрүүд ар араасаа цуварч

Цээжинд хоногших чамайгаа мартаж үл чадна…

Янаг хайрын сэтгэл ийм л сайхан гэдгийг

Яагаад өмнө нь та хэлсэнгүйвдээ бурхан минь” … гэж хашгирсан … Чөтгөрийн гүнжийн шид юм байлгүй дээ буудлаас буудалд нь дагах гэхээр миний алхаа гүйцэхгүй нь Чөтгөрийн гүнж, Чөтгөрийн гүнж

 

ЧӨТГӨРИЙН ГҮНЖ

“Урд насандаа би чөтгөрийн гүнж байсан

Урт хумс минь час улаан байсан

Шав шаргал тэнгэрээс улаан бороо асгарахад

Шанагаар хутган хутгаж сархад шиг залгилдаг байсан

Духан дээрээ би ганцхан ногоон нүдтэй ч

Дутуу юмгүй тэдэндээ л сайхан харагддаг байсан

Дуу минь яг л төмөр хуурайдах мэт хахирган ч

Олон чөтгөрүүдийнхээ дунд би ганц дуучин нь байлаа

Цав цагаахан пансан өмсгөл дундаас

Ганц ногоон нүд, час улаан хумс гэрэлтэж

Уйтгартай гунигтай ч бас бардамхан ааштай

Урьд насандаа би чөтгөрийн гүнж байлаа….”

Ай чөтгөрийн гүнж атаархаж байна би түүнд. За яахав дээ нээрээ л Залуу явахад юм бүхэн өнгөлөгдөө гэж бодов. Гэтэл

 

БҮСГҮЙ ЧАМД ИЛГЭЭХ ЗАХИАДАЛ 1

“Уруулаан буд бүсгүй минь

Унжиж дорой бүү яв

Нас бол цаасан дээр бичдэг тоо

Намбархаж бүү сүйд бол

Хүссэнээрээ амьдар бүсгүй минь

Хүлээж цөхөрсөн бол хая

Гоо сайхан яв бүсгүй минь

Гологдож биш шилж амьдар

Гадсан өсгийтэй, ганган шаахай

Гархи, гоёл бүгдээн зүү

Сайхан үнэр биедээн шингээж

Салхи татуулан инээмсэглэж яв

Салах хагацлын дуу бүү аял бүсгүй минь

Сарны гоо гүнж мэт инээмсэглэн амьдар”

 

БҮСГҮЙ ЧАМД ИЛГЭЭХ ЗАХИДАЛ 2

“Намайг уучлаарай гэж хэлж амьдардаг хорвоод

Насан туршдаа өөрийгөө болоод бусдыг уучилж амьдар

Гомдол хорсол, үзэн ядалт бүхнээс зайлсхийж

Гутрал гуниг, шаналал бүхнээс өөрийгөө цэвэрлэж яваарай….

… Жаргал мөнгө л юм шиг санагдаж

Жаргал гэдэг хангалуун амьдрал шиг л бодогдож

Харах нүд чинь сохорсон мэт болохын цагт

Хаалгаан нээж, зүрхээн чагнаж өөрийгөө өөрөөсөө олж аваарай….

… Гоо сайхан яв бүсгүй минь

Гологдож биш шилэгдэж амьдар

Орчлон хорвоо ийм сайхан болохоор

Одноос ч илүү тод гэрэлтэж яв бүсгүй чи” …. гэж намайг ороолгож, хөглөсөн.

Байз байз уншигч авгай Чөтгөрийн гүнж ингэж шүлэглэжээ.

Урьд насандаа тэр чөтгөрийн гүнж байсан юм бол хойд насандаа би чөтгөрийн гүнж болмоор байна. Час улаан, шав шаргал, ногоон, цав цагаанхан пансан өмсгөл …. Чөтгөрийн гүнж надад таалагдаж байна. Сайн хань, сайхан охин, хөөрхөн хүүтэй жаргаж явна даа миний муу найз. Цуутай хүүхэн хуримгүй, сайхан хүүхэн жаргадаггүй гэж худлаа, харин санаа зөв бол заяа зөв гэдэг үнэн шүү.

2013 оны 1 дүгээр сарын 05-ы өдөр. АНУ. Чикаго хот

сэтгүүлч Боржигон Төгөлдөр Доржжанцангийн Уранзул үзэглэвээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих