Зэсийн үнэд найдах хэрэггүйг санууллаа

copperberry-middleЗэсӨнөөдөр Монгол Улс эдийн засгийн их өсөлттэй, ядуу буурайгаас дундаж орлоготой орны тоонд орсон. Үүгээрээ Монгол Улс хандив тусламж хүсдэг гуйдаг биш харин зээлдэг орон болон дэвшсэн юм.

2005 оноос хойш Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн 55 хувиар өссөн бөгөөд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэх үүн 2,3 сая төгрөг болсон. Их хааны удам түүхэнд нэрээ үлдээж чадсан, бас өндөр өсөлттэй эдийн засгийг цаасан дээр буулгаж чадсан. Гэвч энэ нь бодит амьдрал дээр хэрхэн харагдах бол. Нийслэл хотын өнөөгийн байдал болоод орон нутгийн хөгжил тодорхой хариулт нь болох биз.

Улаанбаатарт нийт иргэдийн талаас илүү амьдардаг, харин тэдний тэн хагасаас илүү нь гэр хороололд амь зуудаг. Хамгийн хямд өртөгтэй учраас тэр шүү дээ. Монголчуудын дийлэнх нь 500-600 мянга буюу Африкийн ядуу буурай улсуудын иргэдийнхээс нэг их ялгарахааргүй хэмжээний цалин авдаг. Энэ онд манай улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ гэж байна. Гэхдээ яаж гэсэн асуулт бас л хариултгүй үлдэж байна. 2008 оны хямрал энэ дундаас хамгийн их хөдөлгөөнтэй эдийн засгийг Монголд бий болгосон. АНУ-ын хөрөнгө оруулалтын томоохон банк болох “Lehman brothers” дампуурлаа зарласнаар дэлхийн эдийн засагт даалуу нурахтай адилаар хямрал ээлж дараалан нөмрөн авсны нэг нь Хятад.

Цагаан хэрмийн эзэд Монголын алт, зэсийн хамгийн том импортлогч учир тэдний халаас нимгэрэхийн хэрээр Монголын төсөв хоосорч байсан билээ. Ямар сайндаа тэр үед зэсийн үнэд найдсан төсөв нь улайхад эдийн засагчид дахин уул уурхайд найдаж болохгүйг сануулж байлаа. Өмнөх Засгийн газрын үед буюу 2010 оны зургадугаар сард Ерөнхий сайд асан С.Батболд “Монгол Улс шилжилтийн үеийг дуусгаж, эдийн засгийн хөгжлийн өндөр түвшинд хүрэх зорилтын дор нийгэм, эдийн засгийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх түүхэн үедээ орж байна” гэж өнгөрсөн оны зургадугаар сард мэдэгдсэн юм. 2008 онд одоогийн УИХ-ыг сонгож байхад талхны үнэ 450 төгрөг байсан бол өнөө- дөр хоёр дахин нэмэгдчихээд байна. Автобусанд 200 төгрөгөөр зорчдог байсан иргэд дахиад 100 төгрөг нэмж, хүүхэд, багачууд мөнгө төлөх хатуу хуультай болчихсон. Бусад улс оронд бяцхан иргэдээсээ ийнхүү татвар төлөөс нэхдэг журам хэр их байдгийг хэлэхэд бэрх. Бага ангийн жаалууд хүртэл нүүрээ улалзуулан нийтийн тээвэрт тасалбар түгээгчид аль муугаараа хэлүүлж явахыг бараг Монголоос өөр газраас олж харахгүй биз.

Азийн гээр 2008 оны есдүгээр сарын байдлаар манай төсвийнхний цалин 70, үйлдвэрлэл долоон хувиар нэмэгдсэн байсан. Яг тэр үед төсвийн зардал Монгол Улсын ДНБ-ийн 40 хувьд хүрч, хувийн хэвшилд орогнох зай үгүй болохын даваан дээр байхад эрх баригчид эх орны хишиг тараах хэрүүлээ л хийж явсан юм. Түүнээс дөрвөн жилийн дараа улстөрчдийн амласан эх орны хишиг увж, цувсаар сар бүрийн 21 мянган төгрөгөөр бодуулан авсан. Иргэд энэ мөнгөө авах гэж хэдэн шөнөөр дараалан зогсч, улстөрчид өглөгийн эзний сэнтийд заларсан өнгөрсөн хугацаанд эдийн засагт бэлэнчлэх сэтгэлгээг суулгах халамж тохирохгүй гэдгийг монголчуудад сануулсан билээ. Гэвч үнэн хэрэгтээ Монголд хаана эдийн засгийн өсөлт гарсан болоод шилжилтийн үеийг давсныг гадаадынхнаас асуувал лав олигтой хариу хэлэхгүй. Уул уурхай гэдэг ганц шалтгааныг дурдах нь мэдээж.

Энэ тухайд 2011 онд МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл “Бид дотроо юу ч гэж маргалдаж болно. Гэхдээ гадна талд Европын холбоо Монгол Улсыг зах зээлийн улс биш гэсэн статустай гэж үздэг юм. Тиймээс Засгийн газарт 40 илүү асуулттай асуулга ирүүлсэн. Түүнийг зөв бөглөөд Ерөнхий сайд Европын холбоонд айлчлах үеэрээ асуудлыг шийдэх байх” хэмээж байв. Гэвч өнөөдрийг болтол энэ талаар манай дотоодод ам нээсэн хүн алга. Чухам Монгол улс дундаж орлоготой улс болон дэвшсэн хэрнээ эдийн засгийн өсөлт нь иргэдийн амьжиргаанд наалддаггүйг засч залруулах хангалттай алхам хийгдээгүй л байна. Түүнчлэн Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн захирал Д.Батжаргал “Монгол Улс үсрэнгүй хөгжлийн гараан дээр байгаа нь үнэн. Гэхдээ шилжилтийн үеийн олон ажил хийгдэж дуусаагүй. Ямар шалгуураар шилжилтийг бид дуусгасан гэж хараад байгаа юм бэ. Зах зээлийн харилцаанд ч орж чадаагүй байна. Төрийн зах зээл дэх оролцоо улам томроод байгаа гаас энэ бүхэн харагдаж байна. Энэ нийгэм ойлгогдохгүй байна. Ажилгүйдэл нэмэгдсээр байгаа нь халамж тарааж, боловсролд анхаараагүйн гор. Ялангуяа, том компаниуд өөрсдөө ажилчдаа бэлтгэдэг болох хэрэгтэй.

Гэвч төр нь тэр бололцоог олгохгүй байна” гэсэн бол нийтлэлч, судлаач Б.Оюунбилэгт “Өнөөгийн тогтолцоо нь буруу байгаа байгаа болохоор яаж ч шилжээд буруу л зүйл рүү явна шүү дээ. Хөгжиж байна гэхээсээ илүү уруудаж байна гэж би өнөөдрийг хараад байна. Төр нь хавтгай халамж тараачихаад, бизнест ороод байдаг. Ийм тогтолцоогоо засч чадаагүй байж бүтээн байгуулалт гэж юу яриад байгааг ойлгохгүй байна. Харин үйлдвэрлэлээ, хувийн хэвшлээ өсгөж чадвал энэ тухай зөв талаас нь харах боломжтой” гэлээ.

Шинэхэн гивлүүрээ бүх дэлхийн өмнө сөхөж буй Монголын өнөөгийн эдийн засгийн талаар эдийн засагчид, судлаачид өөр өөрийн байр суурьтай байна. Харин бодит байдал дээр өнөөгийн Монголын эдийн засгийн дүр төрх хэрхэн өөрчлөгдөж буйг санхүүгийн үзүүлэлтүүд хэлээд өгнө. 2013 оны нэгдүгээр сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын бүтээгдэх үүний нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 25.7 тэрбум төгрөг буюу 16.1 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэхүү өсөлтөд газрын тос, төмрийн хүдэр, алт зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 84.5 хувь болтлоо өссөн нь ихээхэн нөлөөлсөн байна. Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь уул уурхай хэвээр байна.

“Бид зэс, алт, нүүрсээ түүхийгээр нь маш хямд үнээр экспортлосноороо эдийн засгаа түр зуур сэргээж байна. Тиймээс ганц уул уурхай гэлтгүй бусад бүх салбар банк, харилцаа холбоо,санхүү, ялангуяа боловсролын салбар хөгжсөн шиг хөгжөөсэй” хэмээн Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд асан Ц.Гарамжав ярьсан юм. Өнөөдрийн Монгол Улсын эдийн засагт түүний хэлсэнчлэн олон өнгө, олон морь хэрэгтэй байна.

Ж.Цогзолмаа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих